
Өмнөд Солонгосын тагнуулын мэдээнээс иш татан Хойд Солонгос цөмийн гурав дахь туршилтаа хийхээр бэлтгэж эхэлсэн тухай өмнөдийн хэвлэлээр бичсэн байна. Өмнө нь 2006 ба 2009 онд цөмийн туршилт хийсэн туршилтын талбайн сансраас авсан зургийг судлаад ингэж дүгнэсэн байна.
GeoEye гэх хиймэл дагуулаас гуравдугаар сарын 8-наас дөрөвдүгээр сарын 18-ны хооронд дамжуулсан зурагт туршилтын талбай дээр шинэ хонгил ухах ажил хийж байгаа нь тодорхой харагдаж байгаа аж. Цөмийн туршилтыг хэзээ хийхийг одоогоор зургаас тодорхойлох аргагүй гэж Жонс Хопкинсийн Их сургуулийн Олон улсын харилцааны сургуулийн дэргэдэх хүрээлэнгийн (U.S.-Korea Institute at Johns Hopkins School of Advanced International Studies) мэргэжилтнүүд мэдэгджээ.
“Зургуудаас харахад сүүлийн хэдэн сарын дотор БНАСАУ цөмийн туршилтын бэлгэл хийж байгаа нь тодорхой. Харин хэзээ гүйцэтгэх нь ойлгомжгүй байна” хэмээн зургуудын судалсан хүрээлэнгийн төлөөлөгч Жоел Уит (Joel Wit) хэлснийг агентлаг мэдээлэв.