Тэгвэл жонш гэдэг энэ чулуулаг эдийн засагт ямар үр нөлөөтэй, юу үйлдвэрлэж болдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Жоншноос сансрын хөлгийн шатахуун, хөнгөн цагааны түүхий эд, харааны линз зэрэг нарийн технологийн бүтээгдэхүүн гаргаж авдаг. Энэ ч утгаараа дэлхийд энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг орон цөөн. Тиймээс энэ эрдэнийн зах зээл харьцангуй хязгаарлагдмал байдаг аж.
Тэгвэл Монгол Улс өнөөдөр уг чухал бүтээгдэхүүнтэй холбоотой тодорхой хууль дүрэм, бүр тусгай зөвшөөрөл өгөх журам ч байдаггүй талаар мэргэжилтнүүд хэлсэн. Үүнтэй холбогдуулан зарим тулгамдаж буй асуудлаар мэргэжилтнээс авсан доорхи ярианд өгүүлэх болно.
Монголд өдгөө жоншны албан ёсны бүртгэлтэй үйлдвэр зургаа байна. Үүнээс Хятадын хөрөнгө оруулалттай гурав, Монголын гэх гурван үйлдвэр байдаг аж. Төв аймгийн нутаг дэвсгэрт "Чулуут интернэйшнл" ХХК, "Минис" ХХК, Дорнод аймгийн Айраг суманд үйл ажиллагаа явуулдаг "Яньтай уул", "Кевин инвест", Хэнтий аймгийн Галшар суманд "Норд Винд" зэрэг компаниуд жоншны баяжмал гаргаж байна.
Мөн эдгээр үйлдвэрээс гадна орон нутагт тусгай зөвшөөрөл бус газар зарах нэрийдлээр ийм бүтээгдэхүүний олборлолт, үйлдвэрлэл явуулдаг нууц эзэнтэй компаниуд олон бий гэнэ. Одоогоор жоншны олборлолт, хайгуулыг зүүн бүс нутаг болох Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутаг дэвсгэрт явуулж байгаа юм.
Жонштой холбоотой зарим асуудлын талаар Ашигт малтмалын газрын Уул уурхайн, судалгааны хэлтсийн мэргэжилтэн Д.Бэлэгбаяртай ярилцлаа.
-Монгол Улсад жонш баяжуулаад олон жилийг ардаа үдлээ. Гэтэл энэ салбар яагаад сайн хөгжихгүй, төр анхааралдаа авахгүй байна вэ?
-Манай улс жоншны салбарыг хаячихлаа гэхэд болно. Стратегийн ач холбогдолтой энэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлд олон сөрөг үр дагаврууд байна. Нэгдүгээрт жоншны үйлдвэрүүдийн бидэнд мэдээлж байгаа тоо баримт нь маш худал байдаг. Тухайлбал, Хятадын хөрөнгө оруулалттай жонш үйлдвэрлэлийн компаниуд ажилтнуудынхаа цалингийн цэсээ үзүүлдэггүй. Энэ нь эцсийн дүндээ тэд борлуулалтын орлогоо худал мэдүүлж байна гэсэн үг. Монгол Улс жонш олборлолтоороо дэлхийд эхний тавд ордог. Нийт нөөцийн хэмжээ одоогийн байдлаар 12 сая тонн гэж байгаа.
-Тэгэхээр одоо үйл ажиллагаа явуулж буй жоншны үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийн хүчин чадал стандартад хэр нийцэж байна вэ?
-Жоншны баяжуулах үйлдвэрүүдийг маш их барьж байна. Энэ бол хоёр талтай. Эдийн засагт үнэхээр үр нөлөөгөө өгч чадвал сайн зүйл. Гэтэл Хятадын чанар муутай тоног төхөөрөмжүүдийг хэрэглэж байгаа нь харамсалтай хэрэг. Бас жоншны үйлдвэр барих тусгай зөвшөөрөл байхгүй байна. Зөвхөн ТЭЗҮ-ийг нь үзээд л тухайн орон нутгийн удирдлагууд үйлдвэр явуулах эрх өгчихдөг. Өөрөөр хэлбэл, орон нутагт мэргэжлийн ямар ч ул үндэс, зохион байгуулалтгүй газар олгох хэлбэрээр эрх олгож байгаа нь үнэхээр эмзэглүүштэй асуудал. Гэхдээ энэ нь бас хоёр нөлөөг дагуулна. Юу вэ гэхээр төрөөс жоншны тусгай зөвшөөрөл олгодог болчихвол өнөөх авлига, хээл хахууль гэгч гараад ирнэ. Тиймээс эдгээр асуудлыг сайтар тооцох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр уул уурхайн компаниуд газар нутагт үнэхээр зэрлэг хандаж байна. Жоншны дийлэнх нөөц зүүн бүсэд байдаг болохоор тэнд үйл ажиллагаа явуулж буй компаниуд 80 тоннын даацтай автомашинаар шороогоо зөөдөг. Гэтэл тэр нутагт ямар ч бартаа, саадгүй юм чинь дуртай газраараа машинууд явж, хөрсийг нь сүйдэлж байна. Монголд Бор-Өндөрийн баяжуулах үйлдвэрээс бусад нь Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд үйл ажиллагаагаа явуулж байгаа.
Манай улсад жоншны салбар яагаад ийнхүү орхигдоход хүрэв. Үүний хариулт бол маш тодорхой. Юун түрүүнд манайд энэ чиглэлийн мэргэжилтнүүд гэж бараг байхгүй. Түүнчлэн мэргэжилтэй боловсон хүчин байгаад хөдөө жоншны үйлдвэрт очиж ажиллалаа гэж бодоход тэр хүний гэр бүл, орчин нөхцлийн асуудал маш хүнд байна. Мөн уул уурхайн бусад бүтээгдэхүүнийг бодвол жоншны үнэ нь харьцангуй бага байдаг. Бас Хятадын компаниуд монополь тогтоож, энэ бүтээгдэхүүнийг хямд үнээр авч байна.
Түүгээр ч барахгүй орон нутгийн иргэд хятадуудад нэг шуудай жоншийг 2500-хан төгрөгөөр худалдаж байгаа. Тодруулбал, Увс аймгийн Бөхмөрөн суманд ийм наймаа аль хэдийнэ хөгжсөнийг нутгийн иргэд ярьдаг. Энэ мэтчилэн олон асуудал тулгарч, буй аж. Төрийн түшээд зөвхөн том ордуудад анхаарлаа хандуулж буй нь мөдгүй газар доорхи стратегийн ач холбогдолтой гэх жоншоо Хятадад алдаж дуусахад бэлэн боллоо.