Шударга байцгаах хөрс

Хуучирсан мэдээ: 2012.04.29-нд нийтлэгдсэн

Шударга байцгаах хөрс

Н.Энхбаяр АТГ-т баривчлагдлаа. Хаанаас яаж хөрөнгөтэй болсон нь үл мэдэгдэх хүмүүсийн нэг Төв аймгийн урьдчилан хорих төвд тусгай хоол идээд сууж байгаа тухай мэдээ хэвлэлээр гарав. Нарсанд ч бас гайхуулж болдог аж. Харин нарны амьдрал ямар ч тусгай зүйлгүйгээр ая зөнгөөрөө бужигнаж байна.

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн V хорооны иргэн, ахмад настан Б.Дашдаваа гуай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос “Монголын ард түмний үнэнч хүү, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, бидний хайрт удирдагч, соён гэгээрүүлэгч, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаярыг…” суллахыг шаардан ил захидал бичжээ. Харин “Шударга иргэдийн төлөөлөл”, “Амлалт”, “Эрүүл нийгэм”, “Шударга ёс”, “Өнөөдрөөс сайхан маргааш” ТББ-ууд “Ерөнхийлөгч асан “Авлигын загалмайлсан эцэг” гэгдэх Н.Энхбаярыг албан тушаалаан ашиглан, өмч хөрөнгө шамшигдуулсан гэмт үйлдэлд буруутган шалгахаар цагдан хорьсон нь хууль, шүүхийн системд шинэ өөрчлөлтийг хэрэгжүүлэх, өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох, төрийн албыг цэх шударга болгох үүд хаалга нээгдлээ гэсэн урам зориг, олон түмэнд итгэл найдвар төрж байна” хэмээн Ц.Элбэгдоржид талархал илэрхийлжээ.

Гэвч үүнийг Н.Энхбаяраас айсандаа хийсэн МАН-ын явуулга гэж сэтгүүлч Л.Мөнхбаясгалан твиттертээ жиргэсэн байна. Мөн Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан ч дээрх талархлыг “…энэ бол зохион байгуу­лалттай, арга ядар­сан, олон ний­тийн анхаарлыг өөр зүгт чиглүүлэх гэсэн явуур­гүй оролд­лого” гэж тодорхойлсон байх юм. Шударга ёс тогтохын түрүүч гэмээр дээрх баривчилгааны гавьяаг АТГ-аас өөр өөртөө зүүх эзэн олдохгүй бололтой. Бүр чин сэтгэлийн талархал нь ч эзэнгүйдэх янзтай. Бид шударга ёсноос ингэтлээ цэрэвдэг болсон гэж үү?

Хүн төрөлхтөн чухам энэ шударга ёс гээчийг хайсаар өнөөг хүрэхдээ гагцхүү хууль цаазаар дамжуулан түүнийг бодижуулж болно гэдгийг олж мэджээ. Гэвч гагц хууль баталсан төдийгөөр шударга ёс тогтох нь үгүй аж. Түүнийг мөрдүүлэх гэж лут ажил бий. Үүнийг нь Хууль зүйн яам зэрэг төрийн институци хэрэгжүүлдэг. Хуультай, яамтай байтал хүн бүрт адил тэгш үйлчлэхгүй байх нь захаас аван гарна. Эндээс л ард түмэн шударга ёсыг нэхдэг.  

Ц.Элбэгдорж 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд “Шударга байцгаая” гэдэг уриатайгаар оролцож ялалт байгуулснаасаа хойш энэ талаар чамгүй ажил хийсэн санагддаг. Яг жилийн өмнө “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” чуулганыг хуралдуулж байлаа. Төрийн ордонд хоёр хоног үргэлжилсэн чуулганаар шүүхийн асуудлыг олон талаас нь хэлэлцсэн ч зарим хүнд шүүх, цагдаад шинэчлэл хэрэгтэй эсэх нь төдийлөн сонирхолтой бус байлаа. Хүн өөрийнх нь амьдралд тулгараагүй, тохиолдоогүй зүйлийн наад цаадыг төдийлөн сонирхоод байдаггүй мөн чанартай аж.

Харин энэ хавар өрнөсөн хоёр том үйл явдал цагдаа, шүүхэд шинэчлэл гарцаагүй хэрэгтэй юм байна гэдгийг элдэв тайлбаргүйгээр энгийн ардад ойлгуулж өгөв бололтой. 7 сарын 1-ний хэрэгт холбогдуулан шалгасан цагдаагийн дарга нарын шүүх хурлыг тойрсон явдал шүүхийг яаж хүчгүйдүүлж болдгийг бидэнд тодорхой харууллаа. АН-ын зарим гишүүд тэр дундаа, Х.Тэмүүжин дээрх хэрэгт холбогдолтой олон зүйлийг нийтэд ил болгосон. Хэн тушаал өгч, хэн нь хэнд буу сум тарааж, хэн хэн түүгээр буудсан нь тодорхой байсаар атал энэ хэргийг улстөржүүлсээр байгаа гэдгийг Х.Тэмүүжин хэлсээр байгаа юм.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг “Шийдэж ядах зүйлгүй. Тэр бүү хэл, тухайн өдөр цагдаагийн 16 албан хаагчид буу тараасан. Түүний ес нь сум тавьсан гэдэг нь тогтоогдсон зүйл шүү дээ” гэж хэвлэлд ярьсан нь ч бий. Шүүхийн танхимаас гадуур энэ бүхэн ил доторхой атал шүүхийн танхимаас сэжигтнүүд нь түргэний тэргээр эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт очоод хэвтчихэж байна. Харин 7 сарын 1-ний үймээнд оролцсон хэргээр 275 хүн шүүхээс ял сонссон бөгөөд тэдний шүүх хурлыг бөөн бөөнөөр нь яралзтал хийж болоод байсан билээ. Ардын хүүхдийг шүүгээд шорон дүүргэж дөнгөсөн шүүх өнөөдөр дарга даамлуудыг шүүхийн танхимд удаан суулгаж ч чадахгүй юм.

Үргэлжлэлийг ТОЙМ сэтгүүлийн IPAD дээрх хувилбар болон Үндэстний Тойм сэтгүүлээс хүлээн авч уншина уу

Д.БАТБАЯР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж