Намын харьяаллаас гаргах төсөл боловсруулжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

Намын харьяаллаас гаргах төсөл боловсруулжээ

УИХ-ын дэд дарга Г.Батхүү Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж, Засгийн газраас санал авахаар өнөөдөр өргөн мэдүүллээ.

Өдгөө төрийн албаны чадавхи, төрийн албан хаагчдын чадамжийн асуудалд олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй хандах болсон. Түүнчлэн төрийн албанд аль нэг улстөрийн намын гишүүн түр түдгэлзэн ажиллах нь намын ашиг сонирхол үйлчлэх нөхцөлийг бүрдүүлж буй. Ерөөс Төрийн албаны тухай хуулийн “улстөрийн намын гишүүн нь төрийн албанд ажиллахдаа улстөрийн намын гишүүнчлэлээсээ түдгэлзэх заалт амьдрал дээр бодит утгаараа хэрэгжихгүй байгаа нь нууц биш. Итгэл үнэмшил, үзэл баримтлалаараа бус албан тушаалын суудал горилсон хүмүүсийг нам бий болгож байгаа нь тэднийг эргээд талцах, улс орны эрх ашгийг өөрийн эрх ашгаас доогуурт тавихад хүргэдэг байна. Энэ нь төрийн албан хаагч аль нэг улстөрийн намын эрх ашгийг хамгаалах зөрчлөөс тодорхой харагддаг. Иймээс хуулийн зохицуулалтыг илүү тодорхой болгох, хоёрдмол утгаар хэрэглэх боломжийг хаахын тулд Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж эрхэм гишүүн үзэж, дээрх төслийг боловсруулжээ. Хуулийн зорилго нь төрийн албан хаагч хоёргүй сэтгэлээр төрд үйлчилж, намын харьяаллаар албан тушаал бууруулах, халах, томилох зэрэг төрийн албыг улстөржүүлэх явдлыг зогсооход чиглэжээ.

Уг хуулийн төсөлд намын гишүүнчлэлтэй иргэн төрийн албанд ажиллах тохиолдолд намаасаа түр хугацаагаар түдгэлзэх биш бүрмөсөн гарахаар тусгасан байна. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д улстөрийн намын гишүүн бол намын гишүүнээс “түдгэлзэж” гэснийг “гарч” хэмээн өөрчлөхөөр хуулийн төслийг боловсруулжээ.

 Энэ хууль батлагдсанаар төрийн албан дахь ёс зүйн хэм хэмжээ нэмэгдэхээс гадна төрийн албан хаагчдыг нам, эвслийн төлөө биш ард түмнийхээ эрх ашигт үйлчилдэг болох юм. Түүнчлэн намаар талцдаг байдлыг таслан зогсоож, намын нэрээр албан тушаалд томилогддог, эргээд үйлчилдэг, намын гишүүнчлэлээр ялгаварладаг сөрөг үзэгдлийг залруулах зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.

Энэхүү хуулийн төсөлтэй холбоотойгоор бусад хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлагагүй аж.

Ийнхүү Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд санал авахаар Засгийн газарт шилжүүллээ. Харин Засгийн газар хуульд заасан хугацаанд саналаа өгч  үүний дараа төслийг УИХ-д өргөн барих юм байна.

 
Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж