МАХН-ынхан өчигдөр бага хурлаа хийж, МҮАН-тай эвсэх шийдлийг гаргасан билээ. Дараа нь УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэхээр төлөвлөөд байсан. Харин эл асуудлыг хэлэлцэх шатанд нэлээд том “дажин” үүссэн гэх мэдээлэл ирлээ. Эх сурвалжаас авсан мэдээллээр бол уг бага хуралд оролцож байсан гишүүд “Мөрийн хөтөлбөрөөс илүүтэй одоо улстөрийн холбоогоо хэн удирдаж энэ олон эвсэл холбоодоо нэгтгэн нэг гарт зангидах вэ гэдэг чухал. Нэгэнтээ МҮАН-тай нэгдэх шийдлийг гаргасан юм чинь, одоо шууд улстөрийн холбоогоо хэн удирдаад явах вэ гэдгийг эцэслэх ёстой” гэж үзсэн байна. Уг нь МАХН-ын дарга Н.Энхбаяр Төв аймгийн Урьдчилан хорих төвд саатуулагдаагүй бол аль ч талаасаа түүнийг улстөрийн холбоогоо удирдаад явах удирдагчаар сонгох байсан гэх. Харин одоо хэрэг явдал эргэж яллагдагчаар татагдан бүр зургадугаар сарын 26-ныг хүртэл дээрх хорих төвд “амьдрах” болж байгаа тул МАХН, МҮАН, БНН, МЛН, Эрс шинэчлэл хөдөлгөөн, Миний монголын газар шороо хөдөлгөөн, Үндэсний хас хөдөлгөөн гээд энэ олон нэгдлүүдийг удирдах боломжгүй болж буй юм. Тиймээс МАХН-ынхны хувьд хэнээр чухам холбоогоо удирдуулах вэ гэдэг нь шүдний өвчин нь болжээ. Санаагаар болдог бол МАХН-ынхан өөрсдийнхөө талаас хүмүүс тавьчихмаар байдаг, гэтэл МҮАН-ын дарга М.Энхсайханаас эхлээд БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар хүч түрээд байдаг. Гэхдээ дотроосоо хүч түрж байгаад хүнээ тавъя гэхэд ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, нарийн бичгийн дарга Л.Цог, намын дарга Н.Энхбаярынхаа ууган хүү Батшугарыг тавих уу гээд хүн нь олдож тэр хэрээр санал хуваах болсон аж. Бага хуралд оролцсон гишүүдийн хувьд Байгаль орчны сайд асан Г.Шийлэгдамбыг тавих нь арай “нуруутай” гэж үзсэн ч, О.Цолмон хүүгээ нэлээд эрчтэй зүтгүүлж буй гэх. Гэвч эцсийн шийдэлд хүрч чадалгүй хуралдаанаа өндөрлүүлжээ. Ингэхдээ намын дарга Н.Энхбаяртайгаа энэ асуудлыг зөвлөж, дараагийн нүүдлийг хийх нь хамгийн зөв алхам болно гэж үзсэн байна. Тиймээс МАХН-ынхны хувьд одоо намын даргаа суллуулж авах тэмцлээс илүүтэй улстөрийн холбоог хэн удирдах вэ гэдэг тэмцэлд мордож ялах нь чухал болсон бололтой.
Г.Дарь