Монголчууд аж ахуйн нэгжүүдээ дахин эмхэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

Монголчууд аж ахуйн нэгжүүдээ дахин эмхэлнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах эсэх гээд улс төрийн сүр дуулиан дундуур УИХ нэгэн хуулийн төслийг хэлэлцэхээр дэмжсэн нь олны анхаарлыг таталгүй өнгөрсөн ч байж болох. Гэхдээ энэхүү хуулийн төсөл нь бизнес эрхлэгчид болоод гадны хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихэд татаж эхэлжээ. Энэ бол УИХ-ын баасан гаригийн нэгдсэн чуулганаас хэлэлцэх нь зүйтэй гэж чимээгүйхэн дэмжигдсэн Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хэмээх хуулийн төсөл.

Нэрнээс нь эхлээд харахад л Овооттолгойн нүүрсний уурхайн гол эрхийг Тавантолгойн нүүрсний тээвэрлэлтийг тэр чигт нь давуу эрхтэйгээр эзэмших болсон Хятадын төрийн өмчийн “Чайнелько”-гийн охин компани “Чалько”-д зарснаар Монголын нүүрсний зах зээлд Хятад улс нөлөөллөө тогтоох нь гэсэн шуугиан дэгдэж байгаа энэ үед уул уурхайн компаниуд ялангуяа стратегийн орд газрууд болон стратегийн бүтээгдэхүүнээ гадны тухайлбал, ганц нэг улсаас үл хамаарах байлгах хуулийн зохицуулалт үгүй байлаа гэж дээр дооргүй гасалж байгаа энэ үед яалт ч үгүй хэрэгтэй хуулийн төсөл гэж санагдахаар.

Хуулийн төслийг нарийвчлан үзвэл, хүнсний хангамж, арьс, шир, ноос ноолуур бэлтгэх, боловсруулах, харилцаа холбоо, газрын тос, эрчим хүч, зам, тээвэр, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, эрдэс баялаг, хүнс хөдөө аж ахуй гээд бүхий л салбар, цаашилбал химийн хорт бодис ашиглах, цацраг идэвхт ашигт малтмал олборлолт, нислэгийн аюулгүй байдал, хүн амын 50-аас илүү хувьд хүрэх телевиз, радио гэх мэт үйл ажиллагааг хамруулахаар тусгаж.

Нэг талаасаа харвал махны үнэ, ноос ноолуураа хүртэл гадныханд нь атгуулчихсан гэж халаглаж байгаа өнөөгийн нийгэмд бол нэр дараалан хуруу даран тоолоод үзэхээр аргагүй л бүх л салбар нь стратегийн гэж хэлж болохоор. Гэтэл энэ бүх салбараас гадна зах зээлийн үнэлгээ нь 100 тэрбумаас дээшхи бүх аж ахуйн нэгж стратегийн хэмээх тодотголд багтахаар бас томьёолсон байх юм. Энэ нь үндсэндээ манай жижгээс дээш бүх компани гэсэн үг. Өөрөөр хэлбэл, аж ахуй нэгжүүдээ жижиглэж, олон охин компани “төрүүлж” орлогоо нуудаг байснаа тэгш татварын хуулиар ашгүй чөлөөлөгдөж, Монгол компаниуд томорч байсан бол одоо эргээд тэд аль болох жижигрэх зам руугаа дахиад марш болох нь. 

Харин эдгээр аж ахуйн нэгжийг, өөрөөр хэлбэл, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа компани бүрийг ийн нэгэн хашаанд багтааснаар юу болох вэ? Тэдэнд ямар шаардлага тавих юм бэ? Төсөлд зааснаар бол дээр дурдсан бүх аж ахуйн нэгжүүд үйл ажиллагааны зөвшөөрөл авах бөгөөд хувьцааны гуравны нэг буюу түүнээс дээш хувийг шууд ба шууд бусаар авах, гүйцэтгэх удирдлага болон ТУЗ-ийн олонхийг сонгох, удирдлагын шийдвэрт хориг тавих, удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэх гэх мэтчилэн нэлээд заалтыг тодорхой тусгажээ.   

Дээр дурдсан үйлдлүүдийг хийх бүрдээ бизнес эрхлэгчид Засгийн газарт хандах бөгөөд энэ талаараа мэдэгдэж зөвшилцсөнөөс хойш 30 хоногийн дотор хүсэлт гаргах, түүнийг нь хүлээн авсан холбогдох байгууллага нь мөн төдий хугацаанд Засгийн газарт мэдэгдэж, тухай бүрт нь Засгийн газар хуралдаж хариу, зөвшөөрөл өгч байх ёстой юм байна. Энд бизнес эрхлэгчдийн гол айдас байгаа бөгөөд төрийн байгууллага аливаа зөвшөөрөл хариу өгөхдөө хэдүй хурдан шуурхай ажилладгийг туршлагаараа мэдэх учраас хүнд суртал, авлигын бас нэг баахан шат дамжлага бий болох вий гэж болгоомжилж байна. Аль ч салбарт албан зөвшөөрөл авахад ямархан хүнд даваа туулдгыг монгол хүн болгон мэдэх байлгүй дээ, авлига өгөхгүй л бол…  

Дараагийн нэг доргион үүсгэж байгаа зүйл нь гадаадын хөрөнгө оруулалтын хувь хэмжээг хуулиар тогтоон өгсөн нь. Төсөлд бол стратегийн гэх тодотголтой аж ахуйн нэгжийн 51 хувь нь заавал Монголын хувь эзэмшлийнх байх ёстой гэж заажээ. Байгаа бүхнээ гадныханд алдаж гүйцлээ гэх сэтгэлгээгээр харах юм бол энэ нь үнэхээр мундаг эх оронч заалт. Харин одоо Монголд ажиллаж байгаа гадаадын хөрөнгө оруулагчид үүнийг гайхашран хүлээж авч байгаа. Жишээлбэл, 100 хувь гадны хөрөнгө оруулалттай компани 49 хувиа монголчуудад бэлэглэхээс өөр аргагүй болж байгаа хэрэг үү гэж айж байна. Харин капитал хөрөнгө муутай монголчуудын хувьд 49-өөс илүүгүй гэсэн нөхцөлтэйгээр гадны хөрөнгө оруулагч оруулж ирэх “шанс” байхгүй шахам гэж халаглаж байна. Тэр тусмаа гарааны “О” нөхцөлөөр эхэлсэн хараахан бяджиж амжаагүй, гадаадын хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай байгаа дундчуудын хувьд энэ аюулын харанга болно гэсэн айдас хэдийнэ төрөөд байгаа аж. 

Энэ хуулиас иргэдийн хүлээж байсан хамгийн гол гогцоо болсон “Чалько”-гийн гэрээний хэсэгт хамаарах ганц заалт нь “Гадаад улсын Засгийн газрын хяналтад байдаг байгууллага болон олон улсын байгууллага, түүний хяналтад байдаг байгууллага Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх тохиолдолд Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авна” гэжээ. Браво. “Чалько”-гийн гэгдэж байгаа гэрээний хувьд яг энэ заалтаар удахгүй хийгдэх гэж байгаа хэлцлийн эсрэг хаалт босгож болно. “Саус гоби сэнд”, “Чалько” хоёрын хоорондох хувьцааны гэрээ удахгүй бүр тодруулбал арваадхан хоногийн дараа хүчин төгөлдөр болох ёстой. Харин энэ хуулийг баталчихвал хэлцэл хийгдэх боломжгүй болно. Тийм ч учраас энэхүү хуулийн төслийг УИХ яаравчлан батлах байх. Овооттолгойгоо бас хятадуудад заруулчихлаа гэх олон нийтийн хилэн хийгээд эх оронч гишүүдийн хэдхэн үг энд хангалттай. Гэвч зөвхөн энэ адармаатай хэлцлээс үүдээд Монгол Улсынхаа зах зээлийг бүхэлд нь доргиохоор хэт нүсэр хуулийг хөнгөн хуумгай баталчих вий дээ, эрхэм гишүүд маань.

А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж