Б.Навчаа: Өөрийгөө голж урлагаас зугтдаг байлаа

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

Б.Навчаа: Өөрийгөө голж урлагаас зугтдаг байлаа

Галзуу, хурц ааштай бүсгүйн дүрийг чадварлаг бүтээдэг эмэгтэй бол “Шилдэг өнгө” продакшны жүжигчин Б.Навчаа юм. Түүнтэй ярилцахаар утас цохиход “Манай жүжиг цагийн дараа эхлэх гэж байна. “Амьдрал өөрөө хичээл” гээд цаана чинь телевиз, хэвлэлээр зарлаад байгаа биз дээ. Энэ жүжиг шүү дээ” хэмээн хэзээний танил хүн шиг ярьж байв. Энэ үед түүний “Хэцүү анги” кинонд бүтээсэн дошгин зантай Янжин захирлын дүр нүдэнд харагдах шиг болсон. Хоолойных нь өнгө яг шүү.

-Та танихгүй хүнтэй ч түс тас ярилцдаг уу?

-Тийм. Надад нууж хаах зүйл байхгүй ээ. Хэтэрхий шударга зан минь зарим хүнд хүндээр тусдаг юм шиг байна билээ. Үүнээс болж өөртөө дайсан бэлтгээд ч байгаа юм шиг. Би өөх ч биш, булчирхай ч биш ярианд дургүй. Хүн дүлгэнээд байвал “Хэлэх гэж байгаагаа тодорхой, хурдан хэл л дээ” гэдэг. 

-Та ихэвчлэн ширүүн дошгин хүний дүр бүтээдэг. Амьдрал дээр та мэдээж өөр байлгүй дээ?

-Өөр байлгүй яах вэ. Навчаагийн царай, бие л тухайн бүтээлд тоглож байгаа болохоос биш дүр нь тухайн зохиолд бичигдсэн архичин эсвэл хар зах дээр зогсдог авгайчуудыг харуулахыг хичээх нь ч бий. Тэгээд ч миний бүтээсэн дү­рүү­­дээс хүмүүст хүрсэн нь ааштай эмэгтэйчүүд юм билээ. Түүнээс биш би чинь сэтгэл гайгүй. Дотны нөхөд минь тэгж хэлдэг. Ер нь энэ асуултад манай гэр бүлийн хүн хамгийн сайн хариулж чадна. Гэхдээ би өөрийгөө үргэлж сайхан ааш­тай байдаг гэж хэлэхгүй ээ. Гэр бүлийн зарим асуудал, найз нөхдийн үл ойлголцлоос болж яг кинонд гардаг шигээ ааш гаргаж магад. Үүнийг би үгүйсгэхгүй. Хүний амьдралд юу эс тохиолдох вэ дээ. 

-Тэгвэл та ааш муутай хүний дүрд тоглохдоо нэг их зөрчилддөггүй байх нь ээ?

-Зөрчилдөнө өө. Зохиолд миний санаж байснаас өөрөөр биччихсэн байдаг юм чинь. Тухайн дүрийг л гаргах нь чухал.

-Та яагаад ихэвчлэн туслах дүрд тоглодог юм бэ?

-Үүнийг найруулагч нараас асуувал тодорхой хэлнэ. Би тэднээс “Та нар намайг яагаад гол дүрд тоглуулдаггүй юм бэ” гэж асуултай нь биш. Миний хувьд тэдний хэлснээр л хийдэг. Заавал гол дүрд тоглоно гэхгүй. Гэхдээ гол дүрийг тодорхойлохын үндэс нь энэ дүр шүү дээ. Тиймээс тус­лах дүрд тоглож байгаа хүн маш хариуцлагатай байх хэрэгтэй.

-Гол дүрд тоглох бодол байдаггүй хэрэг үү?

-Хүн байгаа орчиндоо да­сан зохицож, түүндээ сэтгэл хангалуун амьдрах ёстой. Би нэг их шунадаггүй. Тиймээс ямар ч дүрд тоглох бүртээ баяртай байдаг.

-Галзуу, хурц ааштай хүний дүрд тоглох хэцүү юү?

-Судалгаа хэрэгтэй. Жишээ нь “Помогите нам” кинонд тог­лох гэж “Нарантуул” зах дээр зогсдог авгайчуудын дэргэд очиж, нэлээд ажигласан. Наймаа хийдэг хүн угаасаа хэлэмгий доломгой болчихдог юм билээ. Зарим нь ч дээд сургуулийн боловсрол эзэмшээгүй, хүнд хү­чир ажил хийсээр байгаад ч тэрүү замбараагүй яриатай. Мөн гудамжинд архи ууж суугаа болон хүүхдээ тэврээд гуйлга гуйж буй эмэгтэйчүүдийг их ажигладаг. Хэзээ нэгэн цагт би ийм дүрд тоглох ч юм билүү. Тийм биз дээ. Тэднийг урд, хойноос нь харна. Хүн мөнгө өгөхөөр яаж баярлаж тосдог юм байна, өгөхгүй бол ямар нүүрний хувирал гаргадаг юм гээд л. Ер нь би дүрийн судалгаагаа гудамжнаас хийдэг. Хүүхдээ айлгадаг хүний дүрд тоглох болбол арга ядахдаа гэртээ хариад охиноо загнана. Хүүхэд айхдаа ямар харцтай болдог юм гэдгийг харах гэж тэр шүү дээ.

-Охин тань тэгээд айх уу?

-Бага байхдаа айдаг байсан юм. Одоо том болчихоод намайг тоглож байгааг мэддэг болсон.   

-Ааштай хүний дүрд тоглосоор байгаад өөр дүрд хувирах чадваргүй болчих вий гэсэн бодол төрдөг үү?

-Үгүй. Би өөрийгөө ямар ч дүрд гайгүй тоглочих байх гэж боддог. Гэхдээ эсрэг дүрд тоглохоос сүүлийн үед зайлхийгээд байгаа. Найзууд, хамтран ажилладаг уран бүтээлчдэдээ ч хэлсэн.

-Тэд юу гэж байна…

-Огт зөвшөөрөөгүй. “Чамайг ийм дүрээр чинь хүмүүс хүлээж авдаг болсон. Тиймээс татгалзаж болохгүй” гээд байгаа.

-Тэгэхээр ийм дүрд илүү тохирдог болоод л тэд ингэж хэлээд байгаа юм биш үү?

-Тохирдог гэж сонсоход баяр­тай байна. Зарим хүн эмгэнэлт эсвэл инээдмийн дүрд тоглож чадахгүй хэрнээ болгочих гээд зүтгээд байдаг. Гэтэл дүр нь үзэгчдэд хүрдэггүй. Харин надад энэ дүр зохидог байх.

-Хэн нэгэн найруулагч таныг тохитой, томоотой эмэгтэйн дүрд тоглуулбал үзэгчдэд сонин санагдах байх даа?

-Дүр бүтээнэ гэдэг машин хийх­тэй адилгүй. Сайхан, шинэ­­лэг загвартай машиныг хүмүүс амаа ангайлгаад харах байх. Харин намайг тийм дүрд тогловол нэг их гайхахгүй.  

-“Хэцүү анги” киног та найруулсан. Өөрөө ч Янжин захирлын дүрд сайн тоглосон. Тэр киноноос л эхэлж хүмүүст өөрийгөө ааштай хүн мэт ойлгуулсан шүү дээ?

-Тийм байх. Уг нь би энэ киноноос өмнө тохитой, томоотой хүний дүрд олон удаа тоглосон л доо. Даанч хүнд хүрээгүй. “Хэцүү анги”-д би тоглох ёсгүй байсан юм. Өөр хүн тоглох байв. Гэтэл тэр хүн нэг өдөр гэнэт тоглож чадахгүй нь гэсэн хариу өгсөн. Тэгээд л надаас гарцаагүй болсон. Түүнийг мөнгөө голсон уу, надтай хамтарч ажиллахыг хүсээгүй юу гэдгийг огт ойлгоогүй. Хамгийн гол нь төлөвлөгөө уначих гээд байсан болохоор шаварт унасан шарын эзэн өөрөө зүтгэхээс өөр аргагүй болсон. Гэхдээ би энэ дүрдээ дургүй. 

-Танд одоогоор киноны урилга ирсэн үү?

-Яг одоо алга. Гэхдээ гэртээ эсвэл ажлынхаа өрөөнд сууж байтал утас дуугарахаар аль нэг найруулагч “Байна уу, Навчаа юу. Нэг киноны зураг авалтад ороод аль” гэдэг. Өмнө нь юуны тухай гарахыг нь хэлээгүй байж шууд тулгах хэрэггүй байхгүй юу. Сүүлийн үед кино ар араасаа гарч байгаа ч чанаргүй болоод байна гэсэн шүүмжлэл гардаг нь үүнтэй холбоотой. 

-Зохиолоо ч уншуулаагүй байж шууд дууддаг хэрэг үү?

-Харин тийм. Ямар сайндаа би “Ядаж зохиолоо уншиж хэд хоног бэлдье л дээ” гэхэд “Зүгээр ээ, чи дөнгөж ороод л гарна” гэнэ. Найруулагч тэгж байгаа бол би үгүй гэхгүй. Гэхдээ миний сэтгэлд нийцэхгүй дүр байвал дургүй байгаагаа тэр дор нь хэлдэг. Өөр хүн хайж олох хугацааг нь ч өгье л дөө.

-Найруулагчид жүжигчиддээ яагаад ядаж сарын өмнө ч болтугай зохиолоо өгч ажиллуулдаггүй юм бол?

-Ивээн тэтгүүлэх мөнгө хүлээд­гээс болоод тэр л дээ. Гэхдээ кинондоо тэрийг, энийг тог­луулна гээд бодчихсон бай­даг л даа. Хамгийн гол нь жү­жигчид нь мэдээгүй байхаар дүрээ яаж сайн гаргах вэ дээ. Дээр үеийн кино яагаад сайн болдог байсан юм бэ гэхээр хэдэн жилийн өмнөөс мөнгө нь тодорхой орж ирнэ. Тиймээс жүжигчиддээ зохиолоо уншиж бай гээд кино зурганд орох хүртэл хангалттай хугацаа өгдөг байсан юм. Тэгэхээр жүжигчид дүрээ тултал гаргахаас яах вэ дээ. Одоогийн найруулагч нар их санасан газар есөн шөнө хоосон хо­ноно гэсэн зарчмаар яваад байна. “Рашаантын 18”-ыг би най­руулахдаа гавьяат жүжигчин Т.Баясгалангаас мөнгөө авсан өдрөө Д.Батаа руу ярьсан. Сүү­лийн үед “Би тийм кино хийх гэж байгаа. Энэ зохиолыг уншиж бай” гээд хоёр жил байтугай хоёр сарын өмнө хэлчих зоригтой найруулагч байхгүй байна шүү дээ.

-Та хэдэн төгрөгөөр тоглодог вэ?

-Би мөнгө ярих дургүй.

-Уншигчдад маань сонирхолтой болохоор асууж байна л даа?

-Та ч бас сонирхож л байгаа биз дээ. Би өөрийгөө нэг их хямдхан жүжигчин гэж боддоггүй. Гэхдээ манай нийгэм ямар байгаа билээ. Хангалттай биш ч нэг сайхан кино хийе гэж байгаа хүнд тэд гээд амандаа орсон тоогоо хэлэх утгагүй. 2007 онд туслах дүрд тоглож байхдаа 50 мянган төгрөг авч байлаа. Тэр миний анхны дүр л дээ. Мөн хэдэн сарын өмнө 20 мянган төгрөгөөр нэг киноны хэсэгт тоглосон.

-Ямар кинонд вэ?

-Нэрийг нь хэлмээргүй байна. Танд сонин санагдаж байж болох ч энэ хүн чанартай холбоотой. Юм хийе гэсэн эрмэлзэлтэй хөөрхөн хэдэн залуу кинондоо миний хэсэгхэн дүрсийг оруу­лахыг хүссэнээ хэлэхийг нь сонсоод өндөр үнэ хэлэх хэцүү л юм билээ. Ер миний ханш саяас 10 сая төгрөг байдаг.
 
-Та багадаа эршүүд байсан уу?

-Ер нь хөдөлгөөнтэй байсан шүү. Ангийн цонх хагарвал багш нар эрэгтэй хүүхдүүдээс асуугаагүй хэрнээ над руу хардаг байлаа. Тийм сахилгагүй байсан болохоор ч тэр үү “Хамгийн түрүүнд чи л хүнтэй сууж хүүхэд гаргана” гэдэг байв. Бас зодно.

-Шууд зодчих уу?

-Тэгнэ. Одоогийн аав, ээж шиг хүүхдээ өмөөрч багш нартай нь маргалдахгүй. Харин ч “Чиний буруу байсан болоод зодуулсан биз” гээд нэмнэ.  

-Спортоор хичээллэдэг байв уу?

-Сагсан бөмбөг их тоглодог байлаа. Гэхдээ миний гоол оруулна гэж юу байх вэ. Булаах нь л сайхан санагддаг байв.

-Чөлөөт, жүдо бөхөөр хичээллэж байгаагүй юм уу?

-Намайг тарган болохоор ингэж асууж байх шиг байна. Эгч нь багадаа туранхай байсан юм аа. Голдуу эгчийнхээ хүүх­дийг хардаг байлаа. Дүүгийнхээ барах­­гүй хоолыг идсээр бай­гаад таргалчихсан юм. Өөрөө ч маамуулаад хөдөлгөөн бага­сахаар жин нэмчихдэг юм байна.

-Та яагаад урлаг руу орох болсон юм бэ?

-Зарим хүн “Урлаг миний багын мөрөөдөл. Тиймээс ур­лагийн хүн болсон юм” ярьдаг. Миний хувьд тийм зүйл байгаагүй ээ. 1995 онд багш нар ажил хаяж бүх сургууль конкурсээ алдсан үед төгссөн. Тэр үед би ямар ч мэргэжилгүй үлдээд яах вэ гэж бодоод СУИС-ийн жүжигчний ангид орсон. Тэгж орсон маань ч зөвдөж.

-Та төгсөөд л хошин урлаг руу орсон уу. УДЭТ-т орох бодол байгаагүй юм уу?

-Надад Драмын театраас санал ирж байсан. Гэхдээ тэр үед тус театрын уналтын үе байсан. Цалин нь 17 мянган төгрөг байсан байх аа. Харин хошин урлаг руу ороход 100 орчим мянган төгрөг өгч байсан. Тэгэхээр хэн ч илүү цалинтайг нь сонирхоно шүү дээ. Тэгээд л гавьяат жүжигчин Б.Батзаяа ахад хандсан даа.

-Гэхдээ таныг урлагт олон жилийн дараа хөл тавьсан гэдэг юм билээ?

-Тийм. Амьдралын шаард­лагаар янз бүрийн ажил хийсэн. Тоочвол тогооч, алтны уурхайд ажиллаж байлаа. Жинхэнэ зэ­сэр­нэ гэдэг тэр болсон. Тэр үед “ZMN” продакшны захирал Цогоо, найруулагч Золоо хоёр байнга утсаар ярьж, тархи угаасаар байгаад кино урлаг руу татчихсан. Тэдэнд би үргэлж баярлаж явдаг. Одоо бодоход яагаад тэгж их зугтаад байсан юм бүү мэд. Өөрийгөө л голдог байсан юм байлгүй дээ.

-Гоо сайхандаа хэр анхаардаг вэ?

-Эмэгтэй хүн байна даа, анхааралгүй яах вэ. Гэхдээ топ модель, миссүүд шиг байнга будаж, шунхдаад байхгүй. Одоо ч гэсэн будаж байгаа биз дээ.

-Таныг турах гээд цай ууж байгаа гэж сонссон. Үр дүнгээ өгч байна уу?

-Дажгүй шүү. Гэхдээ би гоо сайхандаа анхаарсандаа ууж байгаа юм биш. Нэг киноны гол дүрийн санал ирсэн юм. Одоо байгаагаасаа жаахан туранхай байх хэрэгтэй гэсэн.

У.БАЯРАА

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж