Нэр хүнд цар хүрээгээрээ “Аваргуудын лиг”-ийн дараа орох “Европын лиг”-ийн аваргын төлөө өрсөлдөх хоёр багийн нэр тодорлоо. Хөлбөмбөгийн хорхойтнууд “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтод Испанийн “Аварга загасууд” болох “Реал Мадрид”, “Барселона”-г шалгарна гэж таамаглаж байсан ч аль нь ч хагас шигшээ тоглолтыг давж чадаагүй. Харин “Европын лиг”т ийм зүйл тохиолдсонгүй. Иберийн хойгийн энэ улсын “Атлетик Бильбао”, “Атлетико Мадрид” тавдугаар сарын 9-нд Румыний нийслэл Бухарестийн Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болох шигшээ тоглолтод тунан үлдсэн юм. Энэ жил хагас шигшээд Испанийн гурван баг үлдсэн тул “Ялагдашгүй Армада”-гийн нэг төлөөлөл финалд хүрэх нь тодорхой байсан. Энэхүү эрхийг Мадридын “Атлетико” “Валенси”-г өвдөг шороодуулснаар хүртлээ. Уг нь “Сарьсан багвайхаанууд” улсдаа зөвхөн “Реал”, “Барса”-гийн дараа орох эрэмбэтэй цомын тэмцээнд сайн тоглодог уламжлалтай баг. Гэсэн ч хагас шигшээгийн эхний тоглолт энэ хосын хувь заяаг үндсэндээ шийдчихсэн. “Висенте Кальдерон”-д болсон тоглолтод “Атлетико” бүх талаар илүү байж, хүчтэй өрсөлдөгчөө 4:2-оор буулган авсан билээ. Бөөн дарамтад орсон “Валенси” хариу тулаанд тоглолтоо гаргаж чадалгүй байсаар 0:1-ээр дийлдэж, үзэгчдийн суудалд шилжив. Тоглолтын цорын ганц гоолыг шинэ од гэгдээд буй Адриан Лопес Альварес хийсэн. Гол цэвэрлэгч Тиагу Мендеш 79 дэх хоромд улаан хуудас хүртсэнээр аваргын төлөөх тоглолтод багтаа тусалж чадахгүй болсон нь нийслэлийн багийнханд тохиосон хамгийн том гарз. Аваргын цомыг испаничуудын гарт өгөхгүй байх боломжтой ганц баг нь Португалийн “Спортинг” байв. Рикарду Са Пинтугийн баг долоо хоногийн өмнө Лиссабонд болсон эхний тоглолтод 2:1-ээр ялсан ч энэхүү давуу байдлаа Бильбаод хадгалж чадсангүй. “Атлетик”-ийн супер довтлогч Фернандо Льюренте 88 дахь хоромд ялалтын бөмбөгийг шигтгэснээр энэ улирлын финал Испаничуудынх болох нь ойлгомжтой болсон юм. Бухарестед болох шигшээ тоглолт Испаничуудынх ч гэсэн нөгөө талаараа аргентинчуудынх. Учир нь “Атлетик”-ийг Марсело Бьелса, “Атлетико”-г Диего Симоне гэсэн аргентин мэргэжилтнүүд удирдаж байгаа. Бьелса 2002 оны ДАШТ-д “Альбиселесте”-гийн супер багийг удирдаж байхад Симеоне тоглогч нь байв.
Д.Нанжид
“ӨДРИЙН ШУУДАН”