-Та энэ бүтээлээ бэлэн болгохоор багагүй хугацаанд нойроо хугасалж, судалгаа хийсэн гэсэн. Тиймээс уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Бүтээлийнхээ талаар яриач?
-Би 1989 онд “Уран зохиолын онолын нэр томъёоны тайлбар толь” гээд нэг жижигхэн ном гаргасан юм. Бүх насаараа л их, дээд сургуулиудад уран зохиол, онолын лекц уншлаа. Гадна, дотны бүтээлийг ч нэлээд үзлээ. Тэгээд уран зохиол гэдгийнхээ мөн чанарыг жаахан ойлгож эхэлсэн юм шиг байна л даа. Тэгээд одоо тав дахь үе дээр нь ямар ч гэсэн нэг нэвтэрхий толь бичиг болгож чадсан. Үүндээ нэлээд сэтгэл ханамжтай яваа. Ер нь уншигч хийгээд хүмүүс яаж үнэлэхийг өнөөдөртөө мэдэх юм алга. Уран зохиол хүн төрөлхтөний эрт балар үеэс өдгөө цагийг хүртэл огт салж, хагацаагүй, дагаж ирсэн оюуны соёлын нэг том өв. Хүн төрөлхтөн ерөөсөө уран зохиолоос уйдсангүй. Уран зохиол ч хүн төрөлхтийг зам зуураа хаяж, гээсэнгүй. Энэ хоёр үүрд мөнхийн ингэж шүтэн барилдлагатай хөгжиж ирсэн. Ийм учраас би уран зохиолыг хүн өөрийгөө танин мэдэх урлаг гэж ойлгодог хүн. Хүн өөрийгөө танья гэвэл зохиол л унших ёстой. Тэр зохиол дотор хүн өөрөө явдаг. Гэхдээ зөвхөн хүний явдлыг уншдаг биш. Хүний сэтгэлийг шинжилдэг. Хүн өөрөө нууц амьтан. Бид хоёр гэхэд, хэдийгээр урд урдаасаа хараад сууж байгаа ч гэсэн бие биенийхээ дотоод ертөнцөд юу болж байгааг огт мэдэхгүй. Тиймээс таана. Таасан болгон нь худлаа байх болно. Тэгэхээр тэр зохиолын баатрын дотоод ертөнцийг зохиолчид шинжилдэг. Зохиолынхоо баатартаа тодорхой хүнд илэрдэг янз бүрийн үзэгдлүүдийн дотоод мөн чанар нь юу байгааг хэрэг явдлаар гаргаж өгдөг. Тийм учраас тэр баатруудынх нь хэрэг явдалд уншиж байгаа уншигч өөрийнхөө тархи толгой, сэтгэл зүрхэнд юу бодож, юунд эмзэглэж, юуг хайрлаж, юуг үзэн ядаж, юунд өш хонзон өвөрлөж байгаа тэр бүх процесс бол зохиолын баатруудаар дамжуулаад өөрийгөө болоод өрөөл бусдын дотоод ертөнцийг танин мэддэг.
-Нээрээ л тийм байх.
-Хүнийг гаднаас нь харвал хоёр хөл, нүдтэй, гартай, толгойтой амьтан. Бас нэрээр нь тэр энэ гээд, зүс царайны хэлбэр галбираар нь таньж мэддэг. Шинжлэх ухаан хэчнээн хөгжиж, түүн дотроо сэтгэл судлалын шинжлэх ухаан үүсч, өндөр түвшинд хүрсэн ч гэлээ ерөөсөө хүний сэтгэл рүү өнгийж чадаагүй л байна. Хүн хүнээсээ хагацаж салахын учир ёс, хүн хүнтэйгээ нөхөрлөхийн ёс, агуу их нөхөрлөлийн дундаас хагарал тэмцэл үүсэх тэр олон учир шалтгааныг тайлбарладаг нэг том шинжлэх ухаан бий болсон нь утга зохиолын судлал. Уран зохиолын судлал гурван үндсэн салбараас бүтдэг. Тэрний онолын хэсэг буюу уран сайхны зохиолын практикаар хуимтлагдсан мэдлэгийг тодорхойлолт болгон хувиргасан юмыг онол гэж хэлж байгаа. Би энэ чиглэлээр толь бичгээ бичсэн. Аль болох уншигчдад ойр байхыг нь харгалзсан. Нөгөө талаар мэргэжлийн хүмүүс сурах, судлах үзэл бодлоо илэрхийлэх, эсвэл уран зохиолыг уншихад юуг бодууштай юм бэ гэх зэрэг олон асуултад ямар нэг хэмжээгээр хариу авах боломжийг хангах гэж. Ерөнхийдөө бол дэлхийд нэртэй цуутай, АНУ, Англи, Герман, Орос, Хятад ч гэдэг юм уу. Шинжлэх ухаан өндөр хөгжсөн улсын уран зохиолыг Монголын онол бодролтой зэрэгцүүлэх, харьцуулах, эсрэгцүүлэх, тэдгээрийн дотроос үндсэн идеалыг нь авч, өөрийн гучин жилийн хугацаанд өөрт бий болсон туршлага, утга зохиолыг ойлгодог болсон миний өөрийн хувийн хэмжүүр гээд энэ бүхэн нийлээд ийм толь бичиг болон гарч байгаа юм.
-Анзаарч байхад сүүлийн үед шүүмж гэдэг үг гарахгүй үгүйлэгддэг боллоо. Монголын уран зохиол тахир, дутуу хүн шиг болчихлоо гэвэл та санал нийлэх үү?
-Уран зохиолын шүүмжлэлийн салбар нэлээд хоцрогдсон. Тэр нь шүүмжлэгчдийн маань мэдлэг, орчин үеийн уран зохиолын хөгжлийн түвшин хоёрын дунд нэлээд зөрүү гарсантай холбоотой. Хамгийн гол шалтгаан бол энэ. Өнөөдөр дэлхий нийтээр яруу найраг, роман гэж юуг ойлгох вэ гэсэн ойлголтууд бидний социализмын үеийн ойлголтоос өөр болсон. Уран зохиолын хөгжлийг бид тооцсонгүй л дээ. Түрүү үеийн шүүмжлэгчид маань урлагийн шинэ үеийн бүтээлүүдэд задлан шинжилгээ хийгээд мухардалд орсон. Байгаа олж буудахад шинэ сум хэрэгтэй болсон. Тэр бол мэдлэг.
Хоёрдугаарт, шүүмжлэгчдийн хийж байгаа ажлын үр дүн, хөлс бага байна. Зах зээлийн системд нийгэм шилжсэн. Судлаач, шүүмжлэгчид гэртээ асар их зүйлийг бичиж, хийдэг боловч энэ зах зээлд уран бүтээлээ гаргалаа ч хөлөө олж чадахгүй байна. Шүүмжийг нь төрөөс ч дэмжихгүй байна. Тиймээс шүүмж багассан. Гуравт, шинэ залуу хүмүүс шүүмжээр бэлтгэгдэж байгаа ч утга зохиолын салбарт өөр өөрийн үзэл баримтлалаа гаргахад нь эдийн засгийн хөшүүрэг алга. Тиймээс тэд ийм ажил хийхээс татгалзаж байна шүү дээ. Шүүмж бичиж сууснаас цагийн ажил хийгээд явах нь эдийн засгийн хувьд ашигтай болж. Иймэрхүү байдлаас болж ерөнхийдөө бол захиалгат шүүмж гэдэг ч юм уу, аль болох сенсаацтай ганц бичвэрээр хөөцөлдөөд байгаа учраас нийт утга зохиолынхоо хөгжлийг тодорхойлох далайц доголдож байна л даа. Гэхдээ энэ бол үүрд мөнх үргэлжлэхгүй байх. Миний толийн хувьд бол тэр чиглэлийн онолын үзэл баримтлалуудыг онолын түвшинд тайлбарласан толь бичиг юм.
-Орост гэхэд л хуучин нийгмийнхээ нуун далдалсныг ил болгож, түүхээ шинэчилж байна. Таны энэ толь ч тэр талаас хандсан байх л даа. Монголын өмнөх нийгэмд үнэнийг уран бүтээлдээ тусгаснаар хавчуулж, гадуурхагдсан олон л уран бүтээлчид бий байх?
-Миний толийн шинэ тал нь тэр л дээ. Нэг талаас хэлний асар том саад бэрхшээл байсан. Жишээлэхэд, бид Америкийн утга зохиолын бүтээлүүдтэй үзэл сурталын хувьд ойртож болохгүй. Зөвхөн социалист орон, тэр тусмаа Оросын утга зохиолын дэгээр манай зохиолчдын олонхи нь хүмүүжиж, мэдлэг олсон. Тийм хэд хэдэн үе яваад өнгөрлөө шүү дээ. Одоо Монгол нэгэнт зах зээлийн нийтлэг харилцаанд шилжээд бусад орны иргэдийн жишигт аж төрнө гэж зүтгэж буй бол бид дэлхийг мэдэх хэрэгтэй. Тийм учраас хуучны хориотой, хөрөнгөтний харгис үзэл гэж ярьдаг байсан тийм маягийн үзэгдлүүдийн дотоод мөн чанарыг монголын уран зохиолын туршлага дээр судлах хэрэгтэй. Бидэнд тэр бүхэн нь байхгүй биш бий. Тэрийгээ гаргах мэргэжилтнүүдийн мэдлэг чадвар сул байна. Яагаад гэхээр нөгөө ертөнцөө мэддэггүй. Бас уншдаггүй. Марк Твен, Уильям Шекспир ч гэх юм уу. Дэлхийд том байр суурь эзэлчихсэн зохиолчдын зохиолыг уншихаас биш ХХ зууны дэлхийн уран зохиолоос монголчууд бүр хаягдчихсан. Тэр орон зайд хүмүүс уран сайхны үзэгдлийг юу гэж үздэг байсан талаархи онолын тулгуур ойлголтуудыг толь бичигтээ оруулсан. Яах вэ, уншигч, оюутнуудын хувьд ойлгоход төвөгтэй тулгуур ойлголтуудыг хамгийн энгийн байдлаар л тайлбарлах гэж оролдсон.
-Тэгвэл бид нар ер нь хаана явна. Бараг зуун жилээр хоцорчихсон яваа юм байна. Магадгүй ингээд хоцорчихсон, зуун жилийн өмнөхтэй нь ижилхэн бүтээл туурвиад байгаа болохоор манай зохиолчид гадаадад гарч чадахгүй байна уу?
-Муу уран зохиолтой үндэстэн гэж байхгүй. Тухайн үндэстний уламлалт уран зохиол гэж бий. Өөрийн үзэл, өөрийн онолтой, өөрийн ур зүйтэй, уншигч олныхоо сэтгэхүй, аж төрөх ёстой хамгийн их ойр хэрэг явдлууд уран зохиолд нь гардаг байх жишээний. Тийм учраас бид дэлхийгээс хоцорсон, тасарсан гэж үзэхэд хэцүү. Харин зохиолчийн ур чадвар, онолын түвшин, шинэ эрэл, туршилтуудыг хүлээн авах дархлаагүй болсон. Нэг ёсондоо соёлын түрэмгийлэл бий болсноос дэлхийд нийтлэг уран зохиолын дотоод мөн чанарын тухай ойлголтоос тасарсан. Зөвхөн марксист, леннист утга зохиолын онол гэдэг ч юм уу, социалист уран зохиол, коммунист хүмүүжил ч гэдэг юм уу хүрээнд эргэлдсэн учраас манай утга зохиол их улстөржсөн. Нөгөөх үндэсний эрх ашиг, бүх үндэстнүүд эв найрамдалтай аж төрөх ойлголтууд маань зөвхөн социалист үзэл гэдэг шиг хий хуурмаг зүйлд хууртагдсан. Тэрийг нь задлаад гаръя гэхээр төр нь хязгаарладаг. Ингээд эсэргүүцсэн хүмүүсийг эсэргүү болгож, хөрөнгөтний харгис үзлийг сурталчлагчид гээд нугачин дардаг байлаа. Энэ нь бидэнд онолын сэтгэлгээний, уран сайхны шүүмжлэлийн салбарт хоцрогдлыг хүчээр бий болгосон. Тиймээс бид алдсан зүйлээ хамгийн сүүлийн үеийн ололттой талаас нь товчлоё гэж байгаа юм. Нэг ёсондоо үсэрнэ гэсэн үг. Далан жилийг алдсан нь үнэн. Далан жилийн дараа бөөн цөөнөөр нь авч, хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь хаяад явна гэж ойлгох хэрэгтэй. Зохиолч хүн бол социалист реализмын аргаар, сурреализмын аргаар бичиж байгаагаа мэддэггүй. Мэдэх ч албагүй. Зохиолч бичнэ. Түүнийг нь онолын үүднээс энэ зохиолын хэв галбир, маяг, ур чадварыг ямар онолтой нь хамаатуулж болох вэ гэдгийг нь судлаачид судалдаг. Гэтэл тэр үзэл, онолынх нь тал нь хаягдсан. Тэгэхээр социализмын үеийн уран зохиолын доторх эсэргүү болоод байсан зохиолууд, нөгөөтэйгүүр их алдаршсан социалист реализмын сонгодог бүтээл гээд өргөмжлөөд байсан тодорхойлолт нь худлаа. Тэр нэрийн дор баригдаад байсан гэдэг маань шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай тулгарсан. Уран зохиол өөрөө хөгжлийнхөө явцад шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай тулгардаг л даа. Ийм байдлаар хуучин уран зохиолынхоо үнэт зүйлсийг шинээр нээж гаргах асуудал байна. Түүнд нь шинэ онол хэрэгтэй.
-Зохиолчдын эвлэл гээд нэг байгууллага бий. Энэ байгууллага ер нь хэрэгтэй юм уу, үгүй юм уу. Таны яриад байгааг тэд ер нь ойлгож, хамтарч ажиллах уу?
-Утга зохиолын бодлого гэдэг юмыг төр авч явах ёстой. Тэр ачаа Зохиолчдын эвлэл гэдэг байгууллагын нуруун дээр уначихаад байгаа юм. Социализмын үеийн Зохиолчдын эвлэл гэдэг бол хамгийн их дэмжлэг авдаг, хамгийн нэр хүндтэй байгууллага байсан. Энэ нь ч улс төрийн учир шалтгаантай. Залуу үеийг коммунист үзэл санаагаар хүмүүжүүлэхэд чиглэж байсан хэрэг. Иймээс ч асар их мөнгө гаргаж бүх зохиолчдын зохиолыг үнэгүй хэвлэж өгдөг байлаа. Гэтэл одоо харъя л даа.
-Нэг ч төгрөг гаргахаа больсон уу?
-Нийгэм зах зээлийн харилцаанд шилжсэн. Тэгэхээр төр өөрийнхөө үүргийг бусад мэргэжлийн салбарууддаа хувааж үүрүүлж байна. Монголын хөгжмийн зохиолчдын холбоо ч гэдэг юм уу, Монголын яруу найрагчдын үндэсний төв гэхчилэнгээр бүх уран бүтээлчид баян компанийн эздийн өмнө бөхөлзөж байж аахар, шаахар мөнгөөр урлагийг авч явах гэж оролцож байна. Монголын театр гэхэд л хоосорчихсон. Очиж жүжиг үздэг хүн ховор. Ямар ч шинэ найруулагч гарч ирээд хуучин уламжлалтай том жүжгийг тавилаа гээд ч очиж үздэггүй. Кино театрт шог, хошин, марзагналын, барууны утга зохиолын онолоор бол гудамжны бүтээлүүд жин дарж байна. Каптализм үүсч, хөгжиж эхэлэхэд ийм үе байсан л даа. Өрнөдийн орнууд, америкийн утга зохиолд ч тийм үе байсан. Тэд бол зүгээр л гудамжинд лааз өшиглөж яваа, ядуухан залуу найрагчид байсан. Өөр өөрийн үзэл бодлыг илэрхийлэн модон хайрцаг дээр зогсоод, шүлгээ олны дунд уншдаг, тэрийг нь хүмүүс ирж үзээд явдаг байсан. Харин одоогийн монголчуудын хувьд нэгдүгээрт, зохиолчид нь түүнээс ичиж байгаа. Нөгөө талаас төр нь тэднийгээ огт харахаа байсан. “Энд утга зохиолд ийм юм болоод байна” гэдгийг төр нь хэзээ ч авч үзэж, анхаардаггүй. Тийм айхтар ан цав гарчихсан. Тэгвэл каптализм байгуулсан Өрнөдийн болоод Зүүн Өмнөд Азийн орнууд, америк зэрэг өндөр хөгжилтэй орнуудад сонгодог уламжлал, хатуу барьж байсан дүрмийг эвдээд том хаус буюу абсурт үе эхэлдэг. Манайд ч тийм зүйл богинохон хугацаанд бий болоод уншигчид ч түүнд дассан. Одоо Галсансүх, Аюурзана, Батхуягийг хүлээн зөвшөөрч байна.
Цаашлаад “Хүрээ хөвгүүд”, “Бишүби”, “Зүс бүгэг андууд”, зохиолч Урайнхай тэргүүтэй урсгалуудын тунхагууд бол Монголын утга зохиолын хатуу хана хэрмийг нураагаад хаячихсан.
Тэр орон зайнд уран бүтээлчдийг хамгаалж байгаа нэг байгууллага байгаа юм. Тэр нь Зохиолчдын эвлэл. Даан ч их ядуу. Яагаад ядуу вэ гэхээр уран бүтээлчдийнх нь зохиол, уран бүтээлийг үнэлдэг хүн байхгүй болчихсон. Тиймээс зохиолчдоо нэгтгэх, зохиол бүтээлийг нь ивээн тэтгэгчидтэй зуучилж өгөх, хөгжлийн хэтийн чиг хандлагыг хурдасгаж өгөх л бодлого барьж байна. Түүнээс биш хуучных шиг төрөөс дэмжлэг авах, үүрэг хүлээхээ больсон. Хичнээн үүрэг хүлээе гэж гүйгээд төр нь энэ салбарт анхаарал тавихаа байсан. Дэлхийн чиг хандлагыг харахад, социализмын дараа зохиолчдын төвлөрсөн байгууллага устчихсан юм билээ.
-Бүгд л хүлээснээс суллагдсан болохоор тэр байх даа?
-Тэр нь ямар учиртай вэ гэхээр маш олон үзэл бодол, гүн ухаанаар туурвичихсан хүмүүс ижил төстэй уран бүтээлчидтэй пен клуб байгуулах болсон. Бид ч гэсэн энэ системийг утга зохиолын академитай холбох байдлаар зохион байгуулах байх гэж хүлээж байна. Аливаа шинэ зүйлийг хийхэд хүссэн, хүсээгүй ч тодорхой цаг хугацааг туулахаас өөр аргагүй ийм цаг үе үргэлжилдэг.
-Үүний нэг илрэл нь манайд бүлгэмүүд байгуулагдаж байх шиг байна?
-Тийм, энэ бол их сайн үзэгдэл. Гэхдээ энэ бүлгэмүүдийн хооронд өрсөлдөөн бий болох ёстой. Одоохондоо өрсөлдөхгүй л байна. Манай их сургуулийн оюутнуудаас бүрэлдсэн гэхэд л “Хөх мэдэрхүй” гээд нэг бүлэг урсгал байх жишээтэй.
-“Хөх мэдрэхүй” гэж их мундаг нэртэй юм. Та уншигчдад тайлбарлаж өгөөч?
-Энэ нь хүний оюун ухаанаас өмнөх үе юм. Шүлэг, зохиол гээч хүний мэдрэхүйгээр бий болох ёстой гэж үзэж байгаа хэрэг. Хүний мэдрэхүйн үүрэг бол гайхамшигтай зүйл. Хүний ухамсараас өмнөх үе шат. Гэтэл үүний цаад талд хүртэхүйн, сэрлийн үе шат гэж байгаа. Тиймээс барууны утга зохиол бол сэрлийн үүсгэлээс эхлээд онол нь явдаг. Харин манайд эсэргээрээ. Оюун ухаанаасаа эхлээд урвуугаараа яваад тал дунд нь очоод зогсдог. Тэгэхээр уран бүтээл гэдэг бол оюун ухааны гэхээсээ илүүтэй зөн билгийн ажил.
-О.Дашбалбар агсантай та багагүй маргаан өрнүүлдэг байсан. Та хоёрын маргааныг яруу найрагчид бурхадын маргаан гэж хэлдэг байсан. Ингэж байхдаа шүүмж талаасаа тодорхой үр дүнг бий болгосон уу. Одоо та хоёр шиг ингээд үзэлцэх шүүмжлэгчид яагаад байхгүй байна аа. Та юу гэж боддог вэ?
-Нэгдүгээрт, манай залуучуудад мэдлэгийн дутмагшил гэх юм уу даа. Янз бүрийн цэгцтэй онолын мэдлэг байхгүй. Тэгэхээр илтгэл үнэмшил байхгүй. Итгэл үнэмшилгүй болохоор хүний бүтээлийг гөрдөж болдоггүй, ухаалгаар тайлбарлаж чадахгүй. Шууд л шүүмжилчихлээ гэхэд олон хүний эсэргүүцэлтэй тулгарвал мань хүний нэр хүнд баларна. Ийм төвөгтэй байдалд орчихсон цаг үе. Хоёрдугаарт, нөгөөх үнэлгээтэй холбоотой. Хүн ажил хийсэн бол түүндээ тохирох үнэ хөлсийг авах ёстой шүү дээ. О.Дашбалбар бол Монголын яруу найрагт гарсан том үзэгдэл. Бид бол яг нэг үеийнхэн, насны хувьд ч чацуу. Галтай, цогтой сайхан яруу найрагч байсан даа. Бидэнд ямар сайхан шүлэг үлдээсэн билээ. Яах вэ, тухайн үед бид хоёрын хооронд гарч байсан маргаан нэг талаасаа зохиомол ч юм шиг. Нөгөө талаас нь харвал утга зохиолын хүрээнд ардчиллыг бий болгох ёстой байсан. Жишээ нь, МАХН Ардчилсан холбоо гэж хоёр юм мөргөлдөөд л тэсэрсэн шүү дээ. Энэ бол улс төрийн хүрээний асуудал. Түүнтэй адил утга зохиолд ч урсгалууд гарч ирсэн. Тэр үед миний хувьд хамгийн залуу, хамгийн гайгүй гэж бодож явсан яруу найрагчийн бүтээлийг хөндөнө гэдэг мэтгэлцээн үүсгэх тийм л нөхцлийг бүрдүүлсэн. Бид хоёр утга зохиолын тухай л ярьсан. Түүнээс биш бие биенийхээ тухай яриагүй. Яагаад гэвэл бид хоёр үй зайгүй найзууд. Намайг Токиод байхад Балбар нас барсан. Тэр үед Монголын утга зохиолын ардчиллын галыг өрдөж өгсөн анд минь гэсэн хагас нүүр сайхан дурсамж бичиж л байсан.
-Уншсан юм байна. Их гоё дурсамж бичсэн байсан. Зарим хүмүүс манай утга зохиолыг зогсонги байдалд орчихсон гээд байдаг. Тэр нь таны дээр хэлсэн бясалган, эрэл хайгуул хийхгүй, тогтсон философигүй байгаатай холбоотой юу?
-Манай философи сэтгэлгээ ч одоо ядуу байгаа. Шинэ философи бүрэлдэж, тэр нь олон нийтийн итгэл үнэмшил болно гэдэг амаргүй. Маркс, Энгелсийг бид хичнээн их уншиж байлаа даа. Их сургуулийн оюутан хүн гэхэд л диалетик-материализм, түүхэн материализм, тэгээд шинжлэх ухаан, коммунизмын онол, коммунист намын түүх, Монгол ардын хувьсгалт намын түүх гээд арваад философи, хичээл үздэг. Түүгээр бөмбөгдүүлчихсэн хүмүүс чинь бидний дайсан гэгддэг хөрөнгөтний нийгмийнхний аль ХХ зууны эхээр гаргаад ирсэн арга зүйг мэдэхгүй. Бид үгүйсгэлийн үгүйсгэлийн онол, тооноос чанарт шилжих хууль гээд л материалист философийн юмыг яриад явж байхад цаадуул чинь фенеменологи, херменевтик гээд тус тусдаа бие даасан судалгааны асар том аргуудыг нийгмийн шинжлэлийн бүх салбартаа дэлгэрүүлж байсан. Ингээд тэр бүхнээс бид холдчихсон болохоор өнөөдөр манайхан тэдний туулсан зам мөрийн талаар мэдээлэл муутай учраас залуучууд зөвхөн л өөрсдийн зөн билгээр, өөрт эвтэйхэн байгаа тэр зам мөрөөр явахыг аль болох эрмэлзэж байгаа юм. Эдгээрийн хооронд үүсч байгаа зөрчил нь хөгжлийн эх сурвалж яах аргагүй мөн. Энэ олон бүлэглэлүүд одоо хоорондоо “дайтах” ёстой.
-Энэ “дайн”-аар юу үүсэх вэ?
-Монголын утга зохиолын номлол, утга зохиол дахь олон урсгал, бүлэглэлүүд, түүний гүн ухаан, үзэл баримтлал тавигдах ёстой.
-Зарим бүлэглэлүүд нь байгуулагдаад хэдхэн жилийн дараа тарчихаж байна. Энэ юутай холбоотой вэ?
-Дөрөв, таван жилийн дараа тарчихлаа гэдэг тухайн бүлэглэл дотор давамгайлсан сэтгэгчид байхгүй байна л гэсэн үг.
-Онолыг ер нь хэв гэж тооцож болох уу. Тэр хэвэнд нь цутгаад л тухайн урсгалын бүтээлийг бий болгоно гэж ярьдаг хүмүүс дайралддаг л даа?
-Үгүй. Онол бол шинжлэх ухаан. Уран зохиол бол урлаг. Үүнийг манай уншигчид ч, уран бүтээлчид ч ойлгодоггүй. Шүүмжлэл бол шинжлэх ухаан, урлагийн хослол. Шүүмжлэл гоё байх ёстой. Сонирхолтой байх ёстой. Тэр нь урлаг тал нь. Нөгөө талаар шүүмжлэл онолын сууртай байх ёстой. Үнэмшил итгэлтэй байх ёстой.
-Таны дээр хэлсэн санаанд их ойрхон бууж байна л даа. Зохиолч зохиолоо бичнэ. Онолчид кубизм эсвэл реализм гэдэг ч юм уу тодорхойлно гэж.
-Онол гэдэг бол уран бүтээлийн практикаар бий болдог. Тэр бий болсныг шинжлэх ухааны үүднээс тодорхойлолт болгож хувиргаж байгаа л хэрэг. Тэрийг л онол гээд байгаа. Шүлэг гэж юу вэ гэхэд л тодорхойлолттой байна. Шүлэг ямар хэлбэртэй байдаг юм гэхээр зэрэг хэлбэрүүдийг нь хамгийн ойр дөтөөр нь бүлэглээд хэдэн салбар, хэсэг ч болгох жишээтэй. Дууль гэж юу юм, сонат гэж, хайку гэж юу юм бэ гэхээр дөрвөн үндэстний дөрвөн шүлэг, дөрвүүлээ богинохон, дөрвүүлээ гурван мөрөөр бичигддэг. Эд нарт нэг түгээмэл зүй тогтол, тайллагддаг өөр өөр цэг бий. Эдгээрийн ижил төстэй, ялгаатай зүйлийг шинжлэх ухааны үүднээс тайлж тогтоосныг онол л гэж байгаа юм шүү дээ. Уран зохиолын онол бол маш олон салбартай. Түүнээс залуу уран бүтээлчид зайлшгүй мэдэж байх хэрэгтэй чухал хоёр гол салбар бий. Тэр нь журамлах, тодорхойлох гэдэг хоёр онол.
-Энэ хоёр онолыг манай уншигчдад жаахан дэлгэрүүлж тайлбарлаж өгөөч?
-Журамлах онол. 1990 оноос хойш бөөн бужигнаан болоод л… Сайн, муу, сайхан, муухай, хүмүүс хүлээж авдаг, эс авдаг юмнууд бий болсон. Одоо энэ нь онол болох ёстой. Жишээлэхэд, Галсансүх ганцаараа л гуядаад байгаа. Гэтэл нийгэм нь түүнийг хүлээгээд авчихсан. Гэтэл онолчид нь байхгүй. Энэ хүний онцлогийг хүн төрөлхтний цуглуулсан ямар дэвсгэр онол дээр тавьж үзэхээ мэддэггүй. Тэгэхээр яадаг вэ гэхээр зүгээр л хувийн сэтгэгдлээ биччихнэ. Таалагдвал магтана. Үгүй бол илий балайгаар нь дуудна. Цаашлаад бүр хувь хүнийх нь зан араншинтай холбоод нухах гээд оролдоод байдаг. Энэ онолын дутагдал нь утга зохиолын хүчтэй тэсрэлтүүд гарахад саад болдог. Тиймээс утга зохиолын онолыг эрчимтэй шинэчлэх хэрэгтэй. Утга зохиолыг шинэчлэх гээд байгаа хүмүүст чиг баримжаа болох, итгэл үнэмшил нь болох онол хэрэгтэй.
Үг олдож үхэр холдлоо гэгчээр ингээд өндөрлөх үү?
Залуу хүн гэж гололгүй сайхан ярилцсанд тань баярлалаа. Танд уран бүтээлийн өрнүүн их амжилт хүсье.