Барууны харилцаанд хийсэн цохилт

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

Барууны харилцаанд хийсэн цохилт

Шоронд хоригдож байгаа Украины  экс-ерөнхий сайд Юлия Тимошенког зодсон тухай мэдээлэл тус орны гадаад харилцаанд сөргөөр нөлөөлж эхэллээ. Өнгөрсөн пүрэв гаригт Европын холбооны лидерүүдтэй уулзах чуулгад Германы ерөнхийлөгч Йоахим Гаук очихгүй гэдгээ мэдэгдсэн байна. Киевийн хувьд баруун ба зүүнийхэнтэй өмнөхийн адил учраа олж байх боломж улам бүр багассаар байна. Ерөнхийлөгч Виктор Януковичид зөвхөн Москваг дагах л үлдээд байна гэж шинжээчид дүгнэж эхлэв.

Германы ерөнхийлөгч Йоахим Гаук Төв Европын орнуудын тэргүүн нарын саммитад оролцох урилгыг хүлээн авсангүй. Энэ тухай Киевт суугаа Германы Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Кристофер Фукс мэдэгдсэн байна. Гаук эхнээсээ саммитад очих сонирхолгүй байсан гэж тэрээр хэлэв. Гэхдээ шалтгааныг тодруулаагүй. “Suddeutsche Zeitung” сонинд өгүүлс­нээр Гаук Холбооны  канцлер Ангела Мер­кель­тай зөвлөлдсөний эцэст Украины  экс-ерөнхий сайд Юлия Тимошенког шоронд хүнд нөхцөлд хүчирхийлэл дор байгааг эсэргүүцэн урилгыг хүлээн аваагүй гэжж. 

Качановын засан хүмүүжүүлэх газар долоон жилийн ял эдлэхээр заагдсан Тимошенкогийн хувь заяны төлөө сэтгэл зовниж буйгаа Ангела Меркель нэг биш илэрхийлсэн. Дөрөвдүгээр сарын 25-нд канцлер Тимошенкогийн биеийн байдал муудсанд сэтгэл зовниж буйгаа илэрхийлсэн. Канцлер зургадугаар сард Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэхээр Украинд очих эсэх нь тодорхойгүй байна. Засгийн газрын төлөөлөгч Штеффен Зайберт хэрэв Украины экс-ерөнхий сайдыг зодсон нь батлагдвал Украины шүүхийн шийдвэр биелүүлэх албаны  үйл ажиллагаа нь “байж боломгүй, хүлээн авах аргагүй үйлдэл” гэсэн байна.

Тимошенкогийн эмнэлгийн тусламж авах, өмгөөлөгчид болон төрөл төрөгсөдтэйгээ уулзах эрхийг хүндэтгэн үзэхийг Украины эрх баригчдад хандан Европын холбооны Гадаад хэрэг ба аюулгүй байдлын комиссар Кэтрин Эштон мэдэгдэл гаргасан байна. “Тамлалт болон хүнлэг бусаар харьцан хүч хэрэглэсэн бүхий л гомдлыг нэн яаралтайгаар шударгаар авч үзэх Украины хүлээсэн үүрэг”-ийг холбооны өндөр тушаалтан сануулаад Европын холбооны Элчин сайдыг эмч нарын хамт колонид Тимошенког эргэх зөвшөөрөл өгөхийг хүссэн байна.

Качановын засан хүмүүжүүлэх газраас эмнэ­лэгт хүргэхдээ Тимошенког зодсон талаар өнгөрсөн долоо хоногт нийтэдэд мэдэгдсэн юм. Тимошенкогийн хэлснээр харгалзагч нар түүний толгойг бүтээлгээр бүтээгээд зодож, гар хөлийг нь мушгин хүлж авч явсан байна. Гэдсэнд нь хүчтэй цохисны улмаас Тимошенко ухаан алдсан байжээ. Үүний өмнө экс-ерөнхий сайдын өмгөөлөгч нар түүнийг бараг явж чадахгүй болсон гэж байв. Ук­раины эрх баригчид Тимошенког зодсон хэрэгт тав хоногийн дараа пүрэв гаригт хариу авч эх­лэв.

Ерөнхийлөгч Виктор Янукович Ерөнхий проку­рортоо шалгах үүрэг өгсөн гэдгээс өөр зүйл хэлсэнгүй. Төв Европын орнуудын төрийн тэргүүн нарын саммитийг Януковичийн санаачлагаар тавдугаар сарын 11-12-нд Ялта хотноо хийх ёстой. Түүний нэрийн өмнөөс Төв ба Зүүн Европын орнуудын лидерүүд болон Европын холбооны  комиссийн ерөнхийлөгч Жозе Мануэль Баррозу, Европын зөвлөлийн ерөнхийлөгч Герман ван Ромпей нарт албан ёсны урилга явуулжээ.

“Янукович зогсох ёстой хязгаараа алдсан бололтой. Тэрээр Лукашенко шиг барьцаалагдахыг хүсч байна. Түүнд одоо Москвад ч чиглэхээс өөр зам бараг үлдсэнгүй “ гэж Оросын шинжээч МГУ-гийн Хуучин Зөвлөлтийн дараах орон зайг судлах төвийн тэргүүн Алексей Власов өгүүлж байна. Тэрээр Тимошенкогийн талаарх асуудал нь сөрөг хүчний чансаанд  нөлөөлнө гэж үзэж байна. Сүүлчийн санал асуулгаар аравдугаар сарын сонгуулийн өмнө сөрөг хүчний дэмжлэг 20 гаруй хувьтай байгаа бол улс төрийн технологичид үүнийг ашиглан зөвхөн улстөрчийг ч биш эмэгтэй хүнд гар хүрлээ гэсэн шуугианыг дэгдээвэл тэдний чансаа улам нэмэгдэнэ гэж Власов хэлжээ.

Украины улстөр судлаач Олесь Доний Тимошенког шүүсэн нь “Украин ба Януковичийг улс төрийн мухардалд орууллаа гэж дүгнэв. “Европын улстөрчид, тухайлбал, Чехийн ерөнхийлөгч Украинтай хамтын ажиллагааны гэрээ байгуулбал  батлахгүй гэдгээ хэлээд байгаа. Европын бизнес хумигдаж орон зайг нь оросууд эзэлж байна” гэж тэрээр хэлэв. Тимошенкогийн хүчирхийллийн эсрэг зарласан өлсгөлөн сөрөг хүчинд сонгуулийн муугүй оноо өгч байна гэж тэрээр хэлжээ.
 
Меркель Тимошенког аврах төлөвлөгөөгөө ярив

Германы канцлер Ангела Меркель NDR радио станцын сурвалжлагчтай ярилцахдаа Тимошенког Германд эмчилгээ хийлгэх талаар Украины эрх баригчидтай яриа хэлцэл хийж байгаа гэж хэлжээ.

Экс-ерөнхий сайдыг үзсэн эмч нар түүнийг Германы эмнэлэгт эмчлүүлэх нь зөв гэж хэлж байгаа ч үүнийг эрх баригчид зөвшөөрөхгүй гэдэгтэй санал нэг байгаа гэнэ. Экс-ерөнхий сайдын эмчилгээний талаар Гадаад хэргийн сайд нарын төвшинд яригдаж байгаа ажээ.

Тимошенког хорьж буй нөхцөл байдалд дургүйцэж буйгаа Ангела Меркель өмнө нь нэг биш удаа илэрхийлж байсан. Юлия Тимошенког мөрдөн хорьж байгаа нь ерөнхийлөгч Януковичийн сөрөг хүчинтэй хийж байгаа тооцоо бодолт гэж Герман үздэг.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж