Узбекистаны нийслэл Ташкент хотноо болж буй жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 81, 90, -100, +100 кг, эмэгтэйчүүдийн 48, 52 ба 57 кг-ын жингийн барилдаан болж байна. Одоогоор хэсгийн барилдаан өндөрлөж, медалийн барилдах жүдочдын нэрс тодорсон бөгөөд энэ өдөр зодоглосон Монголын тамирчдаас эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ М.Уранцэцэг, 52 кг-д Гавьяат тамирчин М.Бундмаа нар аваргын алтан медалийн төлөө, харин эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Д.Сумъяа, эрэгтэйчүүдийн -100 кг-д ОУХМ Б.Тэмүүлэн, +100 кг-д ОУХМ Н.Батсуурь нар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болоод байна.
Харин 81 кг-ын жинд зодоглосон О.Ууганбаатар, 90 кг-ын жинд Э.Энхбат нар хэсгийн барилдаанд дийлдсэнээр тэмцээнээ дуусгажээ.
Медалийн төлөөх барилдаан Монголын цагаар 21.00 цагт эхэлнэ. М.Бундмаа гавьяат аваргын төлөө Японы тамирчин Юүка Нишидатай, харин М.Уранцэцэг Хятадын жүдоч У Шүгентэй барилдах юм. Түүнчлэн Б.Тэмүүлэн /-100 кг/ Японы Дайсүкэ Кобаяашитай, Н.Батсуурь /+100 кг/ Узбекистаны Адильён Тулендибаевтай, Д.Сумъяа /57 кг/ Хятадын Ван Хуйтай тус тус хүрэл медалийн төлөө барилдахаар болжээ.
Дашрамд сануулахад, Монголын жүдочид өчигдөр нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн билээ.
С.ЦЭЛМЭГ