Хунтайжийн даруухан баяр

Хуучирсан мэдээ: 2012.04.29-нд нийтлэгдсэн

Хунтайжийн даруухан баяр

Кембрижийн гүн, хунтайж  Уильям болон Кейт Миддлтон нар өнөөдөр хуримынхаа нэг жилийн ойг тэмдэглэх бөгөөд тэд ямар нэгэн сүр дуулиантай баяр зохиохгүй гэж мэдэгдсэн талаар Хааны ордны хэвлэлийн төлөөлөгч хэлжээ. 

Хуримынхаа ойн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэхээр Хунтайж  Уильям болон Кейт Миддлтон нар шийдсэн байна. Нэг жилийн өмнө, 2011 оны дөрөвдүгээр сарын 29-нд болсон хосуудын хуримыг Их Британид төдийгүй дэлхийн олон оронд дамжуулан үзүүлсэн юм. Лондон хотын Вестминстерийн сүмд болсон тэдний хуримыг хоёр тэрбум гаруй хүн зурагтаар үзсэн бөгөөд хуримын ёслолыг Лондон хотын гудамжинд нэг сая 500 мянга гаруй хүн баяр хөөртэйгээр тэмдэглэсэн гэдэг.  
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд 29 настай Кембрижийн гүн, Хунтайж  Уильям болон 30 настай Кейт Миддлтон нарын нэр хүнд өссөөр байгаа юм. Тэд хааны гэр бүлийн амьдралд дасч, олон нийтийн болон хүмүүнлэгийн арга хэмжээнд идэвхитэй оролцож байгаа билээ.

Хунтайж  Уильямыг хүүхэд ахуй цагаас нь хааны гэр бүлийн амьдралд бэлдсэн бол Кейт Миддлтоны үйл хөдлөлийг өнгөрсөн 12 сарын хугацаанд олон мянган хүмүүс болон сэтгүүлчид ажиглаж байлаа. Энэ хугацаанд тэр нэг ч удаа алдаа гаргаагүй бөгөөд түүний үг хэл, хувцаслалт, биеэ авч соёл гээд олон давуу тал бүсгүйчүүдийн үлгэр дууриал болсоор байгаа юм. 

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж