Хөдөөг хоршооллох аян Хэнтийгээс эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

Хөдөөг хоршооллох аян Хэнтийгээс эхэллээ

“Хөдөөг хоршооллох аян”-ы нээлт, Хэнтий аймгийн хоршоологчдын зөвлөлгөөн сургалт саяхан болж, хоршооллох аяныг хэнтийчүүд хошуучлан эхлүүллээ. Монгол улсын Засгийн газар НҮБ-д санал тавьсны дагуу 2012 оныг Олон улсын хоршоог дэмжих жил болгосон бөгөөд үүнтэй уялдуулан манай Засгийн газар хөдөөг хоршооллох аяныг гурван жилийн хугацаатай зарласан билээ.
Хоршооллын аяны нээлтэд сум бүр туршлагатай болон шинэ 5 хоршоологчдоо оролцуулав. Зөвлөлгөөн сургалтаар ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд хоршоог хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогыг танилцуулж, хоршооллох аяныг орон нутагт хэрхэн зохион байгуулах болон сумдад жижиг хоршоо байгуулах арга зүйг тайлбарлаж өгч, хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн арилжаанд оролцогчдыг сургах, сургагч багш бэлтгэх сургалт явуулав.

Хэнтий аймгийн хэмжээнд 50 гаруй хоршоонд 1600 гишүүд бүртгэлтэй байдаг. Эдгээр хоршоод нийлээд жилдээ 740 сая төгрөгийн ашигтай ажиллаж, 24-30 сая төгрөг гишүүддээ хуваарилсан статистик мэдээ гарчээ. Энэ үеэр ХХААХҮЯ-ны “Тэргүүний хоршоологч” цол тэмдгээр Батширээт сумын “Гурван нэртэй” хоршооны дарга Г.Үржинханд, Баян-Адарга сумын “Арангат” хоршооны дарга Н.Миленгомбо, Хэрлэн сумын “Бадрах гэрэл” хоршооны дарга Р.Чулуун нар шагнуулж, нэжгээд хоршоологчдыг Хоршоологчдын холбооны одон, хоршооллын 90 жилийн ойн медалиар шагнаж урамшууллаа. Аймгийнхаа бүх сумаар аялуулах “Хөдөөг хоршооллох аян”-ы туг болон Монгол улсын шадар сайдын хоршооллын хөдөлгөөнийг өрнүүлэх албан даалгаврыг энэ үеэр аймгийн Засаг даргад гардуулж өгөв.

И.Байгалмаа / Хэнтий /

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж