Олимпийн эрх гурваар нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.29-нд нийтлэгдсэн

Олимпийн эрх гурваар нэмэгдлээ

Хятадын Тайюань хотод гурван өдөр үргэлжилсэн “Лондон 2012” зуны олимпийн эрх олгох чөлөөт бөхийн гурав дахь шатны тэмцээн өнөөдөр өндөрлөж байна. Нийт 79 орны 380 гаруй тамирчин оролцсон тус тэмцээнээс Монголын шигшээ багийн эрэгтэй нэг, эмэгтэй гурван тамирчин олимпийн эрх хүртээд байна. Тодруулбал, өнөөдөр болсон эмэгтэйчүүдийн тэмцээнээс манай гурван бөх эрхийн болзол хангаснаар чөлөөт бөхийн эмэгтэйчүүд бүтэн багаараа Лондонгийн олимпийг зорих боломжтой боллоо.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д хүч үзсэн дэлхийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Д.Отгонцэцэг эхний тойрогтоо хийлж, дараа нь Узбекстаны бөхийг 6:0, 4:0-ээр, Румыны тамирчныг 6:0, 7:0-ээр хожиж, улмаар эрхийн төлөөх барилдаанд дэлхийн аварга, Украйны бөх Когут Олександраг ялжээ.

Харин 55 кг-д өрсөлдсөн С.Бямбацэрэн эхний тойрогт мөн л гоц мөргөж, дараа нь Чех, Румыны тамирчдыг буулган авсан бол олимпийн эрхийн төлөөх барилдаанд Беларусын Сидакова Залинаг хожсон байна. Тэгвэл 72 кг-д хүч үзсэн Гавьяат тамирчин О.Бурмаа Польш, Энэтхэгийн бөхчүүдийг дараалан сөхрүүлж, шийдвэрлэх барилдаанд Норвегийн тамирчныг ялснаар Лондонгийн олимпийн эрхээ өвөртөллөө.  

Манай гурван тамирчин гурвуул удахгүй аваргын алтан медалийн төлөө барилдах гэж байна.

Сануулахад, тэмцээний эхний өдөр буюу өнгөрсөн баасан гаригт болсон эрэгтэйчүүдийн тэмцээний 74 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ П.Өнөрбат жиндээ түрүүлж, Лондонгийн олимпод өрсөлдөх эрхтэй болсон билээ. 

НЭМЭЛТ /2012.04.29 21:15 цаг/:

Аваргын төлөөх барилдаанд шалгараад байсан Монголын гурван тамирчнаас 48 кг-ын жинд ОУХМ Д.Отгонцэцэг, 72 кг-д Гавьяат тамирчин О.Бурмаа нар жиндээ аваргаллаа. Харин 55 кг-ын жинд С.Бямбацэрэн мөнгөн медаль хүртэв.

Д.Отгонцэцэгийн тухайд аваргын төлөө Беларусийн тамирчин Ванеса Калазинскаяг 3-3; 4-0 харьцаатай ялсан бол О.Бурмаа гавьяат Молдавын Светлана Саенког 1-0; 1-0 оноогоор дийлсэн байна. Харин С.Бямбацэрэн 55 кг-ын жинд алтан медалийн төлөөх барилдаанд БНАСАУ-ын бөх Хан Кум Окт 3-1; 4-1-ээр ялагджээ.

Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид ийнхүү олимпийн зургаан эрхтэй болоод байна. Өнгөрсөн жил Туркийн Стамбулд болсон ДАШТ-ээс эрэгтэйчүүдийн 120 кг-д ОУХМ Ж.Чулуунбат, эмэгтэйчүүдийн 63 кг-д Гавьяат тамирчин О.Насанбурмаа нар эрхээ авсан бол өмнөд хөршийн Тайюань хотноо өнгөрөгч өдрүүдэд болсон олимпийн сонгон шалгаруулах тэмцээнээс П.Өнөрбат /эрэгтэй, 74 кг/, Д.Отгонцэцэг /эмэгтэй, 48 кг/, С.Бямбацэрэн /эмэгтэй, 55 кг/, О.Бурмаа /эмэгтэй, 72 кг/ нарын дөрвөн бөх олимпийн эрхийн болзол хангалаа.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж