МАХН, МҮАН-аас сонгуульд гурав дахь хүчний эвсэл байгуулан оролцох болон МАХН-ын дарга Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвших эрх зүйн үндэслэл буй талаар өнөөдөр Улс төр мэдээллийн танхимд мэдээлэл хийлээ. Тус хоёр нам өнгөрөгч ням гаригт хуралдаж, сонгуульд эвсэх шийдвэрийг гаргасан бөгөөд гурав дахь хүчний эвсэл мөрийн хөтөлбөрөө “Монголоо аврах 5 хувьсгал” хэмээн томьёолон боловсруулсан байна.
Сүхбаатар дүүргийн шүүхийн дөрөвдүгээр сарын 26-ны шийдвэрээр Н.Энхбаярыг хоёр сар үргэлжлүүлэн хорих шийдвэр гарсан билээ. Хэдийгээр сэжигтнээр татагдан хоригдож байгаа ч хуулийнхаа дагуу сонгуульд нэр дэвших гэнэ.
Тодруулбал, Шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдэгдээгүй буюу ял оноогоогүй байгаа уичр Н.Энхбаяр намаа төлөөлөн УИХ-ын сонгуульд нэр дэвших 28 хүнээ толгойлон оролцоно хэмээн МАХН болон МҮАН-аас мэдэгдлээ.
МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Цог хэвлэлийн бага хурлын үеэр “Сүүлчийн хуралд зөв шийдвэр гаргах болов уу гэсэн ихээхэн найдлага тавьсан байсан ч үргэлжлүүлэн хорихоор боллоо. Бид сонгуульд даргаараа толгойлуулан оролцоно” гэв.
У.БОЛОР