Данзанравжаа өөрийн төрөлх говь дахь чинадын эрчим оршсон хий бод ертөнцөд хувилгаан эрдмээрээ нэвтэрч, уул ус ургамал чулуу хийгээд амьтны аймаг, эрдэнэт хүмүүний бүтээл оюун санаа нэгэн бүхэл цогц ертөнц болохыг танин барьж улмаар Шамбал хэмээх нууцын орныг төрөлх говь нутагтаа нээж буй суу гайхамшигт билиг эрдмийг нь зохиолч романыхаа гол шугам болгож өгүүлжээ.
Шамбалын нууц оршсон хутагтын эрдмийн өвийг авч үлдэхийн төлөө 1937 оны хэлмэгдүүлэлт, шашин соёлыг хааж боосон хуучин тогтолцооны хүнд бэрх хавчилт хаалт боолтын дундуур амь биеийг үл хайрлан тэмцэж 1990 оны ардчилсан хувьсгалтай золгуулж чадсан тахилч О.Түдэвийн амьдралын нууцлаг, бишрэм түүхийг романы үйл явдалтай сүлэлдүүлэн өгүүлжээ.
Будда болон Ловон Бадмажунай тэргүүт дээд Богдос нараас эши үндэстэй нууц тарнийн судал, хий, дуслын бясалгалаар чинадын нууцад нэвтэрч дээд оюуны далд увдисыг Монголын говь нутагт төгөлдөржүүлэн оньсолсон хийгээд нүүдэлчин Монголчууд соёл, эрдэм ухааны өвөө хүнээс хүнд, цагаас цагт уламжлан хойч үедээ илгээж буйг Ноён хутагт Данзанравжаагийн түүхэн баримтат үйл амьдралаар дамжуулан задлан шинжилсэн уг романы онцлог ажээ.
Зохиогчийн тухай:
Г.Мэнд-Ооёо нь яруу найраг, хүүрнэл зохиол, нийтлэл, судалгааны олон ном бичсэн бөгөөд түүний бүтээлүүд нь дэлхийн 40 шахам хэлнээ орчуулагдан уншигчдын хүртээл болжээ.
Хүүрнэл зохиолын төрлөөр бичсэн “Алтан Овоо” хөлгөн судар нь 1993, 2002, 2007, 2010 онуудад хэвлэгдсэнээс гадна англи хэлнээ орчуулагдан гарчээ. Шашин соёлын сэдвээр “Билгийн мэлмий нээгч” /1996/, “Алтан-Овооны алтан шастир” /2008/ зэрэг ном нь нийтийн хүртээл болж байжээ.
Г.Мэнд-Ооёогийн Францын зохиолч Патрик Фишмантай хамтарч бичсэн Монгол цэцэн билигт ардын үлгэрт үгүүллийн ном нь энэ 2012 онд франц хэлээр Парис хотноо хэвлэгдсэн байна.