Өнгөрсөн долоо хоногийн тухайд Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулна, огцруулахгүй гэж ярьсаар өнгөрлөө. Түүний өмнөх долоо хоногт Н.Энхбаяраар дээр дооргүй “амьсгалсаар” өнгөрсөн билээ. Ерөнхийдөө улстөрчид дээрх хуулийг яаралтай батлах хэрэгтэй гэж байгаа ч ярьж хэлж байгаа шигээ хурдан хөдөлж чадахгүй нь бололтой. Үүнийг олон улсын зах зээл соргогоор мэдэрсэн бололтой, долоо хоногийн сүүлчээр “SGS”-ийн хувьцааны ханш өсч эхэллээ. Өнгөрсөн баасан гарагийн байдлаар тус компанийн хувьцааны ханш Хонконгийн хөрөнгийн бирж 53.35 хонконг долларын ханштай байлаа. Харин долоо хоногийн эхээр хувьцааны ханш 52.60 хонконг доллараар үнэлгэдэж байжээ. Долоо хоногийн дундуур буюу дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хувьцааны өсөлт дээд цэгтээ хүрсэн нь 54.20 ам.доллар байв. Ерөнхийдөө хувьцааны ханш ийнхүү өсөлттэй байгаа нь Монголын Засгийн газар, УИХ-ын шийдвэрийн удаан, хойрго байдалтай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Нөгөөтэйгүүр South gobi sands энэ хугацаанд зүгээр суусангүй. Тэд монголын нүүрсний ложистикийн системийг атгадаг “Винсвей” компанийн 29.9 хувийг авахаар болжээ. “Энэхүү хэлцэл нь “South gobi”-ийн наймаатай салшгүй холбоотой” гэдгийг “Чалко”-ийн төлөөлөгч мэдэгдлээ. Ингэснээр “Чалко” тус компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч болж байна байгаа юм.
Нүүрсний томоохон ордыг тээвэртэй нь хамт худалдан авч байгаа “Чако”-гийн үйлдэл Монголын нүүрсэнд илт шунаж буйг илтгэж байна. Хятадын хөнгөн цагааны корпораци буюу “Чайналко”-гийн охин компани болох “Чалко” нь хөнгөн цагааны салбарт үйл ажиллагаа явуулдаг. Гэвч сүүлийн жилүүдэд хөнгөн цагаанаас төдийлөн ашиг олохоо больсон тул өөр салбар луу хүч түрэн орохыг эрмэлзэж байгаа юм байна. Тэдний гол бай Монголын нүүрсний салбар болсон бололтой. Харин манай улс хуулиа батлах эсэх нь өнөөг хүртэл тодорхойгүй л байна. Хэрвээ хууль батлагдахгүй байж байгаад хэлцэл бүрэн хүчин төгөлдөр болчихвол яах вэ. Хятадын төрийн өмчийн компани монголын нүүрсний салбарт худалдан авагч, нийлүүлэгч, тээвэрлэгч гэсэн үндсэн гурван чиглэлд монополь байдлаа тогтоох нь. “Винсвей”-г худалдаж авсан учраас “Чалко” Овоот толгойн ордоос олборлосон нүүрсээ тээвэрлэх гэж нь зовох асуудал гарахгүй бололтой. Мэдээж “Чалко”-ийн хувьд энэ хэлцэл тун ашигтай. Тодруулбал, “South gobi”-ийн хувьцаа энэ сарын 24-ний хүртэл тасралтгүй унаж байсан. Энэ нь Монголын Засгийн газар, УИХ дээр хуулийн төслийг баталж, хэлцлийг зогсоох тухай асуудал эрчимтэй яригдаж эхэлсэн, Ашигт малтмалын газраас “South Gobi”-ийн нэр дээрх лицензүүдийг түдгэлзүүлсэн зэрэг мэдээлэлтэй холбоотой. Харин 24-нд “Чалко” “Винсвей”-г худалдан авах болсон талаар мэдээлсний дараах өдөр буюу 25-ны өдрийн нээлтийн ханшаар хувьцааны үнэлгээ огцом өссөн байгаа юм.
Юутай ч УИХ хуулиа батлах эсэх асуудал ирэх долоо хоногт шийдэгдэнэ гэсэн хүлээлт үүсээд байна. Удахгүй бүх асуудал тодорхой болох биз ээ.