Одоогоос хэдэн жилийн өмнөөс эхлэн дэлхийн улс гүрнүүдийг өрсөлдөх чадвараар нь жагсааж, түүгээр нь хөгжлийг хэмждэг болсоор уджээ. Угтаа биднийг дөнгөж ардчилсан эрх чөлөөгөө олж авч байх тэр мөчид дэлхийн нөгөө хэсэгт өрсөлдөх чадварын судалгааг явуулдаг байж. Бид чухам дэлхийн бусад улс орнуудаас хаах нь явна вэ? Харамсалтай нь бид сүүлдэж байна. Нийт 246 шалгуур үзүүлэлтэнд тулгуурладаг энэхүү судалгаанд бид ихэнх үзүүлэлтээрээ дэлхийн дунджаас зөрж байна гэсэн таагүй үзүүлэлт цаасан дээр дурайжээ. “Бидэнд хийх зүйлс маш олон бий. Гэлээ гэхдээ бүгдийг өргөс авч байгаа юм шиг шийдэж болохгүй. Бид дэлхийн бусад улс орны хажууд хөлд орж байгаа хүүхэд. Харин олон нийт энэ хүүхдийг шууд сургуульд оруулах гээд, том хүн болгох гээд байдаг. Улстөрч нар ч амьдралд нийцээгүй бодлого боловсруулаад явж байна. Үүнийхээ оронд бид дэлхийн төвшинтэй эн зэрэгцэхийн тулд шат дараалсан арга хэмжээг авах нь зүйтэй” гэж Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Ч.Отгочулуу ярьсан юм.
Дэлхийн бусад төрлийн судалгаагаар Монгол Улсыг АНУ, Япон гэсэн өндөр хөгжилтэй орон болон Замби, Зааны ясан эрэг гэсэн сул хөгжилтэй орнуудтай харьцуулан дүгнэлт гаргадаг билээ. Үүнээс болоод Монгол Улсын талаар ерөнхий үнэлгээ зөрүүтэй гарах магадлал өндөр гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс дэлхийн өрсөлдөх чадварын судалгаанд үүнээс гадна хөгжлөөрөө эн зэрэгцэхүйц, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлаараа Монголтой төстэй байж болох 14 улсын дундаж төвшинтэй харьцуулан гаргах аргыг хэрэглэдэг ажээ. Тэгвэл бид энэ төвшнөөрөө ч сүүлд нь явж байна. Дэлхийн бусад улсуудаас бид төрийн хүнд суртал болон авлигын төлөв байдлаараа илүү аж. Үүнээсээ болоод засаглалын үнэлгээгээрээ дэлхийн бусад улсаас доогуур юм. Мөн эдийн засгийн үзүүлэлтээрээ доогуур ороход засгийн газрын татаас ихтэй, санхүүгийн байгууллагын ил тод байдал сул байдлаасаа хамааран доогуур байранд орох нэгэн үндэс болдог аж.
Дэлхийн дунджаас маш бага байдаг дараагийн үзүүлэлт бол хүний хөгжлийн индекс. Эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд гэсэн үндсэн гурван шалгуураар тодорхойлогддог энэ ойлголт бидэнд хараахан төлөвшөөгүй байгаа гэсэн дүгнэлт гарчээ. “Хүний хөгжил гэдэг бол өрсөлдөх чадварын судалгаанд асар их нөлөө үзүүлдэг. Гэтэл бид хүний хөгжлийн сан гэж мөнгө тараадаг систем үүсгэчихсэн. Түүнээс цааш хэтрээгүй. Удахгүй хүмүүсийн гар дээр сая төгрөгийг хоёр хувааж өгөх гэж байна. Одоогийн байдлаар хүмүүсийн гарт 620 тэрбум төгрөг тараагаад байгаа гэсэн тооцоолол гарсан. Тэгвэл 320 мянган хүнд сая төгрөг тараахаар 320 тэрбум төгрөг болно шүү дээ. Энэ нь инфляци маш их хэмжээгээр өсгөх нэг хүчин зүйл болно” гэж Ч.Отгочулуу ярьсан юм. Угтаа гадны судлаачдын анхаарлыг бэлэн мөнгө тараах энэ байдал татдаг гэхэд болно. Хэдийгээр дэлхийн томоохон байгууллагуудаас энэ бодлогоо өөрчлөх тухай зөвлөмж ирүүлдэг ч төрийн зүгээс амласан амлалтаасаа ухарч тэрхүү бодлогыг хэрэгжүүлбэл дараагийн сонгуулиар унах учраас хүлээж авдаггүй.
Дэлхийн өрсөлдөх чадварын дунджаас доогуур байранд ороход нөлөөлдөг бас нэгэн хүчин зүйл бий. Энэ нь Монгол Улс уул уурхайгаас өөр томоохон үйлдвэрлэлгүй байгаа явдал. “Бид уул уурхайгаас бүрэн хамааралтай болчихлоо шүү дээ. Гадаад худалдааны эргэлтийн 77 хувийг эзэлж байна. Оюутолгой, Тавантолгой ашиглалтанд орчихвол бүр 99 хувь болтлоо өснө шүү дээ. Эдийн засгаа олон салбараар төрөлжүүлэхгүй бол зэсийн үнэ Хятадад уначихвал манайд сөргөөр нөлөөлнө. Тиймээс бид ноос ноолуур, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортолдог байх учиртай” гэж Ч.Отгочулуу ярилаа.
Бидэнд үүнээс гадна өөр олон урвуу үзүүлэлт бий. Мэдээллийн технологийн чадваргүй байдал, мэргэжлийн боловсон хүчний дутагдал, төрийн байгууллагын хэтэрхий том бүтэц гээд цаашаа урсч өгнө. Угтаа энэ бүхнийг төрийн гол бодлогын төвшинд хэрэгжүүлэх ёстой ажээ.
Арваад жилийн өмнө хөгжлийн хувьд бидэнтэй ижил шахуу явсан Чили улс бүс нутагтаа төдийгүй тивдээ дээгүүрт орохоор эдийн засгийн хурдтай өсөлттэй болжээ. Зөвхөн уул уурхайгаас хамаарсан эдийн засгийн бүтэцтэй байсан бол кофе, жимс жимсгэнэ, аж үйлдвэр гэсэн бусад салбараа жигд хөгжүүлж эдийн засгийн үр ашигаа дээшлүүлсэн түүхтэй. Голланд өвчнөөс сэргийлж чадсан загвар улс гэж Чилийг дэлхийн томоохон эдийн засагчид нэрлэдэг билээ.
Байдал ийм байхад өнгөрсөн жилийн судалгааны тайланг дургүйд хүчгүй гэгчээр Монголын төр хүлээж аваагүй байна. “Бид судалгаагаа Засгийн газарт өнгөрсөн жил танилцуулж байсан. Тэд бидэнд “Тэгээд ийм дүн үзүүллээ одоо яах юм. Хэдхэн л тоо байна шүү дээ” гэсэн сонин хариулт өгсөн” гэж Ч.Отгочулуу хэлнэ лээ. Хэрвээ бид дэлхийн өрсөлдөх чадварын төвшинд сүүл мушгих юм бол уул уурхайгаас орж ирэх ашиг хэрэггүй болж таарлаа.
Эцэст нь уншигч танд нэгэн тоо сануулъя. Сингапур улс өрсөлдөх чадварын судалгаанд авах ёстой 100 оноогоо бүгдийг нь авсан. Харин манай улс 23,25 оноог арай гэж авчээ. Өөрсдөө дүгнэх буй за.