ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Зүүн Азид цаасан баримтыг хадгалан хамгаалж, сэргээн засварлах нь” төсөл нь манай улс олон улстай хамтран ажиллахад ахиц дэвшил гарч байгаагийн илрэл болох тухай ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос онцолж байна. Уг төсөл нь Олон улсын шинжээч ноён Антонио Мирабил 2008 онд Монгол Улсад цаасан дээрх баримтат өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын өнөөгийн байдлын талаар судалга, үнэлгээ хийсний үндсэн дээр Зүүн Азийн 5 улс болох – Монгол, БНХАУ, БНАСАУ, БНСУ, Япон зэрэг улсыг хамарсанаар хэрэгжиж эхэлжээ. Төслийн гол зорилго нь эдгээр улс оронд цаас хийж байсан эртний уламжлал, цаасан баримтыг хадгалан хамгаалж ирсэнтэй холбоотой биет бус мэдлэг, ур чадварыг сэргээх түүнчлэн ном судар, гар бичмэл зэрэг цаасан баримтат өвийн дурсгалуудыг үр нөлөөтэй хадгалан хамгаалж, сэргээн засварлах, Зүүн Азийн орнуудын байгууллага, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг нэгтгэн, туршлага солилцох болон энэ чиглэлээр ажилладаг байгууллагуудын уялдаа холбоо ур чадварыг сайжруулахад орших ажээ.
Сүм хийдийн цаасан баримтыг хамгаална
ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс болон “ГЁТЕ” институт хамтран “Сүм хийдүүд дэх цаасан баримтыг хадгалан хамгаалж, сэргээн засварлах нь” сэдэвт онол практикийн сургалтыг тавдугаар сарын 1-12-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Сургалтыг Төв Гандантэгчэнлин хийдэд ЮНЕСКО-ийн олон улсын цаасны мэргэжилтэн Дирк Перлман хийх ажээ. Энэ үеэр Үндэсний номын сан, Архивын Ерөнхий Газар, Соёлын өвийн төв, Хүүхдийн номын ордон, Төв Гандантэгчэнлин хийд зэрэг байгууллагын төлөөлөгчид оролцох гэнэ.
У.БОЛОР