Нохойд барьдаг мод буюу Б.Хурц, Э.Амарбат хоёр

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

Нохойд барьдаг мод буюу Б.Хурц, Э.Амарбат хоёр

Авлигатай тэмцэх газрынхан ажлаа чадлынхаа хэрээр хийж байна. Маргах юм алга. Ерөнхийлөгч асныг хоёр хөлийг нь гозолзуулаад л гулууз мах шиг дамжлаад явчихсан болохоор ингэж хэлж байгаа юм биш. Тэртэй тэргүй төрийн тэргүүн байсан хүнийг  жирийн нэг халаасны хулгайч шиг чирч гулдраад аваад явж чадсан юм. Бусад нь бол тэдэнд “үдийн будаа” гэсэн үг. АТГ-аас хүмүүс айж эхэллээ. Ингэх ёстой юм, уг нь. Тул, жараахай бүгдийг нь ялгалгүй ингэж барьж, хорьж, шалгах ёстой. Гэвч АТГ-ын дарга, дэд дарга нар нь бус хэлтсийн дарга нь гол үүрэгтэй юм шиг сэтгэгдэл төрүүлэхүйцээр “гүйгээд байх” нь харин хэр оновчтой юм бол оо. Юм юмны урдуур орж гүйгээд байгаа Э.Амарбат тийм ч нэр цэвэр албан тушаалтан биш. Тэр өмнө нь өмгөөлөгч эмэгтэйг хүчиндсэн, найзтайгаа муудалцаж хутгалуулсан, мөрдөн байцаагч байх үедээ хуурамч хэрэг үүсгэн шалгаж бусдыг шантаажилсан зэрэг хэд хэдэн хэрэгт холбогдож арга хэмжээ авхуулж байсан. Харин ийм хүнийг энэ албанд байлгаад, нохойд барьдаг мод шиг хэрэглэж байгаа нь сонин. Манай цагдаа, хүчнийнхэнд нэг муу арга байдаг гэнэ лээ. Тэр нь асуудал ихтэй, хэзээ ч хэргийг нь сөхөхөд бэлэн Э.Амарбат мэтийн хүмүүсийг дээд албанд бэлэгдлийн шинжтэй суулгаад дуулиантай, олон нийтийн анхаарлыг татах хэрэгт дайчлан оролцуулдаг явдал. Түүнээс гадна эрх мэдэлтнүүд өөртэй нь холбогдож магадгүй хэргүүдийг ч мөн тэднээр шалгуулдаг гэх яриа бий. Тухайн хэрэг ямар нэгэн байдлаар илэрч, шаварт унах магадлалтай болоод ирвэл “но”-той шалгагчийг  “юмыг нь хэлнэ” гэж дарамтлаад л хав даруулах жишээтэй. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Цагдаагийн дарга нар хүний эмзэг асуудлыг эхэлж мэдэж аваад, дараа нь түүгээр дарамталдаг” гэж нэгэнтээ хэлсэн нь бий. Энэ яриа ортой гэдгийг баталсан хэрэг.  Энэ бүхний эцэст УИХ Б.Хурцыг АТГ-т томилж, АТГ Б.Хурцыг “шахаж”, Б.Хурц Э.Амарбатыг Н.Энхбаяр руу ноцуулаад байгаа юм биш үү.  Энэ гурвын эхнийх нь олон хүний эрх ашиг, хоёр дахь нь хувийн өс хонзон, гурав дахь нь зүгээр л нохойд барьдаг мод гэсэн үг.

Нөгөөтэйгүүр Б.Хурц яагаад хөшигний ард байгаад байна вэ. Түүнийг Францаас чадварлагаар хүн хулгайлж, хил дамнуулан авчирч чадсан жинхэнэ чекист гэж Англи, Германы шоронд хоригдож байхад нь би бичиж байлаа. Харин одоо хараад байх нь жинхэнэ чекист биш хүний гараар могой бариулахдаа гаршсан, бас өөрөө чадварлаг “мод” юм байна. Ерөнхийлөгч асныг баривчлан саатуулж, Төв аймагт хориход тэрбээр гар бие оролцоогүй ч гэсэн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэх үндэслэл бий.  Б.Хурцаар хүн хулгайлуулж, харийн шоронд багагүй хугацаанд хоригдох “ажлыг” Н.Энхбаяр хийсэн. Тиймдээ ч Н.Энхбаярт өс санаж явдаг биз. Б.Хурц Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын хэлтсийн даргаар ажиллаж байсны хувьд Н.Энхбаяр битгий хэл хүмүүсийн “но”-г мэдэхийн дээдээр мэднэ. Мэддэг болохоор нь энэ албан тушаалд тавьж, амыг нь үдсэн биз. Бас хэзээний өст, заналт дайснуудаа намнуулах зорилгоор түүнийг галын шугамд илгээсэн ч гэдэг.  Б.Хурц Н.Энхбаярыг баривчлан саатуулсан үйл явдлын хаагуур нь яваад байгааг мэдэх юм алга. Тэр албан ёсоор тайлбар ч хийсэнгүй, хэвлэлийнхэнд хаалттай хэвээрээ л байна. Дуугарвал буруутан болчих гээд эмээгээд, эмзэглээд байж болох. Б.Хурц хэрвээ дуугарвал Н.Энхбаяраас хариугаа авч байгаа юм шиг харагдах тул болгоомжилж, далдаас үүрэгдэж суугаа ч юм бил үү. Б.Хурц өмнө нь АТГ-т шалгуулж байсан нэгэн. Харин одоо энэ байгууллагаа удирдаж бусдыг шалгаж байна. Түүнд ямар санагдаж байгаа бол. Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байхдаа гаалийн Х.Баатарын хэргийг илрүүлэлцэж, “Энэ хэрэгт холбогдох цөөнгүй хүн УИХ-ын танхимд сууж байгаа” гэж ярьдаг байсан. Тэр тийм ихийг мэдэж байгаа болохоор Н.Энхбаярын хань хамсаатан болон МАН-ын эсэргүү гишүүдийг шалгаж мэднэ. Ч.Улаан гишүүнийг шалгах эсэх тухай яриа нь ч үүнтэй холбоотой биз. Тэр бас “АТГ-ынхан залхаан цээрлүүлдэг, шантаажилдаг байгууллага болсон байна” гэж өөрөө шалгуулж байх үедээ мэдэгдэж байсан бол одоо тэр өөрөө одоо бусдыг жинхэнэ залхаан цээрлүүлээд байгаа харагдах юм. Н.Энхбаярыг баривчилсан үйл явц, хорьж саатуулж байгаа байдал, хоригдох хугацааг сунгасан зэргээс ингэж харагдаад байна. Түүнийг батлан даалтад гаргаж, гадуур шалгаж болох. Гэвч тэгсэнгүй. МАХН-ын дарга ч суллаад тавьчихвал салхи сөрсөн тэмээ шиг аяглаж магадгүй нөхөр л дөө. Гэхдээ л …

Б.ОЮУНГЭРЭЛ

"УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж