Террористуудын тухай мэдээлэлд шагнал амлав

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

Террористуудын тухай мэдээлэлд шагнал амлав

Украины эрх баригчид Днепропетровскт хийгдсэн террорист аллагын зохион байгуулагчдын тухай мэдээлэлд хоёр сая гривен амлаж байна. Тусгай албаныхан болсон хэрэг явдлын зургаан хувилбарыг авч үзэн шалгаж байна. Өнгөрсөн жилд террористууд хогийн саванд бөмбөг тавин дэлбэлсэн хэрэгтэй энэ удаагийн аллага холбоотой гэж тусгай албаныхан үзэж байгаа аж. Энэхүү террорист ажиллагааны хариуцлагыг хүлээнэ гэж нэгэн мэдэгдээгүй байгаа.

Украины ерөнхийлөгч Виктор Янукович бямба гаригт Днепропетровск хотод ирж аллага үйлдэгсдийн талаарх мэдээлэл өгсөн хүнийг хоёр сая гривенээр урамшуулна гэж мэдэгдэв. Мөнгийг хотын төсвөөс гаргах гэнэ. Ерөнхийлөгч дэлбэрэлтэд нэрвэгдсэн хүүхдүүд хэвтэж байгаа эмнэлэгт очжээ. Януковичийн хамт хотод Украины Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга, ерөнхий сайдын орлогч бөгөөд Эүүл мэндийн сайд Раиса Богатырева хүрэлцэн ирсэн байв. Аюулгүйн албаны удирдлага тэднийг хүлээн авч уулзжээ. Ерөнхийлөгч мөн мужийн клиникийн эмнэ­лэгт эмчлүүлж байгаа шархдагсдыг эргээд дараа нь мөрдөн байцаах төвийн хуралдааныг хийлгэв. Хуралдааны дараа мөрдөн байцаагчид хэргийн талаар цөөн хувилбар шигшин үлдээж шалгаж байна гэв.

“Мөрдөн байцаалтын зохицуулалтын төвийн хуралдаан сая болж өнгөрлөө Дэлбэрэлтийн хэргийг илрүүлэхээр ажиллаж байгаа хүмүүсийн мэдээллийг нэг бүрчлэн сонслоо. Эдгээр мэдээлэл тодорхой хэмжээнд нууц байгаа. Өмнө авч үзэж буй хувилбарууд хэвээр үлдсэн ч хүрээ нь харьцангуй хумигдсан. Мөрдөн шалгалтын аж зарим чиглэлээр хангалттай гүнзгий урагшилсан байна” гэж тэрээр мэдэгдэв.

Өнгөрсөн хоногийн дотор Днепропетровскт тэсрэх төхөөрөмж дэлбэлэх гэж байна гэсэн худал мэдээлэл хоёр удаа ирсэн. Орон нутгийн цагаар цагдаагийн газарт  дараагийн дэлбэрэлт Днепропетровск – Павлоградын хот хоорондын автобусанд болно гэсэн мэдээлэл ирүүлсэн байна. Мэдүүлэл ирүүлсэн гар утасны дугаараар хөөн нэгэн залууг барьсан боловч тэр нь худал байжээ. Түүнд худал мэдээлэл өгсөн гэх эрүүгийн хуулийн заалтаар хэрэг үүсгэж магадгүй.

Мөн тэр өдөр оройн 19.18 цагт Металлургчдын соёлын ордонд бөмбөг тавьсан гэх мэдээ ирсэн ч хаанаас хэн утасдсаныг тогтоож чадсангүй. Соёлын ордноос хүмүүсийг гарган эрэл хийсэн боловч бөмбөг олдоогүй. Украины Аюулгүй байдлын албаны тэргүүн  Игорь Калинин баасан гаригийн орой хэвлэлийн бага хурал хийлгэн мөрдөн байцаалтын талаар мэдээлэв. Тэрээр мөрдөн байцаалтад холбоотой бүх албадын ажиллагааг  зохицуулж байгаа, хэргийн талаарх зургаан хувилбарыг сонгон ажиллаж байна гэв. Гэхдээ тэрээр ганцхан хувилбарын талаар дэлгэрэнгүй ярьжээ. Түүний мэдэгдсэнээр энэ хэрэг нь 2011 оны арваннэгдүгээр сарын 16-нд гарсан хэрэгтэй холбоотой байж магадгүй гэнэ. Тэр үед дэлбэлсэн бөмбөгийг бас л хогийн саванд нуусан байжээ.

Тэр үеэр нэг хүн амиа алдсан бөгөөд хэргийн эздийг олоогүй юм. Энэ хоёр хэрэг адилхан маягаар хийгдсэн учраас холбоотой гэж үзэж байгаа бололтой. Өнгөрсөн баасан гаригт гэрчүүдийн яриагаар эхний дэлбэрэлт трамвайн буудалд гарсан. Дараагийн дэлбэрэлт нь үүнээс таван минутын дараа монтажийн техникумын дэргэдэх усан оргилуурын орчим гарсан. Энэ хоёр тохиолдолд хогийн саванд хийсэн бөмбөг дэлбэрсэн. Хэргийн газар эмч нар, сэтгүүлчид, хууль хяналтынхан ирсний дараа 150 метрийн цаана трамвайн буудлын нөгөө талд гурав дахь хогийн сав дэлбэрсэн. Хэргийн газрыг бүслэн хаасан байсан учир энэ удаад хүн хэлмэгдээгүй. Мөн дэлгүүрийн орчим тавьсан нэг тэсрэх төхөөрөмжийг цагдаагийнхан аюулгүй болгожээ.

Нийтдээ дөрвөн дэлбэрэлтийн улмаас 29 хүн шархадсаны 11 нь 1994, 1995, 1998 онд төрсөн хүүхдүүд байв. Одоо гурван хүн тэдний дотор нэг хүүхдийн биеийн байдал хүнд байгаа ажээ. Украины хэвлэл мэдээлэл уг террорист ажиллагааг улс төрийн байдалтай холбон тайлбарлаж байна.

Бас нэг хувилбараар Украин, Польшид сар хагасын дараа эхлэх Европын хөлбөмбөгийн нээлт ойртож байгаатай холбосон мэдээлэл ч тарж байна. Украины хөлбөмбөгийн холбооны тэргүүн Григорий Суркис мэдэгдэл хийхдээ тэмцээнийг хүлээн авч байгаа орны нэр хүндийг унагах гэсэн үйлдэл, Украинд болох тэмцээнийг ямар ч аргаар хамаагүй таслах гэсэн оролдлого гэж дүгнэв. Польшийн ерөнхийлөгч Украинд гарсан хэрэгт зовниж буйгаа илэрхийлсэн байна.

Хэвлэлээр гарч байгаа бас нэг таамаглал нь экс-ерөнхий сайд Юлия Тимошенкогийн хэргээс олны анхаарлыг  холдуулах гэсэн арга гэжээ. Энэ хувилбарыг Юлия Тимошенкогийн намынхан ихээхэн дэмжин дэвшүүлж байгаа гэнэ. Игорь Калинин терорист хэргийг улс төржүүлэхгүй байхыг уриалжээ. “Энд ямар нэгэн улс төрийн бодлого байхгүй. Цэвэр эрүүгийн хэрэг” гэж тэрээр анхааруулсан байна. Украины Дотоод хэргийн яам ч бас ийм байр суурьтай байгаа аж. Аюулгүй албаныхан хэргийг террорист ажиллагаа гэж нэрлэхийг яарахгүй байгаа. Хэргийн ангиллыг тогтоотол ямар нэгэн дүгнэлт хийхгүй байхыг Аюулгүйн албаны орлогч дарга Владимир Рокитский анхааруулжээ.

Хэвлэлээр гарсан үндсэрхэг үзэлтнүүдтэй холбосон хувилбар ч газар авсангүй. “Эрх  чө­лөө” гэх үндсэрхэг үзэлтнүүдийн хотын салбар орлогч дарга Андрей Денисенко мэдэгдэл хийж “Дэлбэрэлтийн хариуцлагыг сөрөг хүчинд ша­хахаар хийсэн оролдлого” үзэж байгаагаа мэдэгдэв.

“Сөрөг хүчний өргөн цар хүрээтэй эсэр­гүүцэлтэй дэлбэрэлт давхцаж байгаа нь хэргийн ард Оросын тусгай хүчин зогсч буйг гэрчилж байна” хэмээн тэрээр хэлжээ. Эсвэл олон нийтийг айлга, сөрөг хүчний дарах гэсэн эрх баригчдын сонирхол байж болохыг тэрээр бас хэлсэн байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж