Гэтэл Ховдод түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх магадлал өндөр байгаа аж. “Мэхний их дэлгүүр” цолоороо олонд танигдсан Д.Батбаяр сумогийн их ертөнцөөс улс төрийн дэвжээнд шууд л гулсаад ороод ирсэн. Улс төрийг шат шатаар нь ахисан шигээ сажилж, ном дүрмийг нь ягштал судалж яваа өч төчнөөн залуучууд түүнийг ийнхүү гэрлийн хурдаар хэдэн арван шат алгасан дүүлэхэд битүүхэндээ дургүй байсаан. Энэ бол үнэн.
Тэрбээр аль намд орох гэж байгаа нь тодорхойгүй хэсэг гүйж байснаа 2008 оны сонгуулийн өмнөхөн Ардчилсан нам, тэр дундаа “Алтангадас” фракцийг түших болсноо зарлан шуугиан тарьж байлаа.
Ийнхүү улс төрийн гараагаа эхлүүлсэн Д.Батбаяр хамгийн түрүүнд “Өнөөх сумогийн их заан чинь шүү дээ” гэж сонгогчиддоо бусад нэр дэвшигчдээсээ ялгарч харагдахын тулд “Кёкүшюзан” гэх япон нэрээ аав ээжийнхээ өгсөн нэрний өмнө залган иргэний бүртгэлд оруулан алмайруулж байлаа. Тэрбээр, Сонгинохайрханы сонгогчдоос “Намайг сонгоод өгвөл 20 мянган хүнийг Японд ажиллах хүчээр гаргана” гэж амласан.
Амьдрал ядуу, гадаадад гарч хоногийн хоолтойгоо залгах гэсэн түмний ёстой л загатнасан газар маажсан эл амлалт түүнийг шууд л УИХ-д ногоон гэрлээр гаргах гол хүчин зүйл болсон. Сонгуулийн үеэр өөр дүүрэг, хөдөө орон нутгаас Сонгинохайрхан руу томоохон нүүдэл эхэлж, Кёкүшюзанд санал өгөн Японыг зорих гэсэн мөрөөдөлд автагсад хэдэн зуугаараа гарч байсан юм. Гэвч тэрбээр амлалтдаа хүрэлгүй өнөөдрийг хүрэв. Иймээс сонгинохайрханчууд түүнийг энэ удаад сонгон дахин төрийн өндөр дээд суудал руу нь илгээнэ гэдэг бараг л үлгэр болоод байгаа. Өөрөөр хэлбэл 2012 онд 2008 оных шиг ногоон гэрлээр УИХ-д сонгогдох магадлал байхгүй. Тэр өөрөө л сонгогчдынхоо их итгэлийг алдан ногоон гэрлээ унтраасан хэрэг.
Ийнхүү сонгогчдоо алдаад байгаа Д.Кёкүшюзан Батбаяр сүүлийн үед архины асуудалд голлон анхаарч хэвлэлийн хуудас, телевизийн дэлгэцээс салахаа байв. Архи Монголыг живүүлж байгаа гэдэг үнэн. Үүний эсрэг тэмцэж буй нь сайн. Гэхдээ асуудал ярихдаа ард түмний элч болсон УИХ-ын гишүүн гэдгээ умартах учиргүй.
Тэрбээр саяхан нэгэн телевизээр архины асуудлаа ярихдаа өмнөө Японы сакэ тавин суусан байв. Уг нь Монгол Улсын архи, согтууруулах ундааны сурталчилгааны тухай хууль байдаг. Түүнд телевизийн дэлгэц, хэвлэлийн хуудсаар хэдий хэмжээтэй, хэдэн цагаас хойш гаргах энэ тэр гэсэн заалт ч байдаг. Энэ утгаар нь харвал эрхэм УИХ-ын гишүүн маань томоохон алдаа гаргаж байх шиг байв.
Энэ асуудлыг хойш тавилаа гэхэд гишүүн өөрөө “Би сумог орхиод зургаан жилийн хугацаанд сакэ амсаагүй юм байна. Гэхдээ энэ нэвтрүүлэгт орохын өмнө энэ шил архины талыг уусан. Надад одоог хүртэл нөлөөлсөн юм алга” гэж ирээд л баахан утга учиргүй юм ярив. Ард түмэнд сакэ рекламдчихав уу, аль эсвэл уусан идсэнээ гайхуулчихав уу. Ерөөсөө ч ойлгосонгүй. Д.Кёкүшюзан Батбаяр гишүүн өөрийн ярьж байгаа архины савлагааг багасгах чиглэлийнхээ дагуу 0.33 граммаар савлагдсан учраас согтоохгүй байна гэж ярих гэсэн байх л даа. Гэхдээ өөрөө ууж үзүүлэх нь арай л хэтийдсэн асуудал мөнөөс мөн гэдэгтэй олон нийт санал нийлэх биз ээ.
Ийнхүү хэрхэн сонгуулийн PR-аа хийх учраа ч олохгүй, гаргасан санал санаачлагаа яаж тайлбарлахаа мэдэхгүй яваа Д.Кёкүшюзан Батбаяр гишүүн удахгүй аль тойрогт, хэнтэй өрсөлдөх нь тодорхой болохыг хүлээж сууна.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин