“Үйлдвэрлэлээ зогсооход дэлхий хөдөлдөг болгох хэрэгтэй”

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

“Үйлдвэрлэлээ зогсооход дэлхий хөдөлдөг болгох хэрэгтэй”

УИХ-ын гишүүн О.Чулуунбаттай эдийн засгийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар ярилцлаа.

-Өнөөгийн манай эдийн засгийн аюулгүй байдал хэр түвшинд байгаа бол?

-Монгол Улсын аюулгүй байдлыг гаднаас нь харах юм бол хоёр Солонгос, Израиль, Ираны хооронд үүсээд байгаа шиг тийм аюул манайд заналхийлээгүй. Харин монголчууд хоёр, гурван янзын санал бодолтой болж нийгмээрээ хагарчихсан, хэвлэл мэдээл­лийн хэрэгс­лээр маргалдсан байдалтай байна. Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэ өссөн, гадны томоохон хөрөнгө оруулагчид Монголд анхаарлаа хандуулчихсан энэ үед бид эдийн засгийн аюулгүй байдлын талаар ярилцах нь зүйтэй. 20-30 жилийн өмнөх Монголыг харахад аюулгүй байсан юм шиг харагддаг. Зөвхөн ЗХУ-ын халхавч дор, тэдний техник технологи, мэргэжилтнүүдийн хангамж туслалцаатайгаар бид амь амьдралаа зогоож байсан шүү дээ. Түүнтэй харьцуулахад өнөөдрийн Монгол тэс ондоо болсон. Тэр үед нэг улсаас бүрэн хараат байсан бол өнөөдөр хэрэглэж буй хүнсээс эхлээд эдэлж буй бүх бараа бүтээгдэхүүнийг аваад үзвэл бид олон улсжсан орон болжээ. Энэ утгаараа бид ганц улсаас хамааралтай эдийн засгаа олон улсаас хамааралтай болгож чадсан.

-Байгалийн баялгаа харийнханд алдсанаар эдийн засгийн аюулгүй байдал нь алдагдаж байна гэж үзэх хүн цөөнгүй байна. Энэ талаарх таны байр суурь?

-Магадгүй миний бодол буруу байж болно. Гэхдээ Монголын уул уурхайн томоохон төслийн хувьцааг гадаадын хөрөнгийн биржүүдэд арилжиж байгаа шүү дээ. Үүнийг манайхан Монголын баялгийг гадныханд зарчихлаа гэж яриад байгаа юм. Ер нь дэлхийд амжилттай ажиллаж буй компаниуд хувьцаагаа хөрөнгийн биржид арилж­даг. Гэхдээ яг тэр баялгаа Лондон, Хонконгт аваачаад зарчихаж байгаа нь үгүй. Хувьцаагаа арилжсанаар мөнгө л авчирч байгаа юм. Энэ нь тухайн улс орныг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх л үйл ажиллагаанд нэмэр болно.

-Монголын орд газарт суурилсан гадаадын хөрөнгө оруулалттай ком­панийн эзэмшлийн хувь хэмжээг бас сүүлийн үед нэлээд анхаарах болсон шүү дээ?

-“Энэ баялгийн 70, 80 хувь нь гадаадын компанийн мэдэлд байна. Тэгэхээр гадаадын өмч болчихлоо” гэж ярих болсон нь үнэн. Гэтэл энэ нь амьдрал дээр эсрэгээрээ байдаг юм байна. Жишээлбэл, “Эрдэнэт” үйлдвэрийг харъя. Өнөөдөр энэ компани хамгийн их ашиг олж, хамгийн их бүтээгдэхүүн экспортолж, төсвийн хамаг ачааг үүрч яваа. Сүүлийн жилүүдийн тайланг нь харвал жилдээ нэг тэрбум орчим ам.долларын орлоготой ажиллаж байна. Үүнээс өртгийг нь хасахаар ашиг нь гарна. Сүүлийн жилүүдийн балансыг харахаар Орос Монголын тал ердөө 100 сая ам.долларын ногдол ашгийг л хуваасан байдаг. Харин орлогын үлдсэн 900 сая ам.доллар нь Монголын татвар, цалин, цахилгаан, тээвэр, барилга, хүнс гээд манай эдийн засагт шингэсэн байх юм. Нэг төсөл л ийм том хөрөнгө оруулж байхад бусад төсөл бүрийг заавал өмчлөлөөр нь харах нь өрөөсгөл. Үүнд сайн тал байгаа шигээ муу тал ч олон бий.

-Өндөр хөгжилтэй орнууд ерөнхийдөө төрийн өмчийг халж, хувийн өмч рүү шилжээд байдаг. Харин манайд төрийн өмчөө шүтээд байгаа?

-Яг тийм. Өндөр хөгжсөн барууны орнуудыг харахад төрийн өмч гэсэн хэлбэрээр аж ахуйн үйл ажиллагаа явуулахаа больчихоод байна шүү дээ. Төрийн өмч гэхээр засгийн хэдэн дарга нарын өмч болчихдог гэдгийг одоо бид ухаарч л байгаа. Төрөөс томилдог захирлуудаар дамжуулаад засгийн дарга нарын бизнес байнга явж байдаг. Харин эндээс бид олон нийтийн өмч гэдэг шинэ ухагдахуун гаргаж ирэх ёстой. Засгийн газар нь үүнийг зохицуулж хянадаг байх хэрэгтэй. Түүнээс өдөр тутмын бизнес менежмент болон удирдлагад нь төр оролцдоггүй өмчийн хэлбэрийг ярьж эхлэх ёстой юм шиг.

-Тэгвэл таны бодлоор манай улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хэрхэн хангах бол?

-Манайхан макро түвшинд ярихаараа дэд бүтцийн хөгжил ийм байх ёстой энэ тэр гэж яриад байгаа юм. Урьд нь бид АНУ, Япон, Хятад, Орос гээд олон улсаас юу ч авахгүй амьдарч чадвал эдийн засаг хамгийн өндөр хамгаалагдсан гэж боддог байсан шүү дээ. Харин өнөөдөр энэ ойлголт тэс ондоо болсон гэж би бодож байгаа. Дэлхийн зах зээлд монголчууд байр сууриа олсон байх ёстой гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл, Монгол үйлдвэрлэлээ зогсоовол дэлхийн зах зээл хөдөлдөг, Монгол нүүрсний экспортоо зогсооход Хятадын зах зээлд доргилт үүсдэг байхыг хэлээд байгаа юм. Ийм байр суурийг бий болгохын төлөө хөөцөлдөж чадвал манай эдийн засгийн аюулгүй байдал сайн хангагдах юм болов уу.

А.АРИУНБОЛД

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж