М.Уранцэцэг Азийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2012.04.29-нд нийтлэгдсэн

М.Уранцэцэг Азийн аварга боллоо

Узбекистаны нийслэл Ташкент хотноо болж буй жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид медалийн ургац хурааж, хоёр алт, хоёр мөнгө, таван хүрэл, нийт есөн медаль хүртэж, шар тивийн 26 орон зодоглосон тус тэмцээнд багийн амжилтаар гуравдугаар байрт шалгарчээ. Өнөөдөр манай тамирчид багийн тэмцээнд зодоглоно.

Тэмцээний эхний өдөр буюу баасан гаригт Монголын баг тамирчдаас ОУХМ П.Лхамдэгд /эмэгтэй, -78 кг/ алт, ОУХМ Ц.Мөнхзаяа /эмэгтэй, 63 кг/ мөнгө,  Ц.Наранжаргал /эмэгтэй, 70 кг/, С.Мияарагчаа /эрэгтэй, 66 кг/ нар хүрэл медаль хүртсэн бол өчигдөр болсон хоёр дахь өдрийн барилдаанаас дахин нэг тивийн аваргатай боллоо. Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох 48 кг-д зодоглосон ОУХМ М.Уранцэцэг аваргалсан бол 52 кг-д Гавьяат тамирчин М.Бундмаа мөнгө, 57 кг-д Д.Сумъяа, эрэгтэйчүүдийн -100 кг-д Б.Тэмүүлэн, +100 кг-д Н.Батсуурь нар тус тус хүрэл медаль хүртсэн байна.

“Лондон-2012” олимпийн наадмын эрхийн оноо олгох сүүлчийн тэмцээн болох ААШТ-ээс аваргуудад 180 оноо, мөнгөн медаль хүртсэн тамирчдад 108, хүрэл медалийн эздэд чансааны 72 оноо олгох юм.


С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж