БНХАУ Өмнөд Суданд тусална

Хуучирсан мэдээ: 2012.04.29-нд нийтлэгдсэн

БНХАУ Өмнөд Суданд тусална

Хятадын Засаг захиргаа Өмнөд Судан улсад дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэхэд нь зориулж найман тэрбум ам.долларын туслалцаа үзүүлэхээр шийдсэн талаар France presse мэдээлэв.

Өмнөд Суданы Ерөнхийлөгч Сальва Киир Хятад улсад айлчлал хийсэн бөгөөд айлчлалын хүрээнд дэд бүтцийг хөгжүүлэх хэлэлцээ  хийсэн талаар Өмнөд Суданы Засаг захиргаанаас бямба гаригт албан ёсоор мэдэгдсэн байна. Африкийн шинээр тусгаар тогтносон улсад зам гүүр барих, хөдөө аж ахуйг хөгжүүлэх болон харилцаа холбооны төслүүдийг хэрэгжүүлэхэд ойрын хоёр жилд Хятад улс туслахаар болсон аж. Төслүүдийг хэрэгжүүлэхэд Хятадын компаниудыг ажиллуулахаар хоёр тал тохирсан гэнэ. ВВС агентлагаас Хятад улс Өмнөд Суданд газрын тос дамжуулах хоолой барих ажлыг санхүүжүүлж магадгүй гэж мэдээлж байсан ч Сальва Киирийн Хятадад хийсэн айлчлалын талаар мэдэгдсэн мэдэгдэлд энэ талаар дурдаагүй байна. Өнгөрсөн оны долдугаар сард тусгаар тогтнолоо зарласан Өмнөд Судан улсын төсвийн гол орлого нь газрын тосны олборлолт юм. Харин газрын тос дамжуулах хоолой нь Судан улсаар дамждаг бөгөөд Судан улс газрын тосыг Энэтхэгийн далайн боомт хотууд руу дамжуулахдаа өндөр үнэ хэлсэн ажээ. Тиймээс Өмнөд Судан өөрийн дамжуулах хоолойг барихаар шийдээд байгаа гэнэ.

Судан болон Өмнөд Судан улсын газрын тосны томоохон худалдан авагчдын нэг Хятад улс Судан улсад газрын тос дамжуулах хоолойд хэдэн сая долларын хөрөнгө оруулж байсан юм. Түүнчлэн хоёр Суданы хооронд болж байгаа зэвсэгт мөргөлдөөнийг намжаахын тулд Хятадын Гадаад хэргийн яамнаас энэ дөрөвдүгээр сарын 25-нд тусгай элч илгээхээ зарласан байна. Элч хоёр Суданыг хүчирхийллээ зогсоох хэлэлцээний ширээнд урих арга хэмжээг авах юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж