Хоёр дахь чухал асуудал нь ирэх зургадугаар сарын 28-нд улсын хэмжээнд УИХ-ын сонгууль, нийслэлд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгууль болохтой холбогдуулж сонгогчдын асуудалд анхаарлаа хандуулжээ. Учир нь иргэний цахим үнэмлэх хэвлэгдэхгүй, нөгөө талаас хуучин үнэмлэх олгохгүй болсноос насанд хүрч шинээр үнэмлэх хүссэн иргэд болоод иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн иргэдэд лавлагаа өгч байгаа. Гэвч сүүлийн үед лавлагаа авах иргэдийн тоо хэт өссөн. Иймээс сонгуулийн үеэр лавлагаатай хүмүүс маш олноороо санал өгч, луйвар гарч болзошгүй хэмээн Ардчилсан намын бүлгийн гишүүд үзэж, лавлагаагаар УИХ болоод нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуульд оролцож болохгүй гэдэг шийдлийг гаргажээ. Тиймээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын хувьд лавлагаа өгсөн иргэддээ одоо ашиглаж байгаа үнэмлэхийн нэгэн адил үнэмлэхийг хэвлэж өгөх ажлыг нэн даруй хийх ёстой гэж үзсэн юм байна.
Харин хуулийн төслүүдийн хүрээнд тухайлбал, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцээд дэмжсэн байна. Төсөлд оруулсан өөрчлөлт нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх эрхийг таван жилээр сунгаж 2018 оны тавдугаар сарын 1-н хүртэл татах заалт явж буй юм. Алслагдсан аймаг болон говийн бүсийнхэнд нэмэгдэл олгох тухай Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хувьд УИХ-ын нэр бүхий гишүүдээс өмнө мэдүүлээд байсан төсөлтэй хамтатган хэлэлцэх нь зохимжтой гэжээ.
Тэгвэл Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийн хувьд хөрөнгийг нь төсөвт суулгаагүй байгаа үед УИХ-ын сонгууль болохтой холбоотойгоор мөнгө амласан төслийг түлхэх нь буруу. Үнэхээр одонтой эхчүүдэд нийгмийн халамжийн чанартай хууль хэрэгжүүлэх шаардлага байгаа гэж үзэж байгаа бол Монгол Улсын иргэдэд олгох нэг сая төгрөгөө хэзээ ямар зарчмаар хэрхэн олгох гэж байна вэ гэдгээ УИХ-д тайлагнах ёстой. Мөн дээр нь одонтой эхчүүдэд урамшуулал олгох зайлшгүй шаардлага байна гэдэг судалгаануудыг оруулж ирэх ёстой гэж бүлэг энэ удаагийн хуралдаанаас үзжээ.