ШӨХТГ-ын даргыг огцруулахыг шаардана

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

ШӨХТГ-ын даргыг огцруулахыг шаардана

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрын дарга Б.Лхагвааг ажлаас албан тушаалаас нь огцруулахыг шаардаж хэвлэлийн бага хурал хийхээр болсон байна. Хурал 12.00 цагт Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны байранд болох аж.

 Нефть импортлогч компаниуд энэ оны нэгдүгээр сарын 06-ны өдөр бензин, түлшний үнийг нэг литр тутамд 210-260 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрын байцаагчид шалгалт хийж, үгсэн тохирч шатахууны үнэ нэмснийг тогтоон дүгнэлт гаргаж, бүрэн эрхийнхээ хүрээнд 17 тэрбум төгрөгийн торгууль оногдуулсан билээ. Гэтэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва энэ сарын 10-нд 02 дугаар тогтоол гаргаж, улсын байцаагчийн дээрх шийдвэрийг хүчингүй болгожээ.

Энэ сарын 24-нд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар “Энэ сарын 27-ны өдөр гэхэд шатахуун импортлогчдод  оногдуулсан торгуулиа хэвээр үлдээснээ мэдэгдэхийг шаардаж байна. Хэрэв Б.Лхагвааг гаргасан шийдвэртээ өөрчлөлт оруулахгүй бол МҮЭ-ийн холбоо албан тушаалаас огцруулахыг Монгол Улсын ерөнхий сайд С.Батболдоос шаардах болно” гэсэн юм.

                                    Д.Жаргал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж