
МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах процесстой холбогдуулж УИХ дахь МАН-ын нэр бүхий гишүүд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах төслийг дөрөвдүгээр сарын 16-ны өдөр өргөн мэдүүлснээс хойш арав гаруй хоногийн дараа буюу өнгөрсөн баасан гаригт /IV.27/ шөнийн 02.00 цаг өнгөрч байхад Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг авч хэлэлцсэн юм.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурц, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ц.Сандаг-Очир, АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбат нарын албаны хүмүүс оролцсоны зэрэгцээ сайд Ц.Нямдорж ч хуралдаанд сууж, байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрбээр, “Хууль зүй, дотоод хэргийн сайд нь баривчлах үйл ажиллагаанд оролцдоггүй. Тэр тусмаа гишүүдийн холбогдуулж яриад байгаа сэжигтнийг баривчлах үйл ажиллагаа бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар явагддаг. Энэ хуулийн эх нь Эрүүгийн хууль. Эх хуулийг хэрэгжүүлдэг технологийн хууль болох Эрүүгийн байцаан шийтгэх хуульд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцох эрхтэй субъектүүдийг зааж өгсөн байдаг. Уг ажиллагаанд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Ерөнхий сайд, өөр хэн нэгэн сайд оролцох ямар ч эрхгүй. Авлигатай тэмцэх газрын явуулсан ажиллагаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйл заалтын дагуу явагдсан. Тус газар нь албадан ирүүлэх саналаа прокурорт гаргаснаар шүүхийн захирамж гаргаж хийсэн ажил. Сүүлд гэрээс нь аваачсан ажиллагаа бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 74 дүгээр зүйлийн дагуу хийгдсэн. Түүнд “Байцаалтад ирэхгүй бол албадан ирүүлэх шийдвэрийг шүүгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гаргаж, цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэсэн байдаг. Тэгэхээр би энэ ажиллагаанд оролцох ямар ч бололцоогүй. Хэрэв би ямар нэгэн хэлбэрээр энэ хэрэгт оролцоод эхэлсэн бол харин жинхэнэ хууль зөрчсөн үйлдэл болох байсан” гэж мэдэгдсэн юм.
Харин “Баривчлах үйл ажиллагаа болж байхад Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдээгүйгээр барахгүй яагаад унтаж байсан юм бэ” гэх гишүүний асуултад тэрбээр хариулт өгөхдөө “Цагдаагийн ерөнхий газрын дарга Ц.Сандаг-Очир 21.30 цагийн үед баривчлах ажиллагаа явагдаж байна гэж надад утсаар мэдэгдсэн. Би хариуд нь ”Байцаан шийтгэх үйл ажиллагаа явагдаж байгаа учраас та нар тус тусынхаа чиглэлээр үүргээ гүйцэтгэ. Харин хүний эрүүл мэнд хохироож, эмх замбараагүй байдал үүсгэж болохгүй шүү!” гэж хэлээд утсаа тавьсан” гэсэн юм. Ийм хариулт өгснөөрөө тэрбээр унтаж байсан гэх өмнөх тайлбараа хэвлэлийнхэн рүү “чихэж” амжсан билээ. Сайдын өөрийнх нь тодотгосноор “Унтаж босоод” гэж хэлснийг нь хэвлэлийнхэн андуурсан гэнэ. Гэвч дээрх баривчлах процесстой холбоотойгоор дөрөвдүгээр сарын 13-нд УИХ дахь МАН-ынхан мэдээлэл сонсох үед сайд Ц.Нямдорж “Ийм баривчилгаа болох гэж байгааг, бас болсныг мэдээгүй. Өглөө нь мэдсэн” гэдэг тайлбар өгснийг бүлгийн дарга Ө.Энхтүвшин сэтгүүлчдийн асуултад хариулт өгөхдөө хэлж байсныг хэвлэлийнхэн мартаагүй тул худраггүй, худалч Хууль зүйн сайдтай гэдгээ нэгмөр хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрсэн билээ. Ийнхүү асуулт, хариулт үргэлжилсээр эцэст нь “Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулахыг дэмжиж байна уу” гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад Ардчилсан намын бүлгийн гишүүдийн найм нь дэмжиж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон 17 гишүүний ес нь Ц.Нямдорж сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд ганцхан хүний саналын зөрүүгээр ийнхүү огцруулах асуудал дэмжлэг авч чадаагүй юм. Ядахад тус байнгын хорооны гишүүдийн бүрэлдэхүүнд огцруулах төсөл мэдүүлсэн гишүүд байдаггүй нь нөлөөлсөн ч байж болох юм.
Ингээд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дууссаны дараа үргэлжлүүлэн чуулганы нэгдсэн хуралдаан зарласан ч, тус байнгын хорооны дарга Д.Одбаяр танилцуулгаа оруулж ирэх гэж нэлээд цаг алдав. Харин энэ хооронд Ардчилсан намын бүлгийн гишүүдийг бүртгэх ажиллагаа үргэлжилсээр байв. Улмаар чуулганы нэгдсэн хуралдаан шөнийн 04.00 цагийн орчимд эхлэхэд гуравдагч хүчнийхэн болох УИХ-ын гишүүн Д.Энхбат, С.Оюун, З.Алтай нарын суудал эзгүй байлаа. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан зарласан л бол хуулиараа гишүүн бүр шөнийн хэдэн ч цаг болж байсан оролцох учиртай. Гэвч Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудалд анхааралтай хандана, тэр тусмаа энэ Засгийн газар Оюутолгой, Тавантолгой гээд маш олон асуудлыг ард түмэндээ ашигтайгаар шийдвэрлэж чадаагүй, юу ч хийгээгүй гэх ярилцлагыг хэдхэн хоногийн өмнө өгч, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байсан гишүүн Д.Энхбат энэ үдшийн хуралдаанд ирсэнгүй. Хэдийгээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг, МАН-ын бүлгийн гишүүдийн ирц аль аль нь өндөр байсан тул чуулганыг хуралдуулж болох боломжтой ч санал хураалт явуулахад олонхийн талд шийдвэр гарах нь тодорхой байсан тул цөөнхийн бүлгийн дарга завсарлага хүсэхээс аргагүйд хүрсэн юм. Тиймээс Ч.Сайханбилэг дарга “Энэ асуудлаа ирэх долоо хоногийн даваа гаригт үргэлжлүүлэн хэлэлцье. Шөнө дөлөөр асуудлыг хэлэлцэх нь хаа хаанаа хар төрүүлнэ. Нөгөө талаас цөөнхийн бүлгийн гишүүд асуудалд хүлээцтэй хандаж шөнийн 04.00 цаг хүртэл хүлээж, чуулганы хуралдаандаа оролцсон. Хууль зүйн байнгын хорооны дарга асуудлаа оруулж ирэх гэж нэлээд цаг алдлаа. Тийм учраас Ардчилсан намын бүлгийн гишүүдээс уучлал гуйх ёстой шүү” гэдгийг сануулснаар тус бүлгийн гишүүд чуулганы танхимыг орхисон юм. Олонхийн бүлгийн гишүүд сайдаа авч үлдэх асуудлыг нэгмөр шийдвэрлүүлж чадаагүйдээ бухимдан “Мөнгөний асуудал хэлэлцэх байсан бол та нар завсарлага авахгүй л байсан шүү дээ” гэх мэт хорон үгийг чулуудсаар энэ шөнийн чуулганы хуралдааныг өндөрлүүлэхээс аргагүйд хүрсэн билээ. Гэхдээ эл асуудлыг маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн эцэслэх учиртай. Энэ үед парламентад гуравдагч хүчний орон зайг эзлэн сууж буй УИХ-ын гишүүн З.Алтай, Д.Энхбат, С.Оюун нарын кноп чухал үүрэг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, тэд олонхийн бүлгийн талд кноп дарах уу, эсвэл огцруулахыг дэмжиж гар өргөх үү гэдгээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудал шийдэгдэнэ.