
Олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээний хөтөлбөрт багтдаг эрэгтэйчүүдийн долоо, эмэгтэйчүүдийн дөрвөн жин байдгаас Монголын тамирчид эрэгтэйчүүдийн 74 ба 120 кг, харин эмэгтэйчүдийн дөрвөн жинд бүгдэд нь /48, 55, 63, 72 кг/ эрхээ аваад байгаа билээ. Тиймээс үлдсэн таван жинд эрхээ авч, бүтэн багаараа олимпийн дэвжээнд зодоглохоор Гавьяат тамирчин Б.Наранбаатар /55 кг/, ОУХМ Г.Мандахнаран /60 кг/, Б.Батзориг /66 кг/, О.Үйтүмэн /84 кг/, Ч.Хүдэрбулга /96 кг/ нарын тамирчид Финляндыг зорилоо. Баг тамирчдыг МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Х.Баттуул ахалж, ерөнхий дасгалжуулагчаар А.Цэдэнсодном, дасгалжуулагчаар Б.Баяраа, Б.Батбаяр нар, багийн эмчээр Ч.Насанбат нар ажиллах ажээ. Түүнчлэн олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар шүүх бүрэлдэхүүнд багтан ажиллах юм байна.