Надаль “Barcelona Open”-ы аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

Надаль “Barcelona Open”-ы аварга боллоо

Өнөө цагийн дэлхийн шилдэг теннисчдийн нэг Испанийн Рафаэль Надаль өчигдөр нутаг нэгт Дэвид Феррерийг буулган авснаар Барселоны нээлттэй тэмцээний аваргаар долоо дахь удаагаа тодорлоо. Шороон талбайд угаас хүчирхэг тэрбээр өрсөлдөгчөө 7-6; 7-5 харьцаатай буулган авчээ. “Barcelona Open” тэмцээнээс гадна Monte Carlo Masters-т долоон удаа аваргалж байсан тэрбээр Open буюу нээлттэй тэмцээн зохион байгуулах болсон цагаас хойш АТР-гийн хоёр тэмцээнд долоон удаа түрүүлсэн анхны теннисчин болж байгаа юм. Өдгөө дэлхийн чансаанд хоёрдугаарт эрэмбэлэгдээд буй Надаль финалын тоглолтын дараа Испанийн телевизэд өгсөн ярилцлагадаа “Энэ улиралд шороон талбайд хийсэн хамгийн хүнд тоглолт энэ байлаа. Дэвид өрсөлдөгчөөсөө хязгаарт нь тултал эрч хүч шаарддаг” хэмээн ярьжээ.

Рафаэль Надаль хамгийн анх 2002 оны дөрөвдүгээр сарын 29-нд Мальоркад Рамон Делгадог 6-4; 6-4-өөр ялж, АТР-гийн гол тэмцээнд анхны тоглолтоо хийж, анхны ялалтаа авч байснаас хойш ийнхүү 10 жил өнгөрчээ. 10 жилийн ойн өдрөө тэр 48 дахь цомоо гардсан байна.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж