
Орон нутагтаа Г.Занданшатар, Х.Баттулга нарын нэр хүнд өндөр, бусад горилогчдоо чансаагаар тэргүүлж байгааг судалгааны дүнгээс харж болохоор байна. Эндээс үүдээд тэднийг ирэх сонгуульд эргэлзээгүй ялна гэсэн таамаглалыг дэвшүүлэх хүмүүс олон байгаа аж.
Тэгвэл Баянхонгорт нэр дэвшихээр яригдаж байгаа бусад горилогчод хэн бэ? МАН-аас Г.Занданшатараас гадна “Спирт бал бурам” компанийн захирал Элдэв-Очир нэр дэвшихээр бэлтгэж байгаа мэдээлэл нэлээд эртнээс сонсогдож байсан. Гэвч тэрбээр энэ удаад нэр дэвшихгүй нь тодорхой болоод буй. Учир нь тэрбээр гадаадад суух Элчин сайдаар томилогдсон тул сонгуулиас арай өөр зүйлд биеэ бэлтгэж байна. Өмнөх сонгуулиар МАХН-аас нэр дэвшсэн Х.Баярмөнх Гадаад харилцааны яаманд газрын даргаар ажиллаж байгаа бөгөөд сонгуультай холбогдуулан ажлаа өгөөгүйг бодоход энэ удаад мөн нэр дэвшихгүй нь тодорхой.
Өмнөх сонгуулиар ИЗ-НН-аас тус тойрогт нэр дэвшиж байсан М.Хүрэлсүх энэ удаад мөн нэр яригдаж байна. “Нармон” компанийн захирал тэрбээр ИЗН-ыг шинэ тутам байх үеэс л идэвхтэй ажиллаж ирсэн нөлөө бүхий гишүүдийн нэг юм.
Ардчилсан намаас Баянхонгорын тойрогт нэр дэвшиж ялалт байгуулсан Б.Батбаяр энэ удаад намын 28-ын жагсаалтад бичигдэх бололтой. АН жагсаалтыг гаргахдаа нам доторх албан тушаалын эрэмбээс гадна улс төр дэх туршлага, УИХ-д хэдэн удаа сонгогдсон зэргийг харгалзах аж. Тэгвэл парламентад хэдэнтээ сонгогдсон Б.Батбаяр гишүүн жагсаалтын эхний 10-т багтах шаанстай гэж үзэж, энэ удаад тойрог тойлохгүйгээр шийдсэн гэх мэдээ байна. Энэ тохиолдолд Х.Баттулгатай хамт Ардчилсан намаас өөр хэн нэр дэвших бол? Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаа М.Батчимэг, УИХ-ын гишүүн Л.Болд гэсэн хүмүүсийн нэр с сонсогдож буй.
Баянхонгорын сонгогчдын хувьд ардчиллынханд элэгтэй гэж хэлж болно. 2008 оны сонгуульд МАХН-аас нэг, АН-аас хоёр гишүүн сонгосон баянхонгорчууд 2004 онд мөн ийм сонголт хийж, Г.Занданшатараас гадна “Эх орон-Ардчилал” эвслээс нэр дэвшигч Ц.Жаргал, Х.Баттулга нарт итгэл үзүүлж байжээ. Тэгвэл 1996 оны сонгуулиар дан “цэнхэр” сонголт хийж, өдгөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гадна Д.Батнасан, Ё.Гэрэлчулуун нарыг УИХ-ын гишүүнээр сонгож байжээ. 1996 оны сонгуулиар Ардчилсан нам парламентад олонх болох тэр үед ч “улаанаараа” үлдсэн аймгууд байдаг. Тэдэнтэй харьцуулахад Баянхонгор аймаг цэнхэр гэж хэлж болох тойрог, тиймдээ ч сүүлийн гурван сонгууль дараалан ардчиллынханд илүү элэгтэй хандсан хэрэг.