Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагчдын дунд “Байгаль хамгаалах нүүдлийн хайрцаг” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Тус хамгаалалтын захиргааны дарга А.Алтай “Дулааны улирал эхэлсэн тул малчин айлууд зах хязгаар, тусгай хамгаалалттай газар нутгуудад дөхөж очсоор байна. Тэд зөвхөн бэлчээр ашиглаад зогсохгүй маш цөөн тоотой үлдсэн ой модыг хайр найргүй сүйтгэдэг. Түүгээр ч барахгүй өнгөрсөн жил ойн түймэр хоёр удаа гарсан. Эдгээрийн улмаас гол нуурын ус татрах үзэгдэл нүдэнд ил харагддаг болсон. Мөн ан амьтныг хууль бусаар агнах зөрчил арилгаагүй. Саяхан Алтай суманд буга агнасан хэрэг гарсныг хуулийн байгууллага шалгаж байгаа. Хавар, зун баруун урьд хил дээр гадна дотнын хүмүүс бугын эвэр хулгайгаар түүх зөрчил гардаг. Энэ мэтийн үйлдлүүдийг таслан зогсоох, байгаль хамгаалах үйлсэд нутгийн иргэдийг өргөн оролцуулах зорилгоор нийслэлээс мэргэжилтнүүд урьж гурван хоногийн хугацаатай энэ сургалтыг хийж байна. Сургалтаар байгаль хамгаалагч багш нар бэлтгэгдэнэ. Тэднийг холбогдох лавлах материалаар хангана” гэв.
Үүргээ биелүүлэхэд нь ямар бэрхшээл тохиолдож байгаа тухай байгаль хамгаалагч Алтай сумын С.Серик, Цэнгэл сумын Т.Солдат, Ховд аймгийн Б.Батмөнх нар “Буутай ангуучлагчийн хууль бус үйлдлийг таслан зогсоё гэхээр бие хамгаах зэвсэггүй, таван жилийн хугацаанд эдлэхээр олгосон мотоцикль нь долоон жил боллоо. Запаас сэлбэг, бензиний үнийг бид өөрсдөө л гаргадаг. Хариуцсан нутгаа нэг удаа эргэхэд талдаа 100-300 км явдаг тул энэ тал дээр анхаармаар байна” гэв.
Ш.Айбек / Баян-Өлгий /