Өнгөрсөн баасан гарагт Румыны Засгийн газар итгэл үзүүлэх санал хураалтаар олигтой дэмжлэг авч чадаагүй билээ. Түүнээс гадна Нидерландын иргэд товлосон хугацаанаасаа өмнө сонгууль өгч магадгүй болжээ. Грекийн парламентын сонгууль ирэх сарын 6-нд болно. Тус улсын Ерөнхий сайд өнгөрсөн хавар албан тушаалаа хүлээлгэн өгсөн юм. Харин түүний оронд сөрөг хүчнийхэн сонгууль болохоос өмнө Грекийн засгийн эрхэнд гарсан юм.
Эрх баригч нам консерватив юм уу, эсвэл либераль үзэл баримтлалыг эрхэмлэдэг үү гэдгээс юу ч хамаарахгүй байна. Зүүн, барууны бодлого ч энд нөлөөлсөнгүй. Тэд эдийн засгийн хүчин зүйлийн өмнө хүчин мөхөсдөж эхэлжээ. Испанид саяхан консерватив үзэл баримтлалтай нам засгийн эрхэнд гарсан. Харин Францад социалистууд уламжлалыг дээдлэгчдийнхээ байр суурийг булааж авах шинжтэй. Гэтэл Грек, Италид илүү их төвийг сахисан нам эрх барьж байгаа билээ. “Энэ бүхэн нь шинэ дүр төрх, үзэл баримтлалыг боловсруулах шаардлагатай болсныг харуулж байна” хэмээн Европын нэгэн дипломатч “Дойче Вэли” агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. Магадгүй энэ нь Европын хямрал эцэслэж чадахгүй байгаа нэг шалтгаан байж болох юм. Учир нь улс төр тогтворгүй байхын хэрээр Европын орнууд нэг удирдлага дор нэгдэж чадахгүй байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, шуурга сөрөх ахмад байхгүй байна.
Европын парламентын гишүүн Удо Буллманн “Европын Засгийн газрыг хэтэрхий цөөхөн хүн удирдаж байна. Тэд өөрсдийгөө хүмүүст тэр бүр таалагддаггүй алхмыг хийж, ингэснээрээ асуудлыг шийдвэрлэнэ хэмээн үдэг. Гэтэл тэдний буруу гэдгийг цаг хугацаа харуулж байна шүү дээ” хэмээн дүгнэжээ. Германы Канцлер Ангела Меркель Европын орнуудын Засгийн газрыг бүсээ чангалах тушаал өгсөн. Ингэхийн тулд эрх баригчид нийгмийн халамжийн салбар дахь зардлаа эрс багасгаж, цалин тэтгэврийн хэмжээг бууруулж байгаа. Харин энэ нь жирийн иргэдэд таалагдсангүй. Тиймээс тэд улс орныхоо Засгийн газрыг огцрохыг шаардаж, үйл ажиллагааг нь зогсоохын тулд чадах бүхнээ хийж байна.
Европын холбоо нэгдсэн удирдлагагүй байгаа гэдгийг Европын комиссын ерөнхийлөгч Жоз Мануэл Барросо ч хүлээн зөвшөөрсөн юм. Тэрбээр энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Европын комиссын хуралдааныг зарласан билээ. Түүнчлэн “Бид шинэ Европыг бүтээхийн тулд удирдлагын хувьд нэгдмэл, нэг зорилготой байх ёстой” хэмээн хэлжээ. Өнгөрсөн гуравдугаар сард Европын холбооны 25 орон, Чех, Их Британийн Засгийн газар хамтран санхүүгийн шинэ гэрээг байгуулсан. Хэдийгээр энэхүү гэрээ хэрэгжиж эхлээгүй байгаа боловч эхнээсээ шүүмжлэл дагуулсаар байгаа юм. Тухайлбал, Францын Социалист намаас нэр дэвшигч, Н.Саркозигийн гол өрсөлдөгч Холланде “Хэрэв сонгогдвол дээрх гэрээг өөрчилнө” гэдгээ мэдэгдсэн. Харин Ирландын эрх баригчид үүнтэй холбоотойгоор ирэх сард бүх нийтийн санал хураалт явуулахаар болсон юм. Европын холбооны консулын Ерөнхийлөгч Херман ван Ромпи “Европын комиссын хурадлдаанаар шинээр байгуулсан санхүүгийн гэрээний талаар хэлэлцэх нь дамжиггүй. Европын маш цөөхөн орон энэ гэрээний хатуу болзлуудыг хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлэх боломжтой. Гэтэл ихэнх нь тийм биш байна” гэсэн байна.
Ерөнхийдөө бол Европын орнууд нэгдмэл байр суурьтай болох нь чухал байна. Эс тэгвэл Германы татвар төлөгчдийн хөрөнгийг бүс нутгийн хямралыг намжаахад зарцуулж буй нь үр дүнд хүрэхгүй байж мэдэх юм. Хэрэв тэд санхүүгийн шинэ хэлэлцээрээ өөрчилж чадвал жижиг орнууд нь бага татвар төлж, Герман тэргүүтэй томоохон гүрнүүд их татвар төлнө гэсэн үг. Ийм биш байгаагаас болж тухайлбал, Грект олныг хамарсан томоохон эсэргүүцлийн жагсаал үе үе болсоор байгаа юм. Жагсаалд оролцогчдын нэг нь “BBC” агентлагт өгсөн ярилцлагадаа “Биднээс авах НӨАТ-аа нэмсэн. Үүнээс болж тэтгэвэртээ гарсан жирийн нэгэн грек хүн сард 1200 еврогийн тэтгэмж л авна. Энэ нь тэгээд хямралаас гарах гарц мөн гэж үү” хэмээн ундууцаж байжээ. Ямартай ч Европын удирдагчид байр сууриа нэгдмэл болгож чадахгүй бол Европын холбоо гэх статус ч алдагдах аюултай юм. Германы иргэдийн дунд саяхан явуулсан нэгэн судалгаагаар хүмүүсийн дийлэнх нь Европын холбоонд таатай хандахгүй байгаагаа илэрхийлжээ.
"УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин