Өрхийн амьжиргаа сайжрав уу

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

Махны үнэ өнөөдөр Монголын эдийн засаг, нийгмийн хамгийн хурц асуудал болжээ. Энэ асуудал энгийн иргэд гэлтгүй салбарын яам, төв банк цаашлаад эрх баригчдын толгойны өвчин болчихоод байна. Махны үнээс болж өнөөдөр инфляци хоёр оронтой тоогоор хэмжигдэж, инфляцийг хязгаарлах мөнгөний хатуу бодлого эргээд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг айлгаж эхэллээ. Бодлогын хүү өссөнөөр бараа бүтээгдэхүүний үнэ их бага уу л гэхээс ямар нэгэн хэмжээгээр нэмэгдэх нь тодорхой. Учир нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ үнэд арилжааны банкнаас авсан зээлийнхээ хүүг шингээх нь ойлгомж­той хэрэг. Ядаж байхад Засгийн газар төрийн албан хаагчид, тэтгэвэр, тэтгэмжийнхний цалин нэмчихсэн байдаг. Тэгэхээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд нэг ажилтныхаа цалинг нэмэхийн тулд нөгөө ажилтнаа халах эс бөгөөс үйлдвэрлэлээ хумих хоёр л гарц байгаа бололтой. 

Монгол Улсын Засгийн газраас 2012 оныг “Өрхийн хөгжлийг дэм­жих жил” болгон зарласнаас хойш даруй таван сарын нүүрийг үзэх гэж байна. Энэ хугацаанд ажилгүйдэл, буурч, монголчуудын амьд­рал сайжирч чадсангүй. Харин ч өдрөөс өдөрт үнийн дарамт нэмэгдэж, мөнгөний худалдан авах чадвар нь буурсаар байгаа нь өрхийн амьжиргаанд сөргөөр нөлөө­лөх болсон байна. Үндэсний статист­икийн хорооноос  гаргасан мэдээллээс харахад өрхийн орлого нэмэгдс­эн ч зарлага нь түүнээс давж байгаа, ажилгүй хүний тоо өнгөрсөн жилийн мөн үеэс 10 мянгаар өссөн, 12 мянган ажлын байр сул байгаа ч ажилгүйдэл нэмэгдсээр байгаа зэрэг мэдээллээс харахад Засгийн газраас зарлаад байгаа “Өрхийн хөгжлийг дэмжих” жилийн төлөв­лөгөө ерөнхийдөө хэрэгжиж чадаа­гүй л байна. Ерөнхий сайд “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн нээлтийн үеэр ажилгүйдлийг бууруулах замаар өрхийн хөгжлийг дэмжихээ амалсан. Харамсалтай нь өнгөрсөн жилээс өнөөдөр бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 10 мянган хүнээр эгнээгээ тэлжээ. 

Монголын уул уурхайн үндэс­ний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа урт нэртэй хуулийн уршигаар уул уурхайн салбарт ажиллаж байсан цөөнгүй хүн ажлын байраа алдсан талаар  нэгэнтээ ярьж байсан. Тэрчлэн хөдөөгийн хүн ам зах зээлээс алслагдсаны зэрэгцээ дэд бүтэц хөгжөөгүй, боловсрол, эрүүл мэн­дийн үйлчилгээнд хамрагдах боломж хязгаарлагдмал, ажлын байрны хомсдолтой, мэдээллээс түр­­гэн шуурхай хүртэх боломжгүй байгаа нь тэдний амьдралын түв­шин­­­гийн доройтолд нөлөөлж байна. Ялангуяа, байгаль цаг уурын нө­лөөллөөс хараат аж ахуй, амьд­ралын хэв маяг зонхилж байгаа нь хөдөө­­гийн хөгжлийн гол хүндрэл болж байгааг мэргэжилтнүүд шүүм­жилдэг.

Саяхан Үндэсний статистикийн газраас ядуурал 29 хувь болж буур­сан талаарх мэдээлэл өгсөн. Харин эдийн засагч Н.Дашзэвэгийн хэлснээр  Монгол дахь ядуурлын хүрээ, цар хэмжээ буураагүй, өрхийн орлого олигтой нэмэгдээгүй, харин орлого хувиарлалтын тэгш бус байдал нэмэгдэж байгаа гэнэ. Өнөөдөр тэжээгчээ алдсан, асран хамгаалах хүнгүй хөгжлийн бэрх­шээлтэй иргэд, өндөр настан болон ганц бие өрх толгойлсон хүмүүс нийгмийн хамгийн эмзэг бүлэг болж хувирч байгааг, тэдний орлого улам бүр зарлагаа дийлэхгүйд хүрээд байгаа юм байна. Монголын хүн амын орлогын 35 хувийг цалин, 33 хувийг өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээний орлого, 11 хувийг тэтгэвэр, тэтгэмж, үлдсэн 20 гаруй хувийг өөрийн хувийн аж ахуйгаас олдог юм байна. Өрхийн орлогын бүтцийг өрхийн амьжиргааны төвшингээр задалж үзвэл хотын нэн ядуу өрхийн хувьд тэтгэвэр тэтгэмж өрхийн ганц орлогын эх үүсвэр нь гэнэ. Өөрөөр хэлбэл, сүүлийн хоёр жилийн дотор  зөвхөн эх орныхоо хишгээр амьжиргаагаа залгуулдаг айлууд олширсон бөгөөд ирэх зургадугаар сараар дуусгавар болох “Хүний хөгжил сан”-гаас олгох мөнгө байхгүй болчихоор тэдгээр өрхүүд юугаараа амиа зогоох нь  тодорхойгүй байгаа юм.  “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Засгийн газар бага орлоготой эсвэл орлогогүй өрх, дунд орлоготой өрхийн төвшинд шилжихэд татвар мөнгөний бодлого, эсвэл тоног төхөөрөмж, амьжиргааг дэмжсэн төрийн үйлчилгээний хөнгөлөлт, төсөв мөнгө, тусламж үйлчилгээгээр ядуу гэдэг балчигаас салгах, бага орлоготойгоос дунд орлого руу шилжүүлэх урамшууллын бодлого хэрэгжүүлэхээ амласан бий. Мөн “Шинэ бүтээн байгуулалт” төслийн хүрээнд хэрэгжиж буй “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт орлого багатай өрхийн орон сууцны нөхцөлийг сайжруулах асуудлыг шийдвэрлэхээр болсон. Хэдийгээр Засгийн газар дээрх амлатаа биелүүлэхээр өнгөрсөн гуравдугаар сард жилийн зургаан хувийн хүүтэй зээлийн асуудлыг шийдвэрлэсэн ч харамсалтай нь  уг зээлээр хичнээн бага, дунд орлоготой иргэдэд байртай болсон нь тодорхойгүй, бас ойлгомжгүй байгаа юм. Тэгэхээр “Өрхийн хөгжилийг дэмжих жил”-ийн хүрээнд өрхийн амьдрал сайжирч байна уу гэдэгт Засгийн газрын албархуу судалгаа биш иргэдийн  үг л илүү үнэн мэдээлэл болж чадах биз ээ.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж