сургуулиуд эрт тарна гэсэн мэдээлэл байна. Энэ талаар албан ёсны журам
батлагдсан уу?
-Одоогоор сонгуультай холбогдуулж ямар нэгэн шийдвэр гаргасан юм
байхгүй. Сонгуулийн ерөнхий хорооноос ч тодорхой зохицуулалт хийгдэх
талаар мэдэгдэл ирүүлээгүй. Энэ жил их, дээд сургуулиудын элсэлт ирэх
долдугаар сарын 1-нд эхэлнэ. Энэ хооронд сонгууль явагдаад өнгөрчих
учраас ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа давхцах, хүндрэл учрах явдал
гарахгүй байх. Тэгээд ч оюутны зуны амралтаа эрт эхлүүлэх
зохицуулалтуудыг сургуулиуд өөрсдөө хийх бололцоотой. Энэ жилийн
хичээлийн жил дуусахад cap хүрэхгүй хугацаа үлдлээ. Боловсролын салбарын
ойрын гол ажил бол төгсөлтийн асуудал байгаа. Үүнийг их, дээд
сургуулиуд бие дааж шийднэ. Дараа нь залгуулаад элсэлтийн шалгалт
яригдана. Элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог сургуулиуд өөрсдөө
тогтоодог. Ингэхдээ БСШУЯ-наас гаргасан журмын дагуу төрийн болон хувийн
их, дээд сургууль бүр журмаа гаргаж нийтэд мэдээлэх байх. Их, дээд
сургуулиуд оюутан элсүүлэх босго оноогоо өмнөх жилүүдээс арай өндөр
тавиад байгаа. Энэ бол чанар руу дөхөх гэсэн санаа юм.
-Одоогоор ямар сургуулиуд оюутан элсүүлэх босго оноогоо өндөрсгөөд байна. Босго оноо нь нэмэгдээд хэд болсон бэ?
-МУИС, ШУТИС, Санхүү эдийн засгийн сургуулийн босго оноо нэмэгдсэн.
Гэхдээ энэ нь тухайн мэргэжлээс хамаараад өөр өөр л дөө. Ерөнхийдөө
инженер, технологийн чиглэлээр мэргэжил эзэмшигчдийн босго оноог хэт
өндөр тавих нь хүндрэлтэй. Яагаад гэвэл, энэ чиглэлээр суралцагсдын тоо
харьцангуй бага байдаг. Ирэх зургадугаар сарын 8,9,10-нд элсэлтийн
ерөнхий шалгалт явагдана. Одоогоор шалгалтын бэлтгэл ажлууд хийгдээд явж
байна. Их, дээд сургуульд шинээр элсэгчид ерөнхий шалгалттай холбоотой
мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийн вэб сайтаас авч болно.
-Өнгөрсөн жилийн хавраас эхэлж яригдсан их, дээд сургуулиудыг цогцолбор болгон хөгжүүлэх ажил юу болж байна?
-Энэ бол бүхэл бүтэн хотын тухай ярьж байгаа асуудал шүү дээ. Анх Налайх
дүүрэгт оюутны цогцолбор барихаар газрын зөвшөөрөл гарсан. Үүний дараа
нарийн судалгаанууд хийгдсэн. Уг судалгаагаар Налайх дүүрэгт оюутны
хотхон байршуулахад хүндрэлтэй, маш их зардал гарах хувилбарууд гарсан.
Тиймээс Засгийн газар энэ асуудлыг дахин авч хэлэлцээд, оны өмнөх нь
Үндэсний шинэтгэл хөгжлийн хорооноос судалгааны баг гаргаж ажиллаад хэд
хэдэн газруудыг сонгосон. Хамгийн бололцоотой газраар Багануур дүүрэг
гэж үзсэн. Ингээд Засгийн газрын хуралдаанаар дахин оруулаад Багануурт
байршуулахаар шийдвэр гарсан байгаа. Хотхон барих ажил удахгүй эхэлнэ.
Санхүүжилт нь тодорхой хэмжээнд шийдэгдээд явж байна. Нэмэлт эх
үүсгэврүүд олох, санхүүгийн эх үүсгэвэртэй байж л энэ ажил эрчимтэй
явагдана.
-Багануур дүүрэгт оюутны цогцолбор хотхон барихын тулд ойролцоогоор хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай байна вэ?
-Засгийн газраас гарсан чиглэлээр эхлээд инженер технологийн
сургуулиудыг шинжлэх ухааны парктай хамт Багануур дүүрэгт байршуулахаар
төлөвлөөд байна. Энэ ажил цаашаа өргөжинө. Мэдээж тэнд зам, цахилгаан,
дулаан гээд бүхий л дэд бүтцийн асуудал яригдана. Аль хэсгээ ямар эх
үүсвэрээр барих чиг нь гарсан. Жишээ нь, хичээлийн төв корпусыг улсын
төcвөөp, оюутан, багш нарын байр, үйлчилгээтэй холбоотой асуудлыг хувийн
байгууллагын оролцоотойгоор шийдэх тойм гарсан байгаа. Гадны эх
үүсвэрийг хайх чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал, Солонгосын талын
дэмжлэгтэйгээр нэгдсэн том номын сангийн асуудлыг шийдүүлсэн. Хятадын
талаар барилга бариулах гэх ч юм уу. Энэ мэтчилэнгээр хамтын
ажиллагаатай орнуудад уг төслөө танилцуулж байгаа.
-Налайх дүүрэгт Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг тусад нь барих тухай яригдаад байгаа. Энэ нь ямар учиртай юм бэ?
-Угаас мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн хэрэгцээ, шаардлага их байна.
Нөгөө талаас Налайхад тухайн төвийг барьж чадах юм бол тэр хэрээр бүтээн
байгуулалт хийгдэхээс гадна мэргэшүүлэх хүмүүсээ төгс бэлтгэх боломж
бүрдэнэ.
-БСШУЯ-наас жил бүр эрэлт хэрэгцээтэй болон илүүдэлтэй байгаа
мэргэжлүүдийн талаар судалгаа явуулдаг. Өнөө жилийн хувьд ямар дүн
гарсан бол?
-Ойрын 5-10 жилд уул уурхай, ашигт малтмал, зам, барилга ялангуяа уул
уурхайн олборлолт, боловсруулах үйлдвэрийн чиглэлийн мэргэжилтнүүд эрэлт
ихтэй байна. Мөн инженер, технологийн дээд боловсролтой мэргэжилтнүүд ч
хэрэгтэй байгаа. Бид зах зээлээ харж мэргэжилтнүүдээ бэлтгэх тал дээр
анхаарахаас өөр аргагүй. Гэхдээ бид өнөө, маргаашдаа шаардлагатай
хэмжээний мэргэжилтнүүдээ шууд бэлтгэчих чадалгүй байгаа.
-Яагаад?
-Манайх техник, технологийн ганцхан их сургуультай. Шаардлагатай бүх
мэргэжилтнээ улсдаа ганц сургуульд бэлдэх боломжгүй юм. Үүний хажуугаар
бид эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлийн дагуу мэргэжилтнүүдээ эх орондоо
бэлтгэх, тоогоо нэмэгдүүлэх үүднээс гадны хамтарсан сургууль байгуулах
чиглэлээр ажиллаж байна. Энэ талаар Герман улстай хамтарч, техник,
технологийн сургууль байгуулах асуудал яригдлаа шүү дээ. Саяхан
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Германд айлчлах үеэр энэ асуудлыг дахин хөндөж
тавьсан. Гурван хоногийн өмнө Германаас баг Монголд ирж мэргэжлийн
сургалтын болоод дээд боловсролын чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах,
хамтарсан сургуулиа ямар хэлбэрээр байгуулах вэ гэдгийг судлахаар ирсэн
байгаа.
-Зөвхөн дээд боловсрол гэхээс илүүтэй зарим нэг дутагдалтай байгаа чиглэлээр ховор мэргэжилтэн бэлтгэх асуудлууд гардаг уу?
-Байлгүй яах вэ. Сүүлийн үед янз бүрийн өндөр шилэн барилгууд баригдах
болсон. Гэтэл тэдгээр өндөр шилэн барилгуудад мэргэжлийн лифтчин бэлтгэж
чадахгүй байгаа юм. Бэлтгэхийн тулд сайн технологи нь хэрэгтэй. Иймээс
"Койка"-гийн дэмжлэгтэйгээр Монгол-Солонгосын коллежид өргөтгөл хийж
байгаа. Тэндээ нарийн ховор мэргэжилтнүүдээ бэлтгэж эхэлнэ.
-Их, дээд сургуулиудыг тооноос чанар руу шилжүүлэх үүднээс нэгтгэсэн. Ингэснээр тодорхой үр дүн гарч байна уу?
-Одоо манай их, дээд сургуулиудын бүтцийг харах юм бол олон жижиг
сургуультай. Хувийн сургуулиуд нь давамгайлсан. Ийм нөхцөлд чанарын
тухай ярих бэрхшээлтэй. Төрийн сургуулиудаас эхлэх хэрэгтэй гэж үзээд,
бүтцийн хувьд өөрчилж, өнгөрсөн жил зарим сургуулиудыг нэгтгэсэн шүү
дээ. Их, дээд сургуулиуд сургалтын чанарын хувьд тодорхой үр дүнд хүрч
байгаа.