Малайзад болсон жагсаалыг хүчээр тараажээ

Хуучирсан мэдээ: 2012.04.29-нд нийтлэгдсэн

Малайзад болсон жагсаалыг хүчээр тараажээ

Малайзын Куала-Лампур хотноо бямба гаригт болсон олон мянган хүний жагсаалыг Малайзийн цагдаа нар нулимс асгаруулах хий хэрэглэн тараасан талаар РИА Новости мэдээлжээ.

Малайзын нийслэлийн төв талбайд Засаг захиргаагаа эсэргүүцэн жагссан олон арван мянган жагсагчид сонгуулийн системийг өөрчлөхийг шаардсан байна. Ирэх зургадугаар сард Малайзид парламентын сонгууль болох бөгөөд одоо засгийн эрх барьж байгаа Үндэсний Фронт эвсэл нам сонгуульд дахин нөлөөлж магадгүй гэж сөрөг хүчин үзэж байгаа юм. Жагсагчид мөн сонгогчдын нэрсийн жагсаалтыг нягталж, сонгуулийн дүнг ил тодоор тоолохыг шаардсан ажээ.

Малайзын цагдаа нар жагсаалд 25 мянган хүн оролцсон гэж мэдээлсэн бол Малайзын мэдээллийн “Malaysiakini” агентлагаас бараг 100 мянган хүн жагссан хэмээн мэдээлжээ. Эхний хэдэн цагт жагсаал тайван байсан хэдий ч зохион байгуулагчид жагсаал тарах боллоо гэж хэлсний дараа хүмүүс Куала-Лампур хотын төв талбай руу дайрч эхэлсэн байна. Талбайг цагдаа нар хамгаалж байсан бөгөөд хүмүүсийг тараахын тулд нулимс асгаруулах хий хэрэглэн, ус шүршсэн  гэнэ. Гэрчүүдийн хэлснээр 20 гаруй хүнийг цагдаа нар баривчилсан аж. Харин Малайзын Засаг захиргааны төлөөлөгчийн мэдэгдсэнээр жагсагчид сонгуулийн системийн алдаатай талыг хэт дөвийлгөсөн гэжээ. “Сонгуулийн системд сул тал байгааг бид мэднэ. Тиймээс энэ удаагийн сонгуулийг түүхэнд хамгийн эрх чөлөөт болон шударга хийхийн тулд сонгуулийг өөрчлөх багц хуулийн төсөл боловсруулсан” гэж Малайзийн Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгдсэн байна. Бямба гаригт болсон энэ жагсаал нь сүүлийн хэдэн жилд байгаагүй том жагсаал болсон аж. Өнгөрсөн оны долдугаар сард болсон жагсаалд 20 мянга орчим хүн оролцсоноос 900 гаруй хүнийг цагдаа нар баривчилсан байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж