Роуз “Филаделфиа 76” багтай хийсэн цувралын эхний тоглолтын үеэр гэмтэл авсан. Тэрбээр довтолгоо хийх үедээ зүүн өвдөгнийхөө шөрмөсийг тасалсан бөгөөд талбайгаас “Чикаго” болон “Филаделфиа” багийн дасгалжуулагчдын тусламжтайгаар гарч явсан юм. Улмаар “Чикаго”-гийн эмч нар түүнийг бэртлийн улмаас плей-оффт дахин тоглох боломжгүй гэж дүгнэв.
Ингэснээр улирлыг амжилтаар тэргүүлэгч “Буллс”-ын хувьд аваргын цом өргөнө гэдэг боломжгүй зүйл болж хувирлаа. Роузын гэмтэл бусад багуудад том боломж гэж хэлж болно. Яг одоо “Буллс”-тэй өрсөлдөж байгаа “Филаделфиа 76” баг ч дараагийн шатанд шалгарч магадгүй. Мөн хоёрдугаар шатанд “Атланта Хаукс”, “Бостон Селтикс” нарын хожсон нь тэдэнтэй таарна. Гэхдээ доогуур байраар гарч ирсэн “Хаукс”, “Селтикс” багуудад ч бүсийн шигшээд шалгарах боломж илүү өндөр хувьтай боллоо гэсэн үг юм. Гэвч Роуз эзгүй болсноор Дорнод бүст “Майами Хит”-тэй тэнцүү өрсөлдөөн үзүүлэх чадамжтай баг бараг үгүй болсон гээд хэлэхэд буруудахгүй. Роузын энэ гэмтэл “Майами Хит”-ийг финалд хүрэх тийзээ эрт захиалсан ч буруудахааргүй байдалд хүргэлээ.
Тэгэхээр плей-оффын тэнцвэртэй өрсөлдөөн энэ жил Өрнөд бүст л өрнөх нь.
Бас нэг тааруу мэдээ байгаа нь Роузын эдгэрэх хугацаа нь түүнийг олимпийн наадамд АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтахгүй гэдгийг ч баталж байгаа юм.