
МАН мандаж, бадарч байна. Шүүх байгууллагыг шалд нь буулгаж, зул бөхөхийнхөө өмнө бадамладагийн үлгэр лугаа адил гэрэлтэн гийж байна. Бадамласан зулын гэрэлд хэрэг тулгагдсан цагдаагийн экс удирлагууд хэлмэгдсэн баатруудын дүрээр гарч ирэн, төр тэднээс уучлал гуйн баатрын одон энгэр дээр нь хатгахын цагт сонгууль өнгөрсний дохио болох учиртай гэж бөө нар бөөлж, Христийнхэн эш үзүүлж, лам нар зурхайг нь зурж байна. Хэрэв энэ төлөг мэрэг төөрөх аваас террорист үйл ажиллагаа явагдаж магадгүй хэмээн лалынхан эмээж байна. Энэ намын өнөөдрийг хүртэл хэрэгжүүлсэн олон арга хэмжээний үр дүнд монгол залуус хорих байрны шал угааж, сайдын зуны, амралтын өргөө барьж, ажлаа сайн хийгээгүйн улмаас амь насаа алдаж байна. Харин тэдний байх ёстой газрыг, ажлын байрыг хятад залуус эзэгнэж, зуны гурван сар Монгол Улс Хятадын муж болтлоо дампуурч байна. Шүүх байгууллага хэвийн үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаагийн улмаас хэн хохирох вэ. Хоригдсон, буудуулсан, хэлмэгдсэн ч шүүхийг хүндэтгэж, төрдөө сүсэглэж ирсэн ард түмэн хохирно. Өөр хэн ч биш. Хэн харин завших вэ. Албан тушаал, ачит намдаа найдаж ажлын хариуцлага алдсан бүхэн хуулийг цоортол нь дампууруулж, шүүх байгууллагаар тоглож, өөрсдийн эрхшээлд эзэгнэж буй нөхдүүд завшина. Ирэх сонгуулиар тэд луйвардаж, зальдаж, аргадаж, гуйж, авилгадаж, мөнгө тарааж, ил далд бүхий л муу муухай аргаа хэрэглэн ялалт авахын тулд гэмгүй нэгнийг гэсгээн хорьж, төрийн тэргүүн байсан хүнийг төхөмийн хулгайчаас ч дорд үзэн ард түмэндээ айдас гэж юу байдгийг үзүүлэв. Арчаагүй, хувиа бодсон энэ намд үүнээс өөр хийх ажил алга гэж үү. Саяхан тус намын харьяа төрийн нэгэн байгууллага Монголд ядуурал буурав хэмээн зарлав. Тус намын нөлөө бүхий этгээдүүд, сайд нарын орлогын эх үүсвэр улам бүр нэмэгдэж, тэрбумаас миллард хүртэл орлого олох үүд хаалга нь нээгдэж тэдний үл ханах ядуурал буурсан уу гэхээс ард түмний ядуурал буурсан гэж үү. Нарантуул захын хажууханд байх борчуудын хаягдал зардаг зах хичнээн өргөжсөнийг, тэнд тийм зах байдгийг ядуурлыг бууруулаад байгаа нөхдүүд мэддэг л байгаа даа. Улаанчулуут болон нийслэлийг тойрсон хог цэгүүдээс түүж, олж авчирсан зүйлсээ даавуун тааран дээгүүр эгнүүлэн тавьж, зуун төгрөгөөр зарах ядуус өдөр ирэх тусам олширсоор л…
Гэтэл МАН-ын бөөрөнд наалдагсад шүүхээр даажигнаж, төр хүчгүйдэж, МАН улам данхайж байхад ард түмэн харангадан өлбөрч байна. Өлсч байгаа хүнээс санал авахад хамгийн хялбар байдаг хэмээн МАН лоозогнож байна.
Нэрт сэтгэгч Николло Макиалвелли “Ард түмэн дайсны дээрмийн довтолгооноос илүүтэйгээр иргэдийнхээ ховдог шунахайгаас болж үгүйрдэг. (МАН) Учир нь эхний тохиолдолд энэ явдал эцэс болно гэсэн бүрэн найдвар анхнаасаа байж байдаг, харин хоёр дахь (МАН) тохиолдолд нь юунд ч найдах аргагүй болдог” хэмээн “Флоренцийн түүх” номондоо өгүүлсэн байдаг. Өнөөдөр эд хөрөнгөнд шүтэх хандлага буюу вешизм манай улсад улам бүр тод илрэлээ олж байна. Энэ үзлийг хөөргөдөн дэвэргэж, албан тушаал, авилгалаар бүхнийг шийдэж, шүүхийг ч үнэгүйдүүлж болно гэсэн увайгүй зарчмаар ажиллаж буй МАН ард түмнийг юунд ч найдах аргагүй цөхрөлд унагаж байна. Сонгуульд ялалт авахын тулд МАН чөтгөртэй ч нөхцөхөд бэлэн байна. Чөтгөртэй нөхцсөнөөр чөтгөр бус чөтгөртэй нөхцсөн нь муу муухайн үүр уурхай болдог нь ёс бөлгөө.
Монгол Улс өнөөдөр төргүй байна. Төрийг, шүүхийг МАН захирч байна. Ард түмний өмнө ирэх сонгуулиар хийх хоёрхон сонголт байна. Энэ намаас хагацах уу, эс хагацах уу. Ирэх сонгуулийн маргааш өглөөний нарыг хэнтэй, ямар намтай хамт угтахаас Монгол төрийн хөгжил, бадралын зам дардан байх уу, үгүй юу гэдэг нь шийдэгдэнэ. Түүнээс гадна МАН-ыг сонгосон тохиолдолд Монгол Улс нам төвтэй төртэй байх уу, төр төвтэй улс төрийн намууд бүхий ардчилсан улс орон байж, дэлхийн улс гүрнүүдтэй мөр зэрэгцэн хөгжих үү гэдэгт ч давхар хариулт өгөх юм.
Эх сурвалж: “НИЙСЛЭЛ ТАЙМС” сонин
