Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Д.Загджав “хэлд оров”. Түүнийг УИХ-ын гишүүн болсноосоо хойш загас мэт болчихсон байсан гэхэд хилсдэхгүй. Тэрбээр Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах ажиллагаанаас хойш Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг ээрэх болсон. Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилж байхад салбарын сайд нь унтаж байсанд УИХ-ын гишүүн Д.Загджавын уур нэлээд хүрсэн бололтой. УИХ-ын найман гишүүнтэй нийлж Ц.Нямдорж сайдыг огцруулахаар улайран зүтгэж байгаа. Өнгөрсөн баасан гарагт болсон Ардын намын бүлгийн хурлын үеэр Д.Загджав Ц.Нямдоржид хандан “Чи л Н.Энхбаярыг бариулсан” гэсэн утга бүхий хатуухан үгс чулуудсан юм байх. Тэрбээр байр сууриндаа үнэнч гэдгээ ийнхүү илэрхийлсэн ч “Ц.Нямдоржийг огцруулах ажиллагаа”-г санаачилсан есөн гишүүний хоёр нь нэрээ татсан байх юм. Саяхан л УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд “Ц.Нямдоржийг огц­руулах асуудлыг хэлэлцэхийг яаравчил” хэмээн үүрэг өгч байсан нөхөд нь түүнээс нүүр буруулж эхэллээ. Учир мэдэх хүмүүс УИХ-ын гишүүн Д.Загджавыг  “Н.Энхбаярт хайртайдаа ингэж аяглаж байгаа юм биш. Н.Энхбаяртай хамт суухгүй гэсэндээ л тэр” гэсэн утга бүхий зүйл ярьж байна. “Ц.Нямдоржийг огцруулах ажиллагаа”-ны санаач­лагчид нэг, нэгээрээ урвасаар байвал Д.Загджав шаардлагаасаа няцах болов уу. Эсвэл улаан хамгаалагчийнхаа үүргийг гүйцэт­гэсэн хэвээр байх болов уу.

Р.САРАНГОО

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж