Монголд гурав дахь хүчин гэж байхгүй

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

Монголд гурав дахь хүчин гэж байхгүй

Дутсан гурав

Гурав дахь хүчний гурван гишүүн байна уу, харсан хүн байвал хэл дуулгаарай… Орондоо хууль засдаг хүнээс айдаг иргэний зориг… Яг одоо хуралдаж суугаа гишүүдэд “Extacy” хамтлагийн “Нэг л хүн дутуу” дууг гурван удаа зориулья…

Иймэрхүү үг, утгатай жиргээнүүд өнгөрсөн баасан гаригийг шөнө 02-03 цаг хүртэл твитерээр тарав. Манай твитерчид их олуулаа, бас их идэвхитэй юм байна гэдгийг тэгэхэд харлаа. Учир нь өнгөрсөн баасан гаригт УИХ-аар хэлэлцэж шийдэх ёстой байсан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах эсэх тухай асуудал ИЗН-ын гурван гишүүнээс болж хойшлов. Чуулганы танхимд огцруулна, огцруулахгй гэсэн гишүүд хүч тэнцээд байсан тул маргааныг хагалахын тулд ИЗН-ын гурван гишүүнийг урьсан хэрэг. Харин цаадуул нь утсаа салгаад зугтчихав. Аргаа барсан Ардчилсан намынхан “гурав дахь хүчний” гурвыг интернэтээр /интертполоор биш шүү/ эрэн сурвалжилж, “хууль засдаг хүнээс айдаг иргэний зориг” гэж хүртэл гомдоллож үзэв.

Харин өглөө эрт твиттерээ нээсэн ИЗНН-ын дарга Д.Энхбат хууль зөрчсөн сайдаа авч үлдэх гэж улайрсан Ардын намынханд биш, хариуцлага тооцох гэж яарсан Ардчилсан намынханд “шанг” нь өгдөг юм байна. Д.Энхбат дарга тэдэнд “Дөрвөн жил бид тэднийг эсэргүүцэж, тэд харин хамтарч явсан. Тиймээс танай дотоодын хэрүүлд оролцохгүй, өөрсдийнхөө ажлыг хийцгээе. Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна. Бид АН, МАН-ын алийг нь ч дагах албагүй, өрсдийн гэсэн сонгогчидтой” хэмээн хариулсан байна лээ. Ингэхдээ бас хажуу хавиргаар нь “МАНАН-гийхан нэг нэгээрээ туг тахиж, бусад нь шударга харагдах “пиар” явж байна. Дөрвөн жил нэг баг болж, луйвардаж идчихээд одоо биднийг буруутгах хэрэггүй. Та бүхэн хэрвээ шударга байя гэвэл хоёр сарын дараа болох сонгуулиар стандарт бусын бүгдтэй харицлага тооцоорой” гэсэн мессежийг твиттерт өөрийн дагагчиддаа хаяхаа ч мартсангүй.

Уг нь бол Ц.Нямдорж сайдыг огцруулах ажиллагаа МАН, АН-ын засагт хамтарсан хугацаатай огтоос холбоогүй билээ. Энэ сарын 13-ны өдөр АТГ-аас Н.Энхбаярыг баривчлах үеэр цагдаагийн тусгай ажилтнууд хүч нэмэгдүүлж ажиллахдаа тэнд байсан УИХ-ын гурван гишүүний биед халдсан үйлдэл гаргасан. Энэ нь УИХ-ын гишүүдийн халдашгүй байдалд хууль зөрчиж халдсан үйлдэл боллоо гэх үндэслэлээр МАН-ын бүлгийн Ч.Улаан, Р.Раш, Д.Тэрбишдагва, Д.Загджав, О.Чулуунбат нарын есөн гишүүн тус салбарыг толгойлж буй Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах шаардлагыг УИХ-д тавьсан билээ.

Тэгэхээр асуудал юу вэ гэвэл ИЗНН-ын гурван гишүүн, намын дарга Д..Энхбатын хувьд энэ удаа МАНАН-гийн дөрвөн жил энэ тэр гэсэн элдэв дээдийн дэлхий тойрсон зүйл ярьж байхын оронд сайд Ц.Нямдоржийг огрцуулах, үгүйн аль нэг дээр л кноп дарах үүрэгтэй байв. Ардчилсан намын 27 гишүүн огцруулах санал оруулсан МАН-ын гишүүдтэй нийлээд 32-лаа, Ардын намынхан 34-лээ болчихоод тэднийг хүлээж байлаа. 

УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд шөнө дөл хүртэл хуралдаж, намынхаа нэг сайдыг огцруулахгүй гэсэн шийдвэр гаргасан. Байнгын хорооны хуралдаан дээр Ц.Нямдорж сайд өөрөө “Хууль зүй, дотоод хэргийн сайд нь баривчлах үйл ажиллагаанд оролцдоггүй. Тэр тусмаа гишүүдийн холбогдуулж яриад байгаа сэжигтнийг баривчлах үйл ажиллагаа бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар явагддаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцох эрх бүхий субъектүүдийг зааж өгсөн. Уг ажиллагаанд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Ерөнхий сайд, өөр хэн нэгэн сайд оролцох эрхгүй. АТГ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн дагуу үйл ажиллагаа явуулсан. Албадан ирүүлэх саналаа прокурорт гаргаснаар шүүхийн захирамж гаргаж хийсэн ажил. Сүүлд гэрээс нь аваачсан ажиллагаа бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 74 дүгээр зүйлийн дагуу хийгдсэн. Байцаалтад ирэхгүй бол албадан ирүүлэх шийдвэрийг шүүгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гаргаж, цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэсэн байдаг. Тэгэхээр би энэ ажиллагаанд оролцох ямар ч бололцоогүй. Хэрэв ямар нэгэн хэлбэрээр оролцоод эхэлсэн бол харин жинхэнэ хууль зөрчсөн үйлдэл болох байсан” хэмээн тайлбарласан байдаг.

Уг нь бол УИХ-ын гишүүд уг баривчлах ажиллагаа хууль ёсны байсан уу гэдэгт биш, хууль ёсны дагуу баривчилгаа явуулах явцдаа цагдаагийн ажилтнууд алдаа гаргаж, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдсан уу гэдэгт хариулт өгөх ёстой байлаа. Харамсалтай нь салбарын сайд үүнийг огтоос асуудал гэж үзэхгүй бололтой. Түүний байр суурь бол нэгдүгээрт, цагдаагийнхан хуульд заасны дагуу үүргээ гүйцэтгэсэн. Хоёрдугаарт хэрвээ цагдаа үүрэг гүйцэтгэх явцдаа алдаа гаргасан бол өөрсдийнх нь буруу. Үүнийг тэр “Би энэ ажиллагаанд оролцох ямар ч бололцоо байхгүй” гэдгээр тайлбарлаж байгаа юм. Цагдаагийн хийсэн ажлын гавъяа нь энэ хүнд ирдэг, гай нь өөрсдөд наалддаг ийм нэг шинэ жишиг тогтчихоод байгаа юм даа. Уг нь бол цагдаа гэдэг цэргийнхэнтэй адил тушаалаар явдаг хүмүүс. Тэр утгаараа доод тушаалын хүмүүсийнхээ хийсэн ажлын үр дагаврыг дээд тушаалынх нь нөхдүүд хариуцах ёстой. Армид бол тийм л байдаг. Харин манай хууль сахиулах байгууллагад иймэрхүү үүрэг хариуцлага, удирдлагын тогтолцоо байхгүй болчихоод байгаа юм даа.

Долдугаар сарын 1-ний хэрэг дээр ч мөн ялгаагүй. “Цагдаа үүргээ гүйцэтгэсэн, олон хүний амь насыг хамгаалсан” хэмээн тэмцэлдэж байсан Хууль зүйн сайд, цагдаагийн удирдлагууд “Тэр цагдаа чинь хүн буудчихсан байна, хэн буудах тушаал өгсөн бэ” гэж хуулийнхан асуунгуут “Мэдэхгүй, би тушаал өгөөгүй, өөрсдөө сайн дураараа буудсан байна” гээд, нөгөө буу, сум бариулаад эргүүлд гаргасан жирийн цагдаа нараа “хүний амийг санаатайгаар хөнөөсөн” гэдэг хүнд гэмт хэрэгт тулгаж орхиод өөрсдөө зугтацгаасан шүү дээ. Үүнээс болоод энэ хэргийн шүүх хурал өнгөрөгч сарын 14-нөөс хойш сар гаруй хугацаагаар хойшилж байгаа билээ. Тухайн үед цагдааг удирдаж байсан генерал, хурандаа нарыг энэ хэргээс авч гарахын тулд Ерөнхий прокурор луу шаардлага бичиж, УИХ дээр Ерөнхий прокурорын ажлыг шалгуулахаар ажлын хэсэг гаргаж байсан Хууль зүй, дотоод хэргийн сайд нөгөө хүний амины хэрэгт холбогдоод байгаа долоон цагдаагийн төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй юм даг. Энэ удаа ч гэсэн буруудвал гүйцэтгэх ажиллагаанд оролцсон тусгайгийн ажилтнууд л шоронд орж, салбарын сайд нь харин зөвдөөд сонгуульдаа орох бололтой.   

Ил айдас, далд хожоо

Ил яригдаж, асуудал болгоод босгож ирж байгаа нь л энэ болохоос биш, цаагуураа бол Ц.Нямдржтой холбоотой өчнөөн л асуудал яригддаг шүү дээ. Энэ хэрэг дээр намынхаа сайдыг авч үлдэх гэж шөнө дөл хүртэл гишүүдээ уяж байж ирцээ гүйцээсэн МАН-ын бүлэг, Удирдах зөвлөлийн шийдвэрийг гайхаад байх зүйл алга. Тэртэй тэргүй энэ намын өнгөрсөн 20 жилийн амьдрал, үүх түүх, байгуулсан гавьая, үйлдсэн нүгэл болгон Ц.Нямдорж гэдэг хувь хүнтэй холбоотой. Тэр тусмаа энэ намын экс удирдагч нь авлига, албан тушаалын хэргээр шоронд хоригдсон энэ үед Ц.Нямдорж гэдэг “гэмт хэргийн архив”-аар оролдсон хүн бүхэн өөрсдийнхөө толгойг цустана гэдэг айдас энэ намын гишүүн нэг бүрт байгаа. Түүний сайд байхдаа өөрсдийнх нь талаар олж цуглуулсан, нууж дарсан бүхэн өөрийг нь огцруулахтай хамт сөхөгдөж гарч ирэх гээд чичирч байгаа хүмүүс аргагүй.

Харин улс төрийн гурав дахь хүчин гэж өөрсдийгөө дөвийлгөж, Монголын нийгмийг авлига, хээл хахууль, албан тушаалын хэнээтнүүдээс цэвэрлэнэ гэж амлаж ирсэн ИЗНН-ынхны хувьд гайхашралтай үйл явдал болсон юм. Ялангуяа Хууль зүйн сайдын албан тушаалын хариуцлагатай холбоотой асуудал ярьж байхад “АН, МАН-ын хэрүүл бидэнд хамаагүй ээ” гээд хаяж гарсан нь. Учир нь энэ нам байгуулагдсан цагаасаа хойш улс төрийн тавцанд голлох тоглогч байж, бие даасан бодлого явуулж байсан удаагүй. Монголын улс төрийн хоёр том нам болох АН, МАН-ын аль нэгийг дагах байдлаар улс  төрийн үйл ажиллагаагаа явуулж, тэндээсээ хожоо гаргаж ирсэн нам. 2000-2004 онд МАН УИХ-д 72 суудалтай байхад ИЗН-ын хэрэг тэдэнд байснгүй. Тиймээс сөрөг хүчин болсон Ардчилсан намын фонн дээр улс төр хийж, 2004 оны сонгуульд ч эвсэл болон оролцож байв. Дараа нь 2004-2008 оны УИХ-ын үер УИХ-д хоёрхон суудалтай ИЗН Эвслийн Засгийн газарт ажиллаж байсан /бас нэг эвсэлд багтаж байсан/ Ардчилсан намыг Засгийн газраас шахахад  зүтгэснийхээ төлөө МАХН-аас нэг сайдын суудал авч байсан юм. 

Одоо ч гэсэн тус нам аль нэг улс төрийн том хүчний хавсарга байдлаар л сонгуульд оролцоно. Сонгууль ойртож, дараагийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн улстөрчдийн нүдний өмнүүр жирэлзээд эхэлсэн энэ үед ИЗНН дараагийнхаа нүүдлийг хийж байгаа бололтой. Энэ удаа ч гэсэн тэдний “хайрын харц” ардчиллын гэх нэг хөрснөөс ургаж гарсан Ардчилсан нам руу биш, харин арай илүү зүйлийг амлаж чадахаар нь Ардын нам руу талимаарч байгаа бололтой. Тэгэхээр Монголд улс төрийн гуравдагч хүчний тухай мөрөөдөх нь одоохондоо лав манайд илүүц болж байна. Хэрвээ б0айдаг бол тэр нь лав ИЗНН биш гэдгийг өнгөрөгч долоо хоногт эхлүүлсэн Ц.Нямдоржийг огцруулах операцийн зах зухаас харагдаад эхэллээ л дээ. Тиймгүйсэн бол “ах” нам, Ардчилсан нам хоёрын хооронд өрнөж буй энэ өрсөлдөөнөөс бултаж зугтах шалтгаан энэ намынханд лав байхгүй. Ядахдаа л хулгай хийсээр байгаад Хууль зүйн сайддаа атгуулчихсан МАН-ын гишүүд биш дээ.

“Сант Марал” төвөөс хамгийн сүүлд явуулсан судалгаагаар ИЗНН 1,9 хувийн рейтингтэй гарсан байна лээ, харин сүүлд байгуулагдсан МАХН, МҮАН-ын рейтинг нийлээд 6,3 хувьтай яваа. Ядахдаа намын дарга нар нь хэрэгтэй үед байх ёстой газраа байж чаддаггүй хулчгар учраас энэ намын рейтинг ингэж дор ортлоо унасан хэрэг. УИХ-д ганц ч суудалгүй /Ц.Шинэбаярын суудал уг нь МАН-ынх шүү дээ/ МАХН-ын гишүүд намынхаа даргыг баривчлуулсан шарандаа салбарын сайдтай нь зууралдаад УИХ дээр асуудал оруулаад ирж байхад УИХ-д гурван суудалтай ИЗН өнгөрсөн дөрвөн жилд юу хийсэн бэ? Тийм байж “Бид улс төрийн гуравдагч хүчин, МАНАН-гаас Монголоо аварья” гэж ярихаасаа өөрсдөө ч гэсэн ичих хэрэгтэй  л дээ.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж