Их гэгээнтний дурсгалын цогцолборын шав тавив

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

Их гэгээнтний дурсгалын цогцолборын шав тавив

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын ИТХ, ЗДТГ энэ онд тэмдэглэх сумынхаа ойг угтан олон бүтээлч ажил хийж байна.

Сумын төвийн хойд талд орших Ширээтийн дэнжид Хал­хын анхдугаар богд, их соён гэгээ­рүүлэгч Өндөр гэгээн Занабазарт зориулсан дурсгалын цогцолборын шавыг энэ сарын дундуур тавилаа. Газрыг тус сумын Эрүүл мэндийн төвийн жолооч Г.Амарцогтын зургаан настай (гахай жилтэй) хүү Жавхлан хөндөв. Шав тавих ёслолд Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц тэргүүтэй Улаанбаатар, Өвөрхангай, Булган аймгийн хийдүүдийн лам хуваргууд оролцож ном айлдав.

Өндөр гэгээнтний төрж өссөн нутагт нь байгуулах энэхүү цогцол­борын эхний ээлжинд цэцэрлэгт хүрээлэн, номын өргөөг тус сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийнхэн хамтран бүтээх юм байна. Тухайлбал “Чуба” дизайныхан зураг, загварыг нь гаргасны дагуу Есөнзүйл сумын уугуул “Жигүүр гранд” группын ах дүү Дашбалжирын Баттөр, Бат-Өлзий, Батсайхан нар барьж байгуулах ажлаа удахгүй эхлэх гэж байна. Хөрөнгө хуримтлуулах ажлыг мөн нутгийн уугуул, “Ноён сүлд” компанийн захирал П.Сэргэлэн, Улсын начин М.Жамъянпүрэв нарын зэрэг тусгай ажлын хэсэг зохион байгуулж, бүтээн байгуулалтын ажлын эхний ээлжинд шаардагдах 400.0 сая төгрөг хуримтлуулахаас одоо 200.0 саяыг нь бүрдүүлээд байгаа гэнэ. Шавь тавих ёслолд нутгийн иргэд олноор цугларч, их насны морь уралдууллаа.

                                                                                      Эх сурвалж: / Uvurkhangai.com /

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж