Энэ нь сум орон нутгаа хөгжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, шинээр үйлдвэрлэл үйлчилгээ бий болгох, өргөтгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх, айл өрхийн орлогыг өсгөх, амьжиргааг нь дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн сумын Засаг дарга, Тамгын газар ихэд олзуурхаж иргэд, аж ахуйгаа онож зөв сонгон зээл олгох ажлыг сайтар зохион байгуулсан байна. Энэ талаар сумын Засаг даргын тамгын газрын төрийн сангийн төлөөлөгч О.Сайнзаяагаас тодруулахад:
-Юуны өмнө Засгийн газрын тогтоолоор баталсан “Сум хөгжүүлэх сан”-гийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам, гэрээний загварыг баримталсан. Түүнийхээ үндсэн дээр уг сангаас олгох зээлийн хүүг жилд гурван хувиар тооцож санхүүжилт олгохоор сумын ИТХ-ын YIII хуралдаанаар барьцаа хөрөнгийн 70 хувь хүртэл хэмжээтэй тэнцэхүйц нэг төсөлд олгох зээлийн дээд хэмжээг 20 сая төгрөг байхаар тогтоосон. Мөн тодорхой шалгуурыг хангасан хоёр хүртэлх төсөлд 50 сая хүртэлх төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн. Тэгээд төсөл сонгон шалгаруулах болон хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан. Түүнчлэн хөрөнгийн эргэлтийг түргэсгэх зорилгоор зээлийн хэмжээнээс хамааруулж төлөх хугацааг ялгаатай тогтоож өгсөн хэмээн ярив.
Сумын ЗДТГ-т 36 иргэн, аж ахуйн нэгжээс нийт 1099.9 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай төсөл боловсруулж түүнийхээ 67,5 хувь буюу 743.4 сая төгрөгийг зээлийн эх үүсвэрээр буюу энэхүү сум хөгжүүлэх сангаас авах санал ирүүлжээ. Төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн хурлаар дөрвөн удаа хэлэлцэж нягтлан шийдвэрлэсний үндсэн дээр 25 иргэн, аж ахуйн нэгжид нийт 264.4 сая гаруй төгрөгийн зээл олгосон байна. Тэдгээрээс доод тал нь зургаан төсөлд нэгээс дөрвөн сая, 12 төсөлд 5-8 сая төгрөгийн зээл олгосон бол хоёр төсөлд 20-30 сая, дээд тал нь нэг төсөлд 50 сая төгрөгийн зээл хуваарилжээ.
Тэдгээр зээл авагчид төмс, хүнсний ногоо тариалах, зоорь, хүлэмж барих, сүү, сүүн бүтээгдэхүүн, блок, хавтан, шахмал түлш үйлдвэрлэх, сүүний чиглэлийн фермер, тахиа, гахайны аж ахуй, оёдол, гар урлал, чимэглэл, дугуй, гутал засвар, номын худалдаа эрхлэх, бэлэг дурсгалын зүйлийн жааз, гэрийн модон тавилга, талх, нарийн боов хийх, нийтийн бие засах газар, худалдааны бөөний төв барьж, байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулж сумын иргэд, байгууллагад үйлчлэх болжээ. Оны эцсийн байдлаар авсан зээлийн үндсэн төлбөрийн 20.1 сая төгрөгийг эргэн төлсний дээр 3.1 сая төгрөгийн хүүгийн орлогыг оруулаад байна.
Одоогоор нэлээд иргэн төслийн дагуу эрхлэх үйл ажиллагааны бэлтгэлийг хангаж зарим нь ажлаа жигдрүүлжээ. Хөрөө рамных нь аж ахуйн нэгж зээлийнхээ санхүүжилтээр шахмал түлш үйлдвэрлэдэг болсноор хаягдал гаргахаа больсны дээр иргэд, айл өрхийг түлшээр хангах нөхцөл бүрдүүлсэн байна. Мөн “Уран хээ” хэмээх аж ахуйн нэгж шинээр бий болж орон нутагтаа гоемсог жааз үйлдвэрлэж иргэдийн захиалга, хүсэлтийн дагуу бэлэг дурсгалын зүйл бэлтгэж өгдөг боллоо. Ийнхүү тус суманд хуваарилсан 265 сая төгрөгийн зээлээс дэмжлэг авсан иргэд, аж ахуйн нэгжийн төслүүд үр дүнгээ өгч эхэлсэн байна. Харин төв гудамжинд нийтийн боловсон бие засах газар барих, худалдааны төв, номын худалдаа бий болгох зэрэг ажил үйлчилгээ эрхлэх төслийн хэрэгжилт удаашралтай явна.