“Уншигчдын бага хурал-уулзалт” боллоо

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

“Уншигчдын бага хурал-уулзалт” боллоо

Төрийн дуулал, түүх шастир, утга уянгын уран зохиол, яруу найргийн тэнгэрт Дорнын талаас төрөн гарсан алдарт зохиолч яруу найрагчдын үйл хэргийг үргэлжлүүлж, залуу хойч үедээ түүчээлэн яваа олон сайхан зохиолч уран бүтээлчид манай аймагт аж төрөн суудаг. Тэдний төлөөлөл болох Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн нэрэмжит “Оюуны ундарга” шагналын эзэн Монголын зохиолчдын эвлэл, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн гишүүн сэтгүүлч-утга зохиол судлаач Лувсансүхийн Хэрээ, аймгийн Утга зохиолын нэгдлийн дарга, Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Цэрэндоржийн Жамбалгарав нарын бүтээл туурвилыг олон нийтэд сурталчлах зорилго бүхий “Уншигчдын бага хурал-уулзалт”-ыг аймгийн Төв номын сан, Дорнод дээд сургууль хамтран энэ сарын 24-ны өдөр зохион байгуулав. Аймгийн номын их өргөөнөө болсон уг арга хэмжээнд хоёр зохиолчийн мэргэжил нэгт нөхөд, уран бүтээлийн андууд, Дорнод дээд сургуулийн багш оюутнууд, уншигчид оролцлоо.

Энэ үеэр сэтгүүлч-утга зохиол судлаач Л.Хэрээгийн уран бүтээлийн тухай судлал шинжлэлийн бүтээлийн талаар “Гярхай ажиглалт” сэдвээр Дорнод дээд сургуулийн захирал доктор М.Одмандах, Яруу найрагч Ц. Жамбалгаравын яруу найргийн номын тухай “Этгээд сэтгэлийн дуун” сэдвээр Дорнод дээд сургуулийн багш докторант Д.Оюунгэрэл нарын илтгэл тавигдаж, уран бүтээлийн анд нөхөд, шавь нар нь чин сэтгэлийн яриа өрнүүлсэн юм.  Мөн яруу найрагч Ц.Жамбалгаравын үг МУГЖ н.Дугарын хөгжим “Дорнын гэгээн суварга”, “Амьдралын дуу”, “Дорнын жороо” зэрэг дуунуудыг Алтан гадас одонт аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид дуулж сонирхууллаа.

Сэтгүүлч-утга зохиол судлаач Л.Хэрээ нь уран зохиолын судлал шинжлэлийн 42 өгүүлэл, бүрэн хэмжээний 2 жүжиг, цөөн тооны өгүүллэг, сэтгүүлчдийн мэдлэг боловсрол, авьяас чадвар шалгах найруулал, хөрөг, асуудал дэвшүүлсэн эргэцүүлэл, тэмдэглэл зэрэг 70-аад бүтээл бичсний зэрэгцээ сурвалжлага,ярилцлага зэрэг төрлөөр олон арван бүтээл туурвисны дээр Дорнод аймаг дахь хэвлэл мэдээллийн салбарын үүсэл хөгжлийн суурийг тавилцсан ахмад сэтгүүлч төдийгүй одоо ч Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн тус аймаг дахь сурвалжлагчаар ажиллаж байна. Яруу найрагч Ц.Жамбалгарав нь Монголын Зохиолчдын эвлэлийн Дорнод аймгийн даргаар сүүлийн жилүүдэд ажиллаж буй хугацаандаа Дорнын их яруу найрагч Д.Нямсүрэнгийн бүтээлүүд, үйл хэргийг түгээн дэлгэрүүлэх, хөшөө дурсгалыг нь байгуулах ажлыг санаачлагчдын нэгээр амжилттай ажиллаж, залуу яруу найрагчдыг дэмжих, бүтээлийг нь ном болгон олон нийтэд танилцуулах ажлыг хэрэгжүүлж өөрийн уран бүтээлийн хэд хэдэн ном уншигчдын гар дээр тавьсан юм.

Дашрамд дурдахад Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн нэрэмжит аймгийн Төв номын сан, Дорнод дээд сургууль хамтран өнгөрсөн сард яруу найрагч Н.Дугарсүрэн гуайг урьж оролцуулсан уулзалтыг хийсэн бөгөөд энэ удаад дээрх хоёр уран бүтээлчийг уншигчидтай нь уулзуулах ажлыг амжилттай зохион байгууллаа.

Цаашид уг хоёр байгууллага хамтран энэ чиглэлээр хамтран олон ажлууд төлөвлөөд байгаагаа уулзалтын үеэр тэмдэглэн хэлж байсан юм.

Үйл ажиллагааны төгсгөлд хүндэт зочид маань сонирхолтой илтгэл бэлтгэж оролцсон доктор багш нарт хувийн зүгээс дурсгалын зүйл гардуулж, Төв номын сан, Дорнод дээд сургуулийн захиргаанаас Л.Хэрээ, Ц.Жамбалгарав нарт бэлэг бэлгийн дээд номоор сэтгэлийн мялаалга өргөж уг арга хэмжээ өндөрлөв.

                                                                                      Б.Мөнгөнтуул 
/ Дорнод аймаг /    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж