О.Ананд: Би Б.Лхагвасүрэн ах шиг шүлэг бичиж, Д.Сосорбарам ах шиг шүлэг уншихыг мөрөөддөг

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

О.Ананд: Би Б.Лхагвасүрэн ах шиг шүлэг бичиж, Д.Сосорбарам ах шиг шүлэг уншихыг мөрөөддөг

 Бавуугийн
Лхагвасүрэнгийн “Ижийтэйгээ байхад” шүлгийг хүмүүсийн сэтгэлд хоногштол
уншсан энэ хүүг Одбаярын Ананд гэдэг. Биендээ баймгүй авьяас билэгтэй,
насандаа ахадмаар хөдөлмөрч хүүтэй хичээлийнх нь цагаас урьтан уулзлаа.

-Өдрийн мэнд. Өөрийнхөө талаар товч
танилцуулаач, Ананд аа. Хүүхдүүд чамайг аль хэдийнэ эчнээ таньдаг
болчихсон гэдэгт эргэлзэхгүй байна?

-Баярлалаа. Би гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18-р дунд сургуулийн долдугаар ангид сурдаг. Одоо 11 настай.

-Хэдийнээс эхэлж шүлэг уншдаг болсон бэ?

-Удаагүй
байгаа. Би энэ хавраас эхэлж уншсан. “Бас л завгүй” яруу найргийн
тоглолтон дээр анх Б.Лхагвасүрэн ахын шүлгээс уншсан. Тэр үеэс л их
урамшиж, шүлэг, уран уншлагаар дагнах бодол төрсөн. 

-Анх тайзан дээр гарахдаа сандарч байсан уу?

-Сандраад
бүр гацсан гээч. Гэхдээ хүмүүсийн алга ташалт надад үнэхээр их урам
өгсөн. Тэгээд зориг ороод шүлгээ дуустал нь тайван уншиж чадсан.

-Хүмүүс чамайг “Ижийтэй байхад” шүлгийн клипээр чинь илүү таних болсон. Анхны клип чинь үү?

-Үгүй
ээ. Миний анхны клип “Цэцгэн бэрх” гэдэг шүлгийн зохиомж байдаг. Би
нийтдээ гурван клип хийлгэсэн. Одоо удахгүй Б.Лхагвасүрэн гуайн 
“Боржигоны бор тал” шүлгэнд клип хийлгэх бодолтой байгаа. Б.Лхагвасүрэн
ахаас зөвшөөрөл авчихсан байгаа. Намайг их дэмждэгт нь их баярладаг.

-Өөрийн бие даасан цомгоо гаргая гэж боддог уу?

-Уг
нь энэ зун гаргая гэж бодсон боловч бүтээгүй ээ. Гэхдээ өөрийн бие
даасан цомгоо гаргана гэж бодож байгаа. Тэгэхийн тулд суралцах зүйл их
байна. Бас хөрөнгө, мөнгөний асуудал ч гардаг юм шиг байна лээ.

-Миний дүү яруу найрагчдаас хэний шүлгийг унших дуртай вэ?

-Яруу
найрагч Б.Лхагвасүрэн, М.Билэгсайхан ахын шүлэг, найргууд таалагддаг.
Мөн би гавьяат жүжигчин Д.Сосорбарам ахын уншсан шүлгийг байнга сонсох
дуртай. Бас унших.

-Чи өөрөө шүлэг зохиодог уу?

-Яахав
бага сага оролдоно оо /инээв/. Гэхдээ тийм ч сайн биш ээ. Өөрийнхөө
хэмжээнд л бичдэг. Бие даасан цомгийг гаргахаараа өөрийнхөө бичсэн “Би”
гэдэг шүлгээ оруулах юмсан гэж боддог. 

 -Анх клипээ үзэхэд ямар санагдаж байсан бэ?

-Их
л баярласан. Бас их бэрхшээлтэй байсан. Гэхдээ олон өдөр хичээж зүтгэж
хийсэн болохоор түүнийхээ ард гараад үр дүнг нь харахад сайхан
санагдсан. Манай ангийн багш болон найз нар маань их тусалж дэмжсэн. Ер
нь их хэцүү юм байна лээ. Би уран бүтээлч хүн ямар их хөдөлмөрлөж, ямар
их цаг завгүй байдгийг бага сага ойлгосон.

-Тэгэхээр танай ангийнхан тэр клипэнд чамтай хамт тоглосон гэсэн үг үү?

-Тэгсэн.

-Тэгвэл танай ангийнхан хэр сайн жүжиглэсэн гэж бодож байгаа вэ?

-Ер
нь санасанаас маш сайн жүжиглэсэн. Зарим нь надаас илүү дүрдээ орж, их
хичээж байгаа нь анзаарагдсан. Ангиараа тийм гоё шүлгийн клипэнд
тоглосондоо манай ангийнхан үнэхээр бархархдаг.

-Ийм
жаахнаасаа уран бүтээл гээд яваад байхаар хааяа багш нартаа зэмлүүлж
байна уу, хичээлээсээ хоцорчих вий гэж санаа зовдог байлгүй?

-Манай
ангийн багшийг Доосүрэн гэдэг. Багш маань намайг ойлгож, миний ажилд
тусалдаг юм. Тийм болохоор би хичээлээ харин ч сайн хийж, онц сурахыг
хичээдэг. Хичээл, сурлагаа хойш нь тавиагүй ээ. Тэгээд ч олон хүн надад
энэ талаар захиж байгаа. Б.Лхагвасүрэн ах хичээл, сурлага чинь чухал
шүү, шүлэг унших бол чиний хувьд сонирхол чинь л байх ёстой гэж
хэлснийг би үргэлж санаж явдаг.  

-Хамгийн дуртай сонирхолтой хичээл чинь юу вэ?

-Технологи,
англи хэл, мэдээлэл зүйн хичээлдээ дуртай. Гэхдээ технологийн хичээлдээ
арай л илүү сонирхолтой юм байна. Сийлбэрээ сайн сурч байгаа. Маш
сонирхолтой.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Надад бараг чөлөөт зав гэж гардаггүй.Хэрэв зав гарвал ном уншихыг хичээдэг.

-Хичээлээс гадуур дугуйлан секцэнд явдаг уу?

-’Шаанс’
агентлаг гэж байдаг даа. Тэнд жүжгийн хичээлд явдаг. Ер нь тэгээд
бүжгийн, хөгжмийн гээд урлагийн чиглэлийн дугуйланд сонирхолтой. Болж л
өгвөл тийм дугуйланд суралцахыг хүсдэг.

-Ямар мэргэжилтэй болох вэ. Энэ талаар бодож үзсэн үү?

-Багадаа
нисгэгч болно гэж мөрөөддөг байсан. Харин том болоод ирсэн чинь яруу
найрагч, зохиолч, эсвэл бүжиглэн, дуучин гээд төрөл бүрийн авьяастай
хүн болмоор санагддаг болсон. Б.Лхагвасүрэн ах шиг шүлэг бичдэг, зураг
зурдаг, Д.Сосорбарам ах шиг дуулдаг, жүжиглэдэг болох нь миний мөрөөдөл
гэж болно доо. Тэдэн шиг болохын тулд би өөртөө байгаа авьяасаа
хөгжүүлнэ л гэж бодож байгаа.

-Одооноос улам л цаг завгүй болж байгаа Ананд өглөө хэдэн цагт сэрдэг вэ?

-Амралт
чөлөөт цаг маш ховор байдаг болохоор өглөө эрт 08 цагаас босоод орой 10
цаг гээд л унтдаг. Ер нь тэрнээс ч эрт босч байх хэрэгтэй байх.

-Телевиз үзэх дуртай юу?

-Өдрийнхөө
бүх ажлийг дуусгачихаад амарч байх хугацаандаа 2-3 цаг сонирхолтой
хүүхдийн нэвтрүүлэг юм уу кино гарвал үздэг. Тэрнээс олон цагаар
телевизийн өмнө суудаггүй.

-Дүүгээ хардаг гэсэн үү. Дүүгийнхээ талаар яриач. Та хоёр нэг сургуульд сурдаг уу?

-Манай
дүүг Намуун гэдэг. Одоо найман настай. Энэ жил гуравдугаар ангид орсон.
Бас шүлэг хөөрхөн уншина аа. “Шаанс” төвд гавьяат жүжигчин
Л.Чаминчулуун багшийн удирддаг жүжгийн ангид сурдаг.

-Танай гэр бүлд чамаас өөр урлагийн хүн байгаа юу?

-Өвөөгийн аав нь ардын хөгжмийн төрөл төрлийн зэмсгээр тоглодог хүн байсан гэнэ лээ.

-Үеийнхээ
хүүхдүүдийг бодвол олны танил болчихлоо. Бас уран бүтээлийн ажлын зах
зухаас мэдэрчихлээ. Хэвлэл, мэдээллээр ч их гарах болж. Чамд энэ бүхэн
ямар санагдаж байгаа вэ?

-Надад ерөөсөө
тээртэй санагддаггүй. Харин ч би өөрийгөө бусад хүүхдүүдийг бодвол
азтай гэж боддог. Миний үе тэнгийн хүүхдүүд тэр болгон телевизээр гарч
чаддаггүй. Тэдний хувьд энэ бараг мөрөөдөл нь байх аа. Тийм болохоор
урлаг надад таалагдаж байгаа.

-Чиний уншдаг шүлгүүд бага насны хүүхэд ойлгож уншихад хүнд бүтээлүүд байгаа. Дүрдээ ороход бэрхшээл хэр байдаг вэ?

-Хүнд
хэцүү шүлгийг сайн нухацтай ойлгож цээжлэх хэрэгтэй байдаг. Хүүхэд тэр
бүр уншаад байдаггүй сэтгэлийн, утга уянгын шүлгийг хүнд хүргэж уншихын
тулд би сэтгэлдээ уйлж уншдаг. Бэлтгэл хийхдээ өөрийн эрхгүй уйлчихдаг.

-Одоо дараа дараагийн уран бүтээлээ
үргэлжлүүлэхдээ ямар зохиолчийн бүтээлээс унших юмсан гэж боддог вэ.
Эсвэл Б.Лхагвасүрэн гуайн шүлгээр дагнах гэж байгаа юм уу?

-Яг
ч дагнана гэсэн тухай бодоогүй ээ. Уг нь би Р.Чойном агсны “Шүтээн”
шүлгийг анх цээжилсэн дороо л унших юмсан гэж боддог байсан. Гэвч
холбогдох хүмүүстэй нь холбоо барьж, соёлын өвийг хамгаалах “Өд”
сангийнхан дээр очиж уулзахад “Хэрвээ орлого олохгүй гэвэл клип хийхийг
зөвшөөрнө.VCD гаргана гэвэл манайх ашгаа авна” гээд халгаагаагүй.
Намайг мөнгөний араас хөөцөлдөж байгаа гэж том хүмүүс бодсонд жаахан
урам хугарсан. Уг нь би дуртай шүлгээ л зохих зөвшөөрлийнх нь дагуу
уншиж үзье гэж бодсон.

-Дараагийн удаа зөвшөөрөх байлгүй дээ, миний дүү. Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

-Ч.Ану
эгчийн тоглолтонд орох гэж байгаа. Шинэ шүлэг уншина. Цаашдын зорилго
гэвэл Т.Дэлгэрмөрөн, С.Жавхлан ах хоёртой хамтарч гоё уран бүтээл хийх
юм сан гэж боддог. Тэр хоёртой холбоо бариад, зөвшөөрвөл би их
баярлана. Хөгжмийн зохиолч Ч.Бямбабаяр ахын “Өврийн ганц хайлаас”,
“Аавдаа хэлэх үг” гэсэн хоёр гоё дуу байгаа.

-За баярлалаа. Амжилт хүсье. Сайн уран бүтээлч болоорой.

М.Дөлгөөн  /2008 оны 9 сарын 11/                                                                                                       

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж