Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

“Гэнжийн туульс”

Чингис хаан их Монгол Улсаа байгуулснаас хойш 200-гаад жилийн тэртээ Хэйаны үеийн Японы эзэн хааны нуган үрийн мэндэлсний 50 дахь өдрийн баяр цэнгэл дээр нэрт найрагч Фүживара Кинтоо шүлэгч бүсгүй дээр ирэн “Өршөөгөөрэй энд Вакамүрасаки ахайтан морилж байна уу” гэхэд нь “Энэ хавьд гэрэлт Гэнжи хунтайж мэт сайхан залуу үгүй байхад Вакамүрасаки яаж байх билээ” хэмээн хариулсан тухай эдүгээ дэлхийн хамгийн анхны романыг бичсэн бүсгүй хэмээгдэх Мүрасаки Шикибү хариулсан тухайгаа өдрийн тэмдэглэл бичсэн байдаг. 1008 оны арваннэгдүгээр сарын 1-нд бичсэн энэхүү тэмдэглэл сэлтээс “Гэнжийн тууль” дэлхийн анхны роман байсныг нотлох баримтууд хөвөрнө. Угтаа бол энэ яриа нь дорны хүмүүсийн битүү ёгт яриагаар тухайн үедээ дээдсийн хүрээнд хамгийн их “мода” болоод байсан “Гэнжийн туульс” хэмээх романыг бичигчийг сураглахуйд бүсгүй зохиолч мөнхүү ёгт утгаар хариулсан хэрэг байж. Өдгөө дэлхийн хамгийн анхны уянгын хүүрнэл зохиолыг бичсэн 30 гаруйхан настай бэлэвсэн бүсгүйн өөрийнх нь өдрийн тэмдэглэлийн хэсэг. Өдгөө түүхэнд үлдсэн япон уран зургийн хэв шинжийг хадгалсан мөн л япон бүсгүйчүүдийн төрхтэй балархай зургийн эзэн Мүрасаки язгууртан ноёнтонтой гэрлэн 30 гаруйхан настайдаа бэлэвсрэн үлдэж, утга зохиолын амтаар амьдралаа үргэлжлүүлэн тухайн үедээ бол дээдсийн хүрээнийхнийг хуйлруулсан өдгөө дэлхийн хамгийн анхны гэгдэж буй романаа бичжээ. Ганц бие бүсгүй Чулуун уулын сүмд мөргөл үйлдэн тэргэл сартай шөнө гунихран зогсохдоо энэхүү романыхаа гол санааг олсон гэж тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тэргэл саран доор төрсөн роман дорны, тэр тусмаа японы утга зохиолын гайхамшигт хэв шинж, уран яруу дүрслэл, шүлэглэл нэвт шингэсэн нь ч аргагүй биз. Дорны, Японы урлагийн нарийн донж, алсуур гүнзгий утга зарим талаараа европжсон бидний хувьд хүртэн хүлээх авахад хүнддэм ч юм шиг, тэгсэн хэрнээ сонирхол, таашаалыг соронзон мэт татах энэхүү романыг орчуулагч О.Жаргалсайханы хөрвүүлсэн тийм ч томгүй гэмээр ном монголчуудын гарт 2009 онд илгээгдсэн билээ.   

Яалт ч үгүй япон хэв маягийг илэрхийлэх тайзны өмнө нас өтөл шивэгчин бээр бохирон суугаад мөнөөх л японы үрвэлзэж, гүрвэлзээд ч байгаа юм шиг уйлан цахиртаад ч байгаа юм шиг донж маягаар

Ятгын дуун сарны туяа мэт тунгалаг даа
Яруу эгшиг нь санаа бодлыг ариусгана даа
Янагийн хайр үдийн наран мэт халуухан даа
Ятгын дуунаас ч илүү нандин эгшигтэй дээ …

хэмээн аялгуулан дуулна. Хэдхэн сарын өмнө “Домогт Ану хатан”-ы дүрээр сэлэм эргүүлэн цахилж асан жүжигчин Баясгалан өтөл шивэгчин бүсгүйн дүрд хувилан өөрийн гараар хор өгөн егүүтгэсэн эзэн хааны энхрий амраг бүсгүйн хөрөгний өмнө энэлэн хайлан суугаа нь энэ. Их хатны хатгаасаар эзэн хатагтайнхаа амийг хөнөөсөн шивэгчин үхсэнээс үлдэж хоцорсон нуган үрийнх нь хундагыг түшин нас биенд хүргэжээ. Хааны татвар эмээс төрсөн хунтайж зүйрлэшгүй үзэсгэлэн гоо учир гэрэлт Гэнжи хэмээн нэрийдэх бол­жээ. Дээр өгүүлсэн гэрэлт Гэнжи түүний амраг бүсгүйн тухайн ёгт ярианы эхлэл болсон “Гэнжийн туульс”-ийн роман ийнхүү Монгол Улсын драмын эрдмийн театр тайзнаа өнгөрсөн баасан гаригт амилсан нь энэ. 

Сүр хүчийг илтгэсэн час улаан чимэглэл бүхий их хатны өргөө, зүйрлэшгүй үзэсгэлэнт хунтайжийн хаан аавдаа мэхийх талийгаач ээжийнх нь хөрөг бүхий Генжи хунтайжийн өргөө, эзэн хааны бага хатан атлаа хаан хүүтэй нь амрагийн холбоо тогтоосон бүсгүйн нулимсыг барах сакура цэцгийн чимэглэл бүхий өрөөг драмын театрын тайзнаа амилуулан босгожээ.

Генжи бага хатан хоёрын адармаат хайр дурлал хийгээд, их хатны хааны гэр бүлийн нэр хүнд, уламжлалыг хамгаалахаар хэнийг ч үл хайрлан егүүтгэх эрс шийдэл, эзнийхээ төлөө амиа золих шивэгчдийн өчил, ордны уйтгарт нарийн дэг жаягаас залхсан ханхүүгийн сониуч сэтгэлийн элдэв учрал гээд жүжигт өрнөх үйл явдлыг энд өгүүлэх нь илүүц биз. Эрхэм уншигч ахай бүгд өөрсдөө үзэж сонирхох нь илүү амттай учраас.

Харин тайзны гурван өнгө ээлжлэн өөрчлөгдөх бүрийд цаг гаруйхан үргэлжлэх жүжигт дэлхийн анхны хэмээх романыг хэрхэн буулган багтаасан байх билээ гэсэн сониуч бодол өөрийн эрхгүй төрнө. Гартаа атгаж буй ном маань ч тийм зузаан дорвилог биш.

Багашаархан гэж хэлж болохоор монгол хэл дээр “Гэнжийн туульс” романыг уншихад бол гэрэлт Гэнжийн дүр өрнө, дорнод алдартай Дон Жуаныг санагдуулам. Үзэсгэлэн гоогоороо хэн хүний хайр, бишрэлийг татах хунтайжийн тухайн үеийн япончуудын яруу үгст захидал илгээлцэн, үдшээр өрнөх үйл борооны явдлыг дорнын уянгаар илэрхийлэх янаг амрагийн элдэв адал явдал өрнөсөөр. Жүжигт илэрхийлж байгаа садар явдалд үл автах ариун журамт Гэнжийн дүр романы эхний хэсэгт лав үгүй. Ерөөсөө л ази-Дон Жуаны тухай уянгалаг мөртлөө адал явдалт хүүрнэлийг багашаархан номноос хангалттай уншиж болно.

Харин тайзнаа амрагийн ариун сэтгэлээ дээдэлсэн хунтайж, их хааны бага хатан хор уун амиа егүүтгэн бие биеээ дэрлэн унах нь Азийн Ромьео Жульеттагийн тууль гэмээр.

Гэвч энэ удаагийн Монгол-Гэнжийн туульсын хувьд номтой нь харьцуулах шаардлага үгүй байсан бололтой. Учир нь жүжгийн зохиолчийн хувьд Гэнжийн туульсыг амин судсыг өөрийнхөөрөө амьдруулан дэглэсэн бололтой. Тэр ч утгаараа номноосоо жүжиг нь илүү байв уу, жүжиг нь номоо илүү төгөлдөршүүлж үү гэсэн маргааныг Монголд дэглэсэн “Эсрэг дурлал” жүжгийн хувьд өрнүүлэх аргагүй мэт. Өгүүлэх нь жүжгийн төгсгөл хийгээд өрнөл нь Мүрасаки Шикибүгийн тэртээ нэгэн мянганы өмнө бичиж байснаас өөрийг эрэлхийлжээ. Гэхдээ та бас сониуч зангаар жүжиг роман хоёрыг харьцуулах гэвэл япон эхийг унших хэрэгтэй болох байх. Учир нь бичигчийн багашаархан гэж чамлаад байсан ном бол дэлхийн анхны романы эхний зургаан бүлгийн орчуулга нь. Гэхдээ номын орчуулга хэвлэгдэн гарсан ч та түүнийг яагаад ч драмын тайзнаа амилуулсан жүжигтэй харьцуулах аргагүй биз ээ. Яагаад гэвэл манай тайзнаа амиа алдаж төгсч буй Гэнжийн амьдрал роман дээрээ бол цаашид үй олон үйл явдлаар өрнөдөг юм гэсэн.

Харин өнөөдөр драмын театрын тайзнаа Гэнжийн туульсыг зохиолч Б.Галааридын нүдээр хэрхэн амилуулсныг харж болно оо. Энэхүү жүжгээс та “Гэнжийн туульс” жүжиг болгон махчлан буулгасныг бус өөр өрнөлийг олж харах ёстой юм билээ.

А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж