Шударга сэтгэл бол дангаараа үнэний мянган гэрч
Quintilianus
Ганцхудагийн чийгтэй хүйтэн өрөөнд цаазын ял тулгуулаад сууж байна. Яагаад гэвэл намайг Эрүүгийн хуулийн зандалчлах гэсэн зүйл ангиар төрийн эсрэг гэмт хэрэгт яллагдагчаар татжээ. Уг нь аливаа нэр дэвшигчийг СЕХ-ны зөвшөөрөл, шүүхийн тогтоолоор хорих ёстой байдаг ч намайг улаан машинтай хэдэн цагдаа хүчээр авчирч хорьсон юм. Надад тулгаж буй хэрэг нь 20-25 жил гянданд хорих, эсвэл цаазаар авах ялтай хамгийн хүнд зүйл ангид тооцогддог. Энэ зүйл анги 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үед 40 мянга гаруй гэмгүй иргэний алтан амийг авч одсон билээ. Тэгвэл 70 жилийн дараа Монголын цагдаа онц байдлаар далимдуулан хүн буудаж хөнөөсөн гэмт хэргээ нуун далдлах, сонгуулийг будлиантуулсан МАХН-ын луйврыг халхавчлах зорилгоор Иргэний хөдөлгөөний удирдлагуудыг баривчлан ял тулгаж байгаа нь энэ. Улс төрийн хилс хэргээр хэн нэгнийг яллахад гэмт хэргийн бүрэлдэхүүнийг харгалзахаасаа илүүтэй гэмт хэргийг тулган хүлээлгэдэг Вишинскийн арга л ийм байдаг.
Гадаа нар төөнөж, зуны халуун ид шатаж байсан ч шоронд зөөлөн дулаан юм даанч алга. Гэхдээ би энд хоригдож байхдаа эцгийн хайр, түүний сэтгэлийн хат, насны нар хэвийсэн ч бүдгэрч үл бөхөх шударга үнэний дуу хоолойг юунаас ч илүү мэдэрсэн юм. Тэр бүх эрч хүч хорих байрны хүйтэн чулуун, зэврүүн саарал ханыг нэвтлэн надад хүч чадал өгч байлаа. Эцгийн үргэлжлэл гэдгээ ингэж мэдрээгүйсэн бол шударга ёс гэж байдаггүй юм байна, цагаан цаасан дээр хараар бичсэнээс өөрөөр түүнийг Монголд тогтоох боломжгүй юм байна, цэл залуугаараа улс төрд хөл тавьж эрх чөлөө, шударга ёсны төлөө тэмцсэн минь дэмий зүйл байж гэсэн бодолтойгоо эвлэрэх байсан биз. Надаас болоод ах дүү, хань ижил, ойр дотныхондоо дарамт шахалт авчирлаа гэж улс төрийг болон өөрийгөө буруутгах байсан биз ээ.
Гэвч аав минь миний сэтгэлд бөхөж эхэлсэн зулыг бадамлан асаасан юм. Өмгөөлөгчөөр дайгдан ирсэн аавын захидлын мөрүүд шоронгийн хөгц даасан өрөөнд ч шударга ёсны тэмцлээ бүү зогсоо. Хэн нэгэн биш, чи чадах ёстой гэдэг хатуу итгэлийг надад өгч, цаашид яах бол гэсэн бараан бодлыг минь тас цохиж билээ. Тийм ээ, аав минь “… бүх сонин хэвлэл, радио телевизээр миний хүүг л муулах юм даа. Гэхдээ шударга ёс гэдэг өнөөдөр ялагдавч маргааш ялдаг юм, шударга бус байдал өнөөдөр ялагч мэт харагддаг ч урт хугацаанд үнэнд гүйцэгддэг юм. Сэтгэл санаагаар битгий унаарай, өөдрөг байгаарай. Хүү минь. Миний хүүд цаазын ял тулгасан ч бүү ай. Худал зүйл бүхэн үнэнд гүйцэгддэг юм. Чиний үйлс бүтнэ. Тэмцлээ бүү зогсоогоорой” хэмээн захиж билээ. Шударга нийгэм байгуулахын төлөө ард иргэдийнхээ чинхүү хүсэлд тулгуурлаж, тугч нь болж явсан миний хүүгийн хүсэл мөрөөдөл биелнэ. Үнэн ирэх цаг ойрхон байгаа гэж одоо ч хэлж байх шиг. Эрэгтэй хүүхэд эцгийнхээ мөрөөдлийг гүйцээхийн төлөө төрдөг гэдэг.
Би аавынхаа 50 насан дээр мэндэлсэн долоон ах, нэг эгчтэй айлын отгон хүүхэд. Ааваасаа анх морь унахыг, адуу малтай ноцолдохыг сурч, хүнийг хүндлэн хайрлах, шударга зарчимч амьдралын хэв маяг, тэвчээр хатуужилтайгаар эрдэм номд шамдах арга ухааныг өвлөсөн. Сайхан аавынхаа хуульчийн мэргэжлийг өвлөн залгамжлах ховорхон хувь тавилан надад заяасан юм. Яагаад ч юм хуульчийн ажил надад бахархал, хүндэтгэлийг зэрэг төрүүлдөг. Аравдугаар анги төгсөхдөө хуульч болохоор шалгалт өгч, хүссэн сургуульдаа орлоо. Унгар Улсын Их сургуульд сурч байхдаа ааваасаа анх удаа захидал авч билээ. Аав тэрхүү захиандаа “Айлын отгон хүү болоод ч тэр үү, аав нь хүүгээ их санаж байна. Алс газар эрдэм ном сурч, эр хүн болж яваад чинь сэтгэл өег суух юм. Хэрэгтэй юм байвал ах нартаа захиарай” гэжээ. 1993 онд Монголд юм юм тарчиг байсан болохоор тэтгэврийн хоёр хөгшин маань ах нартаа захиарай гэж бичихээс ч өөр яахав. Түүнээс хойш олон ч захиа авсан даа. Аавын бичсэн захидлын алт шиг мөрүүдийг аль нэг хэвлэл номын хуудаснаас ч эрээд олшгүй. Би аавынхаа 50-тайд төрж, 58-тайд сургуульд орж, 68-тайд 10 дугаар анги төгсөж, 78-тайд нь доктор болсон. Хэзээ хойно төрсөн хэнз хүүхэд гэж хөгшчүүд намайг өхөөрддөг байлаа.
Миний эцэг Жалбасүрэн 1925 онд Сүхбаатар аймгийн Халзан суманд Амбагай овогт Цэрэнбалжирын хоёр дахь хүү болон төржээ. Тэрээр багадаа адуу малтай ноцолдож явсан болохоор сургууль номын мөр хөөж чадаагүй гэдэг. Харин ардын цэргийн алба хаах хугацаандаа өөрийн хичээл зүтгэлээр алдсанаа нөхөж чадсан хөдөлмөрч хүн. 1957 онд Намын Дээд Сургуульд элсэн суралцаж, улмаар МУИС-ийн хууль зүйн ангийг төгсчээ. 1964 онд Сүхбаатар аймгийн прокуророор томилогдож, шударга үнэний дэнс болсон энэ албыг 20 жил тасралтгүй хашсан юм. “Жалбаа прокурор” хэмээн 46 жил дуудуулахдаа олон арван хуульчдын үлгэр дуурайлал, олон хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн шулуун шударга хүн байсныг нутгийнхан маань мартдаггүй. Найман тэрсхэн хөвгүүн, ганц охиноо бүгдийг зөв замаар хөтөлнө гэдэг өнөөдөр бодоход амаргүй. Гэсэн ч бүгдэд нь дээд боловсрол эзэмшүүлж, амьдралын дөрөөнд мордуулж өгсөн билээ.
Миний бие аавынхаа захиасыг хүндэтгэн дагаж, хичээл зүтгэлээрээ хуульч, улс төр судлаач, доктор болов. 2004 онд сургуулиа төгсөөд Унгараас эх орондоо эргэж ирэхэд монгол түмэн минь нэг л гундуухан амьдарч, хууль ёс алдагдаж, авлига, хээл хахууль газар авсныг хараад сэтгэл минь өвдөж билээ. Иймээс л миний бие нөхдийн хамт 2004 оноос Эрүүл Нийгмийн Төлөө Иргэний Хөдөлгөөнийг эхлүүлсэн юм. Гол нь ард түмний эсрэг гэмт хэрэг болох авлигатай тэмцэх, байгалийн баялгаас ард иргэдэд алтан хувьцаа олгох, иргэдийн идэвхтэй оролцоо бүхий иргэний нийгмийг хөгжүүлэх гэсэн үндсэн гурван зорилт дэвшүүлсэн. Энэ тэмцэлд аав маань намайг хэзээ ч буруутгаж байсангүй, харин ч дэмждэг байлаа.
2008 оны УИХ-ын сонгуульд “Иргэний эвсэл”-ээс нэр дэвшиж, УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрогт өрсөлдөн нийт 36 мянган сонгогчийн санал авлаа. Гэсэн ч луйварчдын балгаар ялагдал хүлээв. Ер нь тойрог болгонд санал луйвардсан хэргүүд ээлж дараалан илэрч, ард иргэд луйврын сонгууль болсон хэмээн үзэж, Сүхбаатарын талбайд гарч жагсацгаалаа. Энэ цуглаан дээр үзэл бодлоо илэрхийлсний төлөө эрх баригчид надад ял тулгаж, Ганцхудагт 33 хоног хорьсон ч миний үзэл бодлыг хорьж дийлээгүй юм. Харин аав ээж, эхнэр хүүхэд, ахан дүүс, найз нөхөд болон дэмжигчдийг минь сэтгэл санааны хүнд дарамтад оруулсан даа.
1989 онд коммунист үзэл суртлын мөсөн ханыг гэсгээх ардчилсан хувьсгалын үзэл санаа улс даяар түгж эхлэв. Сурагч байхаасаа эхлэн аавынхаа шөнө хугасалсан яриаг олонтаа сонссон болохоор ардчилсан хүчнийхэн манайд заавал ирнэ дээ гэж бодож байсан минь талаар болсонгүй. 1989 оны өвлийн сүүл сарын нэг өдөр хичээлээсээ тараад ирэхэд хэдэн залуу аавтай минь хөөрөлдөж, удалгүй Ардчилсан Холбооны аймгийн анхны хурлыг аав минь зохион байгуулалцаж билээ. Бүр зөвлөх нь болж, Сүхбаатар аймагт ардчиллыг анхнаасаа дэмжсэн гарын таван хуруунд багтах хүмүүсийн манлайд нь явсан. Одоо бодоход ардчилал, шударга ёс, эрх чөлөө тогтоно гэдэгт хором ч эргэлзэж байгаагүй аавын тууштай зан чанар үр хүүхэд бидэндээ өвлүүлсэн хамгийн үнэт баялаг байжээ. Ер нь аав минь зөн совингоороо нийгмийн хөгжлийн зөв чиг хандлагыг мэдэрдэг, бас мэддэг байлаа. Шударга ёс бүдгэрсэн цагийн өнгөнд төрж өсч, өвгөрөх хүртлээ олон хэлмэгдүүлэлтийг амсч явахдаа хэзээ ч гуйвж дайваагүй, өнгө мөнгөний шуналаар өвчлөөгүй, шударга ёсны чанар бүхнийг хадгалж чадсан хүн.
Аймгийн намын хорооны товчооны хурал дээр ганцаархнаа адлуулж байхдаа хувь хүний итгэл үнэмшлээ бат хадгалж, үзэл бодлоосоо хэзээ ч урваж шарваж яваагүй. Социализмын үед дарга нарыг халуухан шүүмжилдэг учир аймгийн прокуророор тасралтгүй 20 жил ажилласан түүний энгэрт төрийн дээд шагнал одон медаль ч байсангүй. Гэсэн ч удирдсан байгууллага нь улсад ажлаараа байнга айрагддаг болохоор аймаг орон, ус нутгийнхан, хамт олон нь их хүндэтгэнэ. Ардчилсан хувьсгалын өнгөнд аав маань аз жаргалтай амьдарч байсаан.
Миний аав 30-аад оны их хэлмэгдүүлэлтийн үед хоёр авга ахыгаа буудуулсан бол 1964 онд төрсөн ах Рэгжийбууг нь намын эсэргүү бүлэг Лоохуузын хэрэг гэгчид холбогдуулан хэлмэгдүүлж, хөдөө хээр худгийн моторчин болгож цөлсөн гэдэг. Мөн отгон хүү нь болж төрсөн намайг бас 2008 оны долдугаар сарын 1-ний хэргээр баривчлан шоронд хорьж, цаазын ял тулгасан ч олон үеэрээ хэлмэгдүүлэлтэд өртсөн эцгийн минь шударга бус байдалтай тэмцэх эр зоригийг өчүүхэн ч мохоож чадаагүй юм. Харин ч социализмын хүнд бэрхийг нуруундаа үүрч, эсэргүүний дүү хэмээн адлуулсан эцгийг минь улам хурцалсан гэж би боддог. Иймээс ч “Миний хүү битгий бууж өгөөрөй, шударга үнэн заавал ялдаг юм шүү” хэмээн хатуу захисан билээ. Аав маань миний ертөнцийг харах цонх байсан.
Монголын шилдэг хуульчдын нэгэн төлөөлөл болсон аав маань эх орондоо шударга ёс тогтоох ариун хүслээ тээсээр төмөр барс жилийн хаврын дунд сарын шарагчин туулай өдрийн морин цагт мөнх хөх тэнгэрт сүүн зам татуулан хальж одсон юм. 86 насандаа бурханы оронд морилсон буурал аавынхаа захиасыг оюун тархи, сэтгэл зүрхэндээ шингээж, нандин сургаалын тань хэлхээг үр ач, хойч үедээ залгамжлуулан үлдээх болно. Шударга ёс, үнэн ялна гэдэгт бид үргэлж итгэдэг.
2012.04.30