Хотон шувуунууд олноороо үхсэн байжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

Хотон шувуунууд олноороо үхсэн байжээ

Перу улсын Пьюр болон Ламбаеке бүс нутгуудад байдаг  зарим наран шарлагын талбай болон далайн эрэг орчим 500 гаруй үхсэн хотон шувуу олдсон талаар ВВС мэдээлэв.

Зөвхөн хотон биш зарим далайн шувууд ч бас үхсэн олдсон ажээ. Одоо наран шарлагын газар орчмыг шалгаж эхлээд байна. Шинжээчид шувууд яагаад үхсэнийг тодруулж амжаагүй байгаа бөгөөд экологийн тэнцвэрт байдал алдагдсан нь шувууд болон далайн амьтдын амьдралд нөлөөлсөн байх гэж таамаглаж байгаа юм.

Шувууд усанд байхдаа биш эргийн хуурай газарт байх үедээ хэд хоногийн өмнө  үхсэн гэж шинжээчид бичсэн байна. Перу улсын Засаг захиргаа энэ байдлын учрыг хурдан тайлахыг эрдэмтдээс хүссэн юм.

Түүнчлэн Ламбаеке бүсийн наран шарлагын газруудаас энэ оны нэгдүгээр сараас дөрөвдүгээр сарын хооронд 700 гаруй үхсэн дельфин олдсон нь орон нутгийн оршин суугчдын санааг зовоож байгаа билээ. Далайд үхсэн дельфинүүдийг давалгаа эрэгт гарган хаясан байжээ.

Перугийн Байгалийн нөөцийн яамны мэдэгдсэнээр далайн амьтад олноор үхэж байгаа нь ямар нэгэн вирусын өвчлөл байж магадгүй гэжээ. Өнгөрсөн онд далайн амьтад олноор үхсэн тохиолдол АНУ болон Мексикт гарч байсан юм.

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж