Гэрэлт Гэнжийн гунигт төгсгөл

Хуучирсан мэдээ: 2012.04.29-нд нийтлэгдсэн

Гэрэлт Гэнжийн гунигт төгсгөл

Дэлхийн анхны роман Монголын тайзнаа жүжиг болон амиллаа. Японы зохиолч Мүрасаки Шикибүгийн “Гэнжийн туульс” романаас сэдэвлэн бичсэн “Эсрэг дурлал” драмын жүжиг энэ сарын 27, 28-нд нээлтээ хийн, үзэгчдийн хүртээл болоод байна. Хоёр өдөр нээлтээ хийсний учир нь тус жүжгийг УДЭТ-ын жүжигчид хоёр өөр бүрэлдэхүүнээр тоглон, үзэгчдэд хүргэж байгаа юм.  Өчигдөр хоёр дахь бүрэлдэхүүн драмын тайзнаа амилсан шинэхэн бүтээлийг толилууллаа. “Эсрэг дурлал” жүжгийн Гэрэлт Гэнжид жүжигчин Б.Тамир, хаанд М.Түвшинхүү, Фүжицүбо хатанд С.Отгонцэцэг, их хатанд Б.Болормаа, нэгдүгээр шивэгчинд Б.Нармандах, хоёрдугаар шивэгчинд жүжигчин Ц.Баясгалан, үзэсгэлэнт бүсгүйд Г.Отгонцэцэг, Б.Одончимэг нар тоглосон байв.

Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд энэхүү жүжгийг тавьж байгаа бөгөөд жүжгийн найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, зураглаачаар Соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Д.Түвшинсайхан нар ажиллажээ. Уг романыг монгол хэлнээ О.Жаргалсайхан орчуулж, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч, зохиолч Б.Галаарид жүжгийн зохиолын хэлбэрт оруулан бичсэн юм.  “Гэнжийн туульс” роман нь Японд бол “Монголын нууц товчоо”-той  дүүцэхүйц бүтээл гэгддэг. Япон хүн бүр энэхүү туульсыг мэддэг, маш их хайрладаг бөгөөд дэлхийн 30 оронд орчуулагдсан, хайр дурлалын хамгийн анхны роман гэдгээрээ алдартай билээ.

…Японы Кирицүбо хаан ордныхоо нэгэн бүсгүйд ухаангүй дурлажээ. Бүсгүй ч түүнд хязгааргүй хайртай агаад тэдний дундаас нэгэн хүү мэндэлснийг Гэнжи хэмээн нэрлэжээ. Гэнжи хүүг багад ээж нь хүнд өвчний улмаас насан хутгыг олдог. Үнэн хэрэгтээ тэрээр жам ёсоороо үхээгүй бөгөөд өөрт нь өрсөлдөгч гарч ирсэнд атаархсан их хатан өөрийн шивэгчнээр дамжуулан түүнд хор өгөн үхүүлсэн байна. Бүсгүйд ухаангүй хайртай байсан хаан хоол унднаас гарч, сэтгэл санаагаар унан, төрийн ажлыг цалгардуулах болсноор ордныхон бүрлээч бүсгүйтэй усны дусал мэт адилхан Фүжицүбо хэмээх бүсгүйг хааны бага хатан болгосон нь түүний гунигийг тайлав.

Цаг хугацаа улиран одож, Гэнжи хүү харсан хүний хайр булаахаар сайхан залуу болжээ. Бүгд түүнийг “Гэрэлт Гэнжи” хэмээн нэрлэнэ. Бүсгүй хүн бүрийг харцыг булаан, хайр дурлалын баатар болсон Гэнжи гэтэл хаан аавынхаа бага хатан, хойд ээж Фүжицүбо хатанд ухаангүй дурлан, түүнээс өөрийг бодох сөхөөгүй болж орхилоо. Тэдний энэ харьцаа нэг л мэдэхэд ордноор тархан, хааны сонорт хүрэв. Хаантан энэ үед хүүдээ хатуу сануулга өгч, “Фүжицүбо хатантай зөвхөн эх үрийн холбоотой байх ёстой”-г нь анхааруулаад өнгөрлөө. Гэрэлт Гэнжи гэлээ ч энэ бүхнийг дуусгахыг хүссэнгүй. Фүжицүбо хатанд ухаангүй дурласан Гэнжи бага хатан дээр дахин очлоо.

Хэрэг явдал буруугаар эргэж байгааг мэдэрсэн Фүжицүбо элдвийн хар ордноор тэнэхээс сэрэмжлэн, түүнээс зайгаа барихыг оролдовч Гэнжи амиа хорлоно хэмээн “сүрдүүлэх” болов. Үнэн хэрэгтээ хатан ч гэсэн Гэнжид чин сэтгэлээсээ хайртай байлаа. Тэр хаантан өөрийг нь бүрлээч хатантай нь адилхан болохоор түүнийг сэтгэлээ тайвшруулах төдийхнөөр хайрладаг гэж боддог ажээ. Гэлээ ч хатан, хүү хоёрын хайр сэтгэлийн холбоо холыг туулахгүй тул Фүжицүбо хатан Гэнжигээс холдох ёстой хэмээн өөртөө тушаалаа.

Нэгэн өдөр Гэнжиг бага хатны өргөөнд байхад нь Хаан аав нь харж олоод, улмаас учир байдлыг ухаж мэдэхдээ түүнийг хааны ордноос гаргах тушаал буулгаж орхив. Ийм үед хүүдээ үүнээс ч хатуу шийтгэл өгөх байсан ч хатуурхаж чадаагүй хаан эцэг нь түүнийг “Бусдын нүднээс ангид бай” хэмээн захиад ордноос явууллаа.

Хааны ордноо орхисон Гэнжи  Фүжицүбо хатныг мартах гэж олон сайхан бүсгүйчүүдийг ээлж дараалан сольж уулзан, тэр ч бүү хэл хөгшин ноёны залуу хатантай амраглах хэдий ч хэн ч түүний таалалд нийцсэнгүй. Ингээд хэсэг хугацааны дараа тэр Фүжицүбо хатантай уулзахаар Хааны ордныг зорилоо.

…Фүжицүбо хатан хөл хүнд болжээ. Фүжицүбо хааны хүү Гэнжигийн хүүхдийг тээж байгаа гэнэ… Ордонд хэдийнэ ийм яриа тархсан байлаа.

Энэ бүхэн нэг мэдэхийн Их хатны чихэнд хүрч, тэрбээр хаан төрийн нэр хүндэд сэв суулгахуйц эл явдлыг нуун дарагдууллаа хэмээн Гэнжийн шивэгчинд өөрийн шивэгчнээр дамжуулан хор өгч амийг нь бүрэлгэж орхив. Түүгээр зогсохгүй өөрийн шивэгчнээр ч мөн хордуулан хөнөөдөг байна. Ингээд түүний Гэнжи, Фүжицүбо хатан хоёрыг илчлэх гэсэн арга нь дууссангүй. Нэгэн удаа Фүжицүбо хатантай нууцаар уулзан, ордонд тархсан яриа үнэн гэдгийг өөрөөр нь илчлүүллээ. Их хатны зүгээс Фүжицүбо хатанд Гэнжийн нэр төрийг авраад өөрөө үхэх, эсвэл Гэнжигийн хамт ард олны өмнө бүх үнэнээ илчилж, хатуу шийтгэл хүлээх гэсэн хоёр замын нэгийг сонгохыг тулгасан байв.

Их хатны тушаалыг дагахаас аргагүйд хүрсэн Фүжицүбо хатан Гэнжийг аврахаар шийдэн, амиа хорлохоор хор уусан байлаа. Хэдийгээр түүнийг амь тавихаас өмнө Гэнжи ордонд амжиж ирсэн ч аврах ямар ч боломж үлдээгүй байв. Хайртай бүсгүйгээ алдсан Гэнжи ч мөн энэ үед амьд үлдэхийг хүссэнгүй. Тэр Фүжицүбо хатны адил хор зооглож, амьсгал хураав. Хааны ордон уйтгар гунигт автжээ. Аллага, аймшигт хорлол, бас хайр дурлалын чин үнэнч түүх… Хааны ордныхон дурлалт хосуудын харамсалтай түүхийг нуухын тулд шинэ домог зохион, тэднийг хүндэтгэлтэйгээр оршуулан, сүүлчийн замд нь үдлээ…

"Эсрэг дурлал" жүжгийн хэсгээс

 “Эсрэг дурлал” жүжгийг тавдугаар сарын 4, 5, 6, 11, 13-нд 19.00 цагаас тус тус УДЭТ-ын тайзнаа дахин тоглоно. 

Г.Даша

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж