“Дөрвөн төрлийн саналын хуудас ашиглана”

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

“Дөрвөн төрлийн саналын хуудас ашиглана”

“Дөрвөн төрлийн саналын хуудас ашиглана”

Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнг “Ярилцах танхим”-ынхаа зочноор урьж, сонгуулийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа.

-УИХ-ын сонгууль бо­лон нийслэлийн ИТХ-ын сон­гуулийг зургаадугаар са­рын 28-нд зэрэг явуулахаар боллоо. Цаг хуга­цаа нэлээд давчуу байгаа энэ үед бэлт­гэл ажил хэр байна вэ?
-УИХ-ын чуулганы өнгөр­сөн баасан гарагт болсон ху­­рал­даа­наар УИХ-ын сон­гуулийг товлон зарлалаа. УИХ-ын сонгуулийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө тов­лоно гэсэн хуулийн заалт бий. Үүний дагуу Сонгуулийн ерөн­хий хорооноос УИХ-д “Зур­гаадугаар сарын 28-нд УИХ-ын сонгуулийг зохион байгуулах боломжтой” гэсэн саналыг хүргүүлсэн. Энэхүү саналыг УИХ-ын Төрийн бай­гуулалтын байнгын хорооны ху­ралдаанаас дэмжсэн шийд­вэр гаргаж энэ сарын 28-нд товлон зарлалаа. УИХ-ын сон­гуулийг товлон зар­лана гэ­дэг нь сонгуулийн ажил эхэлж байна гэсэн үг. Энэ хү­рээнд Сонгуулийн ерөнхий хорооноос заа­сан хуваарь, ху­гацаатай ажлыг зохион бай­гуулах бэлтгэлээ хангаж эх­лээд байна.

-Тухайлбал, ямар аж­луу­дыг зохион байгуулах гэж байна вэ?
-УИХ-ын сонгуулийг тов­­лон зарласны дараа хам­гийн эхэнд тойргийн хо­роо байгуулдаг. УИХ-ын сонгуулийн санал авах өд­рөөс 55 хоногийн өмнө тойр­гийн хороог байгуулах ёстой. Монгол Улс УИХ-ын сонгуулийг 26 тойрог, 48 ман­дат­тайгаар зохион байгуу­ла­хаар болсон. Дээрх 26 той­рогт байгуулах тойргийн хо­роод сонгуулийн ажлыг гардан зохион байгуулна. Энэ ажлыг энэ долоо хоногт баг­таан дуусгана.  Мөн энэ долоо хоногтоо багтаан Улсын бүртгэлийн ерөнхий газ­раас сонгогчдын нэрсийн жаг­саалтыг аваад тавдугаар сарын 9-өөс өмнө тойргийн хороонд хүргүүлэхээр төлөвлөсөн. Тойр­гийн хорооноос салбар хо­роо байгуулах ёстой. Хууль­даа “Сонгууль болохоос 50-иас доошгүй хоногийн өмнө салбар хороо байгуулна” гэсэн байдаг. Сонгууль болохоос 50-иас доошгүй хоногийн өмнө нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлж, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, тавдугаар сарын 9-өөс өмнө хүсэлтээ илэрхийлсэн байх ёстой.

-Сонгуульд оролцох хүсэлтэй нам, эвсэл ямар шаардлагыг хангасан байх ёстой юм бэ?

-Ямар бичиг баримт бүр­дүү­лэхийг УИХ-ын сонгуулийн тухай хуульд тодорхой заасан байгаа. Тухайлбал, тухайн нам, эвслийг сонгуульд оролцоно гэдгийг нь баталсан нам, эвслийн их хурлын эсвэл их хурлаас нь сонгогдсон төв байгууллагын шийдвэр байх ёстой. Мөн нам, эвслийн дүрмийн хуулбарыг нотариотаар батлуулж, мөрийн хөтөлбөрөө бэлэн болгосон байх, төрийн аудитын байгууллагаар дүгнэлт хийлгэж, аудитын бай­гуул­лагаар хандивынхаа тайланг ба­талгаажуулсан байх шаардлагатай. Үүний дараа материалыг нь хянаж үзээд тав хоногийн дараа тухайн нам, эвслийг бүртгэх эсэхийг шийдэх юм. Ямар, ямар нам сонгуульд оролцохыг шийдсэний дараа буюу санал авахаас 45 хоногийн өмнө хэсгийн хороо байгуулна.

-Өртэй, ял шийтгэл эдэлж бай­сан хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн заалт УИХ-ын сонгуулийн тухай хуульд бий. Үүнийг тодруулахгүй юу. Ту­хайл­бал, өртэй гэдгийг нь шүүхээр тогтоосон байх ёстой юм уу, одоогоор ял эдлээгүй байгаа ч асуудал нь шүүхийн шатанд байгаа хүмүүс нэр дэвших эрхтэй юү?
-Тойргийн хороо, салбар хороо, хэсгийн хороо байгуулсны дараа нэр дэвшигчдийг бүртгэнэ. Үүнийг нэр дэвшүүлэх ажиллагаа гэж байгаа юм. “Нэр дэвшүүлэх ажиллагааг сонгууль товлон зарласнаас 20 хо­ногийн дараа эхэлнэ” гээд хуульд заасан байгаа. Тэгээд долоо хоногийн дотор дуусгана. Үүнийг хуанлийн хугацаагаар аваад үзэхээр тавдугаар сарын 19-25-ны хооронд таарч байгаа юм. Тойрогт нэр дэвшихийг хүссэн буюу 48-д жагсахаар болсон хүмүүс тойргийн хороонд бүртгүүлэх бол намын нэрээр нэр дэвших буюу 28-д жагсах хүмүүс Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлнэ. Намаас нь нэр дэвшигчдээ бүртгүүлдэг журамтай. Нэр дэвшихэд юу шаардлагатай вэ гэвэл тухайн хүнийг нэр дэвшүүлсэн тухай нам, эвслийнх нь шийдвэр байх ёстой. Нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл байна. Хөрөнгө орлогын мэдүүлэг байх ёстой. Шүүхээс тухайн хүнийг банк, иргэн, хуулийн этгээдэд өр төлбөргүй гэдгийг нь баталсан тодорхойлолт байх ёстой. Ял шийтгүүлж байгаагүй болон ял шийтгүүлж байсан ч ялгүй болсон гэдгийг нь тодорхойлсон цаг­даагийн тодорхойлолт байх ёстой.

-Нэр дэвшигчид хэзээнээс кам­панит ажлаа эхлэх боломжтой вэ?
-Нэр дэвшигчид үнэмлэхээ ав­сан цагаас хойш кампанит ажлаа эхлэх боломжтой.

-УИХ-ын сонгууль болон нийс­лэлийн ИТХ-ын сонгуулийг зэрэг зохион байгуулах нь Үндсэн хууль зөрчиж байна гэж зарим хүн үзэж байгаа. Хэрэв уг асуудлаар иргэн Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаад унагачихвал хуучин хуу­лиараа сонгууль явуулах юм биш биз дээ?
-Үндсэн хуулийн Цэц дээр уг асуудал унах уу, үгүй юү гэдэгт Сонгуулийн ерөнхий хорооноос тайл­бар өгөх боломжгүй. Нөгөө­тэй­гүүр, сая баталсан хууль одоо хү­чин төгөлдөр үйлчилж байхад хуучин хуулиараа сонгууль зохион байгуулна гэж хэлж болохгүй.

-Зургаадугаар сарын 28-нд пүрэв гараг тохиож байсан. Сон­гуулийн өдөр бүх нийтээрээ амар­на. Тэгэхээр энэ пүрэв гарагийн ажлын өдрийг шилжүүлэх үү?

-“УИХ-ын сонгууль болох өдөр нийтээрээ амарна” гээд хуульд заачихсан байгаа учир аль нэг долоо хоногийн амралтын өдөрт пүрэв гарагийн ажлын өдрийг шилжүүлнэ гэсэн ойлголт байхгүй.

-Гадаадад байгаа хүмүүс са­налаа яаж өгөх вэ. Саналыг нь ямар журмаар хэзээ авахаар болсон юм бэ?

-Гадаадад байгаа иргэдийн са­на­лыг тухайн улсад нь байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газ­раар дамжуулж авна. Монгол Улс одоогийн байдлаар 40 гаруй улсад дипломат төлөөлөгчийн газартай юм билээ. Эдгээр улсад нийт 100 гаруй мянган Монгол хүн ажиллаж, амьдарч байгаа гэсэн судалгаа бий. Үүнээс сонгуулийн насны 70 гаруй мянган хүн байна гэдэг тооцоог Гадаад харилцааны яамнаас гаргасан. Сонгуулийн ерөнхий хо­роо, Гадаад харилцааны яамнаас хам­тарсан ажлын хэсэг байгуулж га­даадад байгаа монголчуудад са­налаа өгөхөд нь ойлголт өгөх үүд­нээс журам боловсруулсан. Энэ жур­мыг дипломат төлөөлөгчийн газ­руудаар дамжуулан тараахаас гад­на интернэтээр түгээж байгаа. Га­даадад байгаа иргэдийн саналыг зургаадугаар сарын 10-ны өдрийн ням гарагт авахаар тогтоосон.

-Саналын хуудас боловсруулах ажил юу болж байна вэ. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд эх орондоо байгаа иргэдээс ялгаатай саналын хуудас ашиглах уу?
-Санал тоолох ажиллагааг автомат машинаар хийнэ. Одоогийн байдлаар санал тоолох хуудасны загварыг урьдчилсан байдлаар гаргасан байна. Энэ удаагийн сонгуульд ашиглахаар дөрвөн төрлийн саналынг хуудас боловсруулсан. Эдгээр саналын хууд­сын гурвынх нь загвар үндсэндээ ижилхэн. Эхний хэсэгт нь тойрогт нэр дэвшигчдийн нэрс, доод хэсэгт нь намуудын нэрс байрлах юм. Ялгаа нь мандатын тоонд бий. Нэг мандаттай тойргийн саналын хуудас хэрэглэх сонгогчид тойрогт нь нэр дэвшсэн хүмүүсээс нэг л хүнийг сонгох замаар хоёр, гурван мандаттай тойргийн саналын хуудас хэрэглэх хүмүүс мандатынхаа тоогоор сонголт хийнэ. Гэхдээ бүгд нэг л нам дугуйлна. Нэг мандаттай саналын хуудсыг Говь-Алтай, Булган, Сүхбаатар, Өмнө­говь, Дорноговь, Дундговь гэ­сэн зургаан тойрогт хэрэглэнэ. Гур­ван мандаттай саналын хуудсыг Баянзүрх, Сонгинохайрхан гэсэн хоёр тойрогт хэрэглэнэ. Бусад бүх тойрогт хоёр мандаттай саналын худас ашиглах юм. Гадаадад байгаа иргэд зөвхөн нам, эвслийн төлөө л саналаа өгөх учир нам, эвслийн нэр бүхий саналын хуудас ашиглана.

-УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын сонгуулийг зэрэг явуу­лахаар болсонтой холбоотойгоор саналын хуудаст өөрчлөлт оруулна биз дээ?
-Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулиар нийслэлд байгаа иргэд УИХ-ын гишүүд болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийг сонгоход саналаа зэрэг өгөх ёстой. Тэгэхээр нийслэлд ашиглах саналын хуудас дээрх саналын хуудаснаас өөр байна. Ялгаа нь ардаа нийслэлийн ИТХ-д нэр дэвшиж байгаа хүмүүсийн нэрсийн жагсаалтыг багтаасан байх юм.

-Иргэний цахим үнэмлэхийг энэ удаагийн сонгуулиар хэрэглэх боломжгүй болсон. Тэгэхээр сон­гогчийн үнэмлэхийг дахиж хэ­рэглэнэ гэсэн үг үү?
-УИХ-ын сонгуулийн тухай хуу­лийг хэлэлцэж байх явцад “Ир­гэний цахим үнэмлэх ашиглах бо­лохоор өмнө нь хэрэглэдэг байсан сон­гогчийн үнэмлэхийг хэрэглэхгүй” гээд сонгогчийн үнэмлэхтэй хол­боотой хэсгийг хасчихсан юм. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа УИХ-ын сонгуулийн тухай хуулиар бол иргэний үнэмлэх дээр байгаа овог нэр, регистерийн дугаар, хая­гийн бүртгэлийг тулгасны үндсэн дээо сонгуульд оролцуулах юм.

-Хэвтрийн өвчтэй, ял эдэлж байгаа хүмүүсийн саналыг яаж авах юм бэ?
-Биеийн эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх боломжгүй бо­лон нийтийн дайчилгаанд хам­рагдсан, захиргааны зөрчлийн улмаас саатуулагдсан, албадан саа­туулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулсан, ял эдэлж байгаа хүмүүсийн саналыг зөөврийн, би­түүмжилсэн хайрцгаар авч болно гэж хуульд заасан байгаа. Өмнөх хуулиар ийм хүмүүсийн саналыг бүх нийтийн санал авах өдөр авдаг байсан. Харин одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар санал авах өдрийн өмнөх өдөр авна. Хэсгийн хороод дээрх хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргаж, бүх зүйлийг урьдчилж бэлтгэсэн бай­на. Дээрх хүмүүсээс өөр хүний са­налыг зөөврийн хайрцгаар авахыг хориглосон. Мөн сонгогчийн сонгох эрхэнд хөндлөнгөөс нөлөөлөх эрх­гүй. Хэрэв нөлөөлөх гэж оролдсон хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээ авна.

-Санал тоолох машинууд бүрд­сэн үү. Программчлах ажил ямар шатанд байна вэ?
-Санал тоолох 2500 машиныг АНУ-аас авах ёстой. Одоогийн байд­лаар 1044 машин авчирсан байна. Санал тоолох машиныг авчраад нийт гурван шалгалт хийж байж тойргууд руу хуваарилах юм. Хамгийн эхэнд хүлээн авах шалгалт хийнэ. Энэ шалгалтад машин нийлүүлж байгаа АНУ-ын компани, Сонгуулийн ерөн­хий хорооны мэдээлэл, технологийн төвийн ажилтнууд орсон ажлын хэ­сэг орно. Авчирсан байгаа 1044 машиныг хүлээж авах шалгалтыг одоогийн байдлаар хийж байна. Дараагийн ээлжийн 900 орчим ма­шиныг ирэх сарын эхээр оруулж ирнэ. Үлдсэн 400 орчим машиныг ирэх сарын 15 гэхэд авчирна. Цаг хугацаа давчуу байгаа учир бид графикийн дагуу нэлээд шахуу цагийн хуваарьтай ажиллаж байна. Дараагийн шалгалтыг сонгуулийн автоматжуулсан системийн хуу­лийн дагуу хийнэ. Энэ хуульд сонгуулийн автоматжуулсан сис­темийн аюулгүй байдлыг хангах гэсэн заалт бий. Үүнд сонгуулийн автоматжуулсан системд ашиглаж байгаа машины программ хангамж, техник хэрэгслийн ажлыг шалган, туршиж баталгаажуулах ажлын хэсгийг байгуулах гэсэн хэсэг бий. Ажлын хэсэгт Тагнуулын ерөнхий газрын төлөөлөл, Мэдээлэл, шуудан, харлицаа холбоо, технологийн газ­рын төлөөлөл, Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлэл, технолгогийн төвийн төлөөлөл оролцох ёстой. Үүний дагуу ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Энэ ажлын хэс­гийнхэн машинуудыг зохих шатанд шалгаад гэрчилгээ олгох юм. Ингээд нэр дэвшигчид тодорхой болсны дараа эцсийн шалгалтыг хийнэ. Бүх зүйл тодорхой болсны дараа урьдчилсан байдлаар саналын хуу­дас бэлтгэж гэрчилгээ олгосон ма­шинуудаар уншуулж туршсаны дараа машинуудыг санал тоолоход бэлэн боллоо гэж үзэх боломжтой болно.

-Санал тоолох машиныг ажил­луулах хүмүүсийг бэлтгэх ажил юу болж байна вэ. Хөдөө орон нутагт машиныг ажиллуулах хүмүүс байх­гүй шүү дээ?

-Санал тоолох машиныг ажил­луулах хүмүүсийг бэлтгэх гэж байна. Сонгуулийн тов зарлагдсан өдрөөс эхэлж энэ ажилд орсон гэж болно. Сонгуулийн хэсэг бүрт мэдээлэл, технологийн даамал гэж хүн ажиллах юм. Энэ хүн санал тоолох машинтай холбоотой асуудлыг хамаарна. Даам­лын сургалтын зардлыг баталсан учир даамлын сургалтыг эхлүүлэхэд бэлэн болсон. Сургалтад хамрагдах хүмүүсийн судалгааг орон нутгаас авсан.

-Даамлын сургалтад хэдэн төг­рөг төсөвлөсөн юм бэ?
-Манай мэдээллийн технологийн төвд сургалтын тооцоо, программын хөтөлбөр гарчихсан байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Р.САРАНГОО
"УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж