НИТХ-ын сонгуулийн хуулийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

НИТХ-ын сонгуулийн хуулийг баталлаа

Нийслэлийн ИТХ, УИХ-ын сонгууль хоёрыг нэг өдөр явуулах шийдвэрт хүрээд байгаа энэ үед НИТХ-ын сонгуулийн тухай хуулийг батлах шаардлага гараад буй. Үүний дагуу өнгөрсөн баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын /НИТХ-ын/ сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгч­дийн Хурлын сонгуулийн тухай хуу­лийн төслийг УИХ-ын чуулганы өм­нө Төрийн байгуулалтын байнгын хороо­ны хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн. 

Чуулганы нэгдсэн хуралдаанд Төрийн байгуулалтын байнгын хороо­ны танилцуулгыг хийсний дараа УИХ-ын гишүүд санал солилцсон. НИТХ-ын сонгуулийн тухай хуульд зарим гишүүд шүүмжлэлтэй хандаж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ган­хуяг “Иргэдийн нийтийн хур­лаар хорооны засаг даргыг сонгоход хороодын иргэдийн олонхи нь хам­рагдаж чаддаггүй, мөн хороон дээр ажиллаж буй хүмүүс ихэвчлэн намын харьяалалтай байдаг болохоор парламентын гаднах намаас хороон дарга сонгогдвол засаг дарга нь хүлээж авахгүй иргэдээ үзэл бодлоор нь ангилж, хүний үндсэн эрхийг зөрчих явдал гардаг тул орон нутгийн удирдлагыг аль нэг намын нөлөөгүйгээр иргэдээсээ шууд сонгох асуудлыг зохицуулах ямар өөрчлөлт дээрх хуульд орж байгааг тодруулах хэрэгтэй” гэсэн.

ТББХ-ны дарга Ж.Сүхбаатар энэ асуултанд “НИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа уг төслийн үзэл баримтлалд тусгагдсаны дагуу одоо хүчин төгөлдөр мөрдөж буй УИХ-ын сонгуулийн тухай хуулийн ерөнхий зарчмыг баримталсан,  мөн хорооны удирдлагыг сонгох үеэр яригддаг энэ мэт асуудлыг шийдэхийн тулд орон нутгийн удирдлагыг шууд ардчиллын зарчмаар сонгох, намын харьяалалгүй болгох талаар Үндсэн хуулийн IV бүлэгт нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулсан ч цаг хугацааны эрхээр шийдэгдээгүй байгаа, гэхдээ нутгийн удирдлагын тогтолцооны шинэчлэл хийе гэдэг дээр хоёр намын тохиролцоо хэвээр үлдсэн, энэ талаар томоохон алхам хийх Н.Батбаяр нарын 48 гишүүний санаачилсан хуулийн төсөл явж байгаа. Харин одоо УИХ-ын сонгуулийг НИТХ-ын сонгуультай хамт явуулахад чиглэсэн гол асуудлаа анхааран хэлэлцэх нь зүйтэй” гэсэн байр сууриа илэрхийлсэн.

Мөн Ц.Батбаяр гишүүн энэ хуулиар нийслэлд улс төр, эдийн засгийн болон хууль эрхзүйн ямар эрх мэдэл олгох, хоёр янзын сонголт хийх саналын хуудсаа иргэд хэрхэн зааглаж ялгах, нийслэлд эрх мэдэл, бие даасан статус олгох гэж байгаа бол Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг эхлээд батлах хэрэгтэй. Энэ хуулийг оруулж ирээд хоёр жил болж байхад одоо болтол хэлэлцэхгүй байна” хэмээн шүүмжиллээ.

Мөн НИТХ-ийн сонгуулийн тухай хуульд сэтгэл дундуур байгаагаа Я.Батсуурь гишүүн илэрхийлээд “Сонгуульд ихээхэн зардал гарч байна, 16 тэрбум төгрөг Монголд хэрэггүй мөнгө үү. Энэ мөнгөөр хэчнээн эмнэлэг, сургууль барьж, хэчнээн ажлын байр бий болгон, хэчнээн км зам тавих боломжтой вэ.  

НИТХ-ын сонгуулийг УИХ-ынхтай цуг, харин аймгийнхыг тусад нь явуулахын цаана ямар улс төр явж байна вэ. НИТХ-ын сонгуулийг УИХ-ын cонгуультай цуг явуулахаар Үндсэн хууль зөрчихгүй, иргэд будилахгүй юм уу? Хууль эрхзүйн үндэслэлгүй, зүгээр л нэг шалтгаар энэ хоёр сонгуулийг хамтад нь явуулах гэж байна. Би энэ асуудлаар урьд нь цөөнх болсон, одоо ч хэвээр байгаа” гэлээ.

Д.Хаянхярваа гишүүний хувьд “Энэ хоёр сонгуулийг хамт явуулахыг би дэмждэггүй. Энэ хуулиар ямар нэг алдаа мадаггүй явуулах нөхцөл бүрдэнэ л гэж найдъя. УИХ-ын сонгууль бол төрийн сонгууль, харин Орорн нутгийн хурлын сонгууль бол нутгийн өөрөө удирдах ёсны сонгууль. Нийслэлийн хурлын сонгуулийн хуулийг тусад нь баталснаар зургадугаар сараас хойш хотод ажил явуулах боломжийг хааж байна. Бодит амьдрал дээр бөөн хэл ам гараад ажил нь урагшлахгүй байх вий. Улс орныхоо хөгжлийг хойш нь татах, ард иргэдийнхээ амьдралд буруугаар туссан хууль гарах вий” хэмээн болгоомжилж байв.

Зарим гишүүд энэ хуулийг боловс­руулахдаа нийслэлийн удирдлага, иргэ­дээс саналыг нь хэр авсан, НИТХ-ын сонгуулийн тойргуудыг хэрхэн зохион байгуулах, орон нутгийн хур­лын сонгууль гэдэг нэг зүйлийг хоёр хуваагаад нийслэлийнхээр нь тусдаа хууль гаргах гэж байгаа бол аймаг, дүүргийнхийг хамтад нь цогцоор хийж болоогүй юм уу зэрэг асуулт тавьж УИХ-ын болон НИТХ-ын сонгуулийг хамт явуулах нь Үндсэн хуулийн цэц дээр асуудал үүсгэж болзошгүй хэмээн болгоомжилж байв. Харин Ж.Сүхбаатар гишүүн энэ талаар нийслэл гэдэг бол тусгай чиг үүрэг гүйцэтгэдэг хот бөгөөд улсын тал нь юм гэж үзвэл төрийн илүү хүчтэй зохицуулалт байх шаардлагатай учраас Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулиас онцлон, тусгайд нь ялган авч үзэж байна. Бодлогын хувьд нэгэнт ойлголцсон асуудлаар бид НИТХ-ын сонгуулийн хуулийг тусдаа гаргаж байгаа. Энд ямар нэгэн гажуудал, хуульзүйн хувьд нийцэхгүй гэсэн зүйл байхгүй” хэмээн тайлбарлаад Үндсэн хуультай нийцэхгүй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хандах эрх нь нээлттэй болохыг санууллаа.

Нэгдсэн хуралдааны үеэр гишүү­дийн шүүмжлэлтэй хандаж байсан бас нэг асуудал нь сонгуулийн үеэр төрийн албан хаагчдыг тойргийн хороодод ажил­луулахтай холбоотой асуудал бай­сан.  Л.Гүндалай, П.Алтангэрэл нарын гишүүд энэ сонгуулийг будлиангүйгээр явуулах ямар арга хэмжээ авч байгаа, сонгуулийн хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар СЕХ-ноос тайлбар хүссэн. Мөн төрийн албан хаагчид гэдэг нэрийн дор намын харьяаллаасааа түр түдгэлзсэн хүмүүс л байгаа. Төрийн албан хаагчдыг намын харьяалалгүй байлгана гэсэн хууль гараагүй болохоор тэд ямар нэгэн байдлаар түдгэлзсэн намдаа л үйлчилнэ  гэж үзэж байгаагаа хэлээд хоёр намын бүлэг төрийн албан хаагчдыг намын харьяааллаас нь татгалзуулах тухай хуулийн төсөл өргөн барих нь зүйтэй гэсэн асуудал дэвшүүлсэн юм.

Энэ саналыг УИХ-ын дэд дарга Г.Батхүү дэмжиж “Сонгууль болохоос өмнө хийх нэг ажил бол төрийн албан хаагчдыг улс төрийн намаас бүрэн татгалзуулах хууль өргөн барих явдал. Ингэснээр сонгууль будлиангүй болно гэж найдаж байна” гэсэн. Харин Э.Мөнх-Очир гишүүн “Төрд ганц ч өдөр ажиллаж үзээгүй хүмүүс төрийн албыг гутааж, төрийн ажилтнуудыг доромжилж байна. Төрийн албан хаагчдыг намын харьяаллаар ажиллаж байна гэж хэлж буй хүмүүс ямар хариуцлагагүй байна” гэж шүүмжилсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр өмнө нь хэлэлцсэн учраас НИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн тус хорооны саналаар нийт гишүүдийн дунд санал хураалт явуулж 85 хувийн саналаар уг хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм. Ийнхүү үдээс өмнөх чуулган түр завсарлаж, Төрийн байгуулалтын байнгын хороогоор дээрх хуулийн төслийг хэлэлцэж тус хорооны гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн санал тус бүрээр санал хурааж, хуулийн төслийн хоёрдахь болон эцсийн хэлэлцүүлгийн хийж баталлаа. Ингэснээр УИХ-ын сонгуультай нэг өдөр болох НИТХ-ын сонгууль шинээр батлагдсан хуулийн дагуу явагдах бөгөөд Сонгуулийн ерөнхий хороонд бэлтгэл ажлаа шинэ хуулийн дагуу явуулах үүрэг өгсөн юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж